Өнөөдөр 2020.04.15. Энэ оны 105 дахь өдөр бол он дуусахад 261 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 03 минутад мандлаа. 19 цаг 42 минутад жаргана.
Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -4 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр. Мөн Соёлын олон талт байдлыг дэмжих олон улсын өдөр юм. Хойд Солонгост өнөөдөр Нарны өдөр буюу Ким Ил Суны мэндэлсэн өдөр бол АНУ-д Жэйки Робинсоны өдөр тохиож байна.
Өнөөдөр Оросын нэрт дуучин Алла Пугачева, Английн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Эмма Томпсон, Америкийн дуучин Линда Перри, Данийн жүжигчин, дуучин Трине Дюрхолм, Пуэрто-Рикагийн дуучин, алдарт “Despacito”-г дуулдаг Луис Фонси, Их Британийн жүжигчин Люк Эванс, Канадын жүжигчин Сет Рожен, Эмма Ватсон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1928 оны энэ өдөр Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монгол банкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулжээ.
1930 оны энэ өдөр Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлэв.
2000 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг Монгол Улсад айлчилжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1912: Тухайн цаг үеийнхээ хамгийн том, хэзээ ч сөнөшгүй гэгдэж байсан Их Британийн зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоц Хойд Атлантын тэнгист мөсөн уул мөргөжээ. Хөлөг 2 цаг 40 минутын дараа бүрэн живжээ. Аврах завь, хантааз хангалтгүй байснаас болж зорчиж явсан 2227 хүнээс ердөө 710 нь л аврагдаж чадсан юм.
1923: Чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулинийг анх удаа ашиглаж эхэлжээ.
1989: Хятадын ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж байсан Ху Яобанг алагдсаны дараа Тианьанмень талбайн бослого Бээжин хотод эхэлжээ.
Энэ өдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, хүүхэд үрчилж авахад сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдуулахад таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )