
Өнөөдөр 2020.04.14. Энэ оны 104 дэх өдөр бол он дуусахад 262 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 04 минутад мандлаа. 19 цаг 41 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 2 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Анголд Залуусын өдөр бол Гүржид Гүрж хэлний өдөр тохиож байна.
Өнөөдөр Польшийн жүжигчин Пола Ракса, Их Британийн дуучин, хөгжимчин, “Deep Purple” хамтлагийн гишүүн Ричи Блэкмор, Шотландын жүжигчин Роберт Карлайл, Америкийн жүжигчин Сара Мишель Геллар, Эбигейл Бреслин, Оскарын шагналт Эдриен Броуди, Чехийн фото модель Вероника Земанова, Канадын спорт алхааны тамирчин, олимпын мөнгөн медальт Гуйлламе ЛеБланк, Шотландын хөл бөмбөгч Жеймс МакФадден зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1921 оны энэ өдөр Барон Унгерн 19-45 насны буриадуудыг цэрэгт татах тушаал гаргажээ. Ингэхдээ тушаалыг үл дагагсдыг хатуу ширүүнээр залхаан цээрлүүлэхээр зарласан байдаг.
1961 оны энэ өдөр Улаанбаатар дахь Үйлдвэрчний эвлэлийн хурлын танхимд АИХ-ын тэргүүлэгчид болон БНМАУ-ын Засгийн газраас БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад тусалсан хятадын 305 ажилчинд одон медаль, жуух бичиг олгох ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.
1965 оны энэ өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Сүхбаатарын районыг байгуулав. Хожим нь 1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болгон, шинээр зохион байгуулжээ.
2016 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1978 оны энэ өдөр Гүржийн нийслэл Тбилиси хотод гүрж хэлийг төрийн албан ёсны хэл болгохын төлөөх олон мянган хүнийг хамарсан жагсаал болжээ.
2003 оны энэ өдөр АНУ хүний генийн бүтцийн 99.99 хувийг тайлж чадсан байна.
Энэ өдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )