Прокуророос Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр нэр бүхий гишүүдийг шалгаж яллагдагчаар татсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр сард дээрх үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас парламентад хүргүүлж байв. Гэсэн ч парламентын олонх тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдэгдлээ.

Улсын ерөнхий прокурорын газраас өчигдөр /2020.04.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан. Улмаар тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Удахгүй хэргийг шүүхэд шилжүүлнэ" гэх тайлбарыг өглөө.

Харин өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэвлэлийнхэнд хандаж "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямар ч хамаагүй. АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй" гэх тайлбарыг өгч байлаа.

Түүнийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн, ингэхдээ барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан нь тогтоогдсон байдаг.

Ямартай ч прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдээллээ. Эндээс харахад УИХ-ын 2020 оны хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байгаа өнөө цагт дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор оруулж ирэх нь тодорхой боллоо. Нөгөө талд дээрх хоёр гишүүнийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж зээл авахад УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Тэрбээр саяхан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа юм. Учир нь, түүнийг хөдөө аж ахуйн салбарыг толгойлж байхдаа УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл олгосон хэрэгт буруутгаж, яллагдагчаар татаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.101) 2020 оны 04 сарын 09

Ulsiin Erunhii Purkuroo tur hej hundeldeggui UIH bgaad yana.Heregteng umuurdug l uls yum daa.Zailaisai.Sonfolt chuhal gej haragdaaf bna daa...

0  |  0
Иргэн(27.179.166.90) 2020 оны 04 сарын 09

БҮГД ХУЛГАЙЧ

1  |  0
Зочин(83.20.245.122) 2020 оны 04 сарын 09

I”m arhag hudalch buzar gishuudees salah heregtei

0  |  0
шударга иргэн(202.126.88.170) 2020 оны 04 сарын 09

уих.н гишүүд бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаад шүүхээр гэм буруугаа тогтоолгочих хэрэгтэй.нийгэмд ч зѳв хандлага тѳлѳвшинѳ

1  |  0
Top