"Казахстанаас оюутнууд ирж байгаатай холбоотойгоор олон хүнийг тусгаарласан"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдвар зөөвөрлөн ирсэнтэй холбоотойгоор өнөөдөр /2020.03.17/ Улсын Онцгой комисс хуралдлаа.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон УОК-ын гишүүд мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга Ө.Энхтүвшин “УОК-ын 12 дугаар хуралдаан хуралдлаа. Шинэ нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Нөхцөл байдлыг сонслоо. Баян-Өлгий аймагтай цахимаар холбогдож мэдээлэл авлаа. Казахстанаас оюутнууд ихээр ирж байгаатай холбоотойгоор олон хүнийг тусгаарласан байна. Баян-Өлгий аймагт 190 гаруй хүнийг ажиглалтад байлгаж байна. Францын иргэний биеийн байдал хэвийн байна. Хавьтагч нар нь эрүүл гарсан. Францаас иргэнээ авъя гэдэг хүсэлт тавьсан ч манай эмч нар тухайн иргэнийг Монголдоо эмчлээд явуулах бодолтой байна. Тиймээс шаардлагатай эмчилгээг хийж байгаа.  

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд ирсэн гурван иргэнээс халдвар илэрсэн. Сайтар нягтлах үүргийг өгч ажилласан. Халдвар авсан нь нотлогдсон. Бид үүргээ биелүүлж, Монгол Улсын иргэнээ эх оронд нь авчрах ёстой. Бид 700 гаруй иргэнийг эх орондоо авчирч, тусгаарлаад байна. Халдвар авсан иргэнээ эдгээх, халдварыг тархаахгүй байхад онцгой анхаарч байна. Нөхцөл байдлыг тооцоолж байсан. Өмнөх Франц иргэн шиг орон нутаг руу халдвар авсан иргэний хавьтагч нь явчихав уу, хаана байна гэх асуудал байхгүй. Халдвар авсан иргэнтэй хамт ирсэн иргэд нь тодорхой юм. Бүгдийг нь тусгаарлалтад авсан.

Хамгийн гол нь иргэд та бүхэн үнэн бодит мэдээллийг авах ёстой. Худал хуурмаг мэдээллээс зайлсхийх ёстой гэдгийг хэлье. Худал мэдээлэл коронавирусээс аюултай шүү.

Нэг хэлэх зүйл байна. Энэ халдвар авсан гурван хүн Монгол Улсын иргэд. Тиймээс ар гэрийнх нь тухай мэдээлэл гаргахгүй байх тал дээр анхаараарай. Мөн коронавирустэй холбоотойгоор улстөржсөн үйл ажиллагаа явуулах, худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна” гэлээ.


ШУУД ҮЗЭХ
 

 

Top