Коронавирусээр халдварласан нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвар, тархалттай холбоотой өнөөдрийн /2020.04.20/ ээлжит мэдээллээ хийлээ.


Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол илрээгүй. Та бүхэнд сайн мэдээ дуулгая. Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс тусгаарлалтад шилжлээ. Манай эмч нар эмчилгээний тактикаа зөв боловсруулж явж байгаа нь үр дүнд хүрч байна. мөн давтан хэлэхэд олон төрлийн шинжилгээг хийж, энэ нь эргээд түүхэн баримт бичиг болж үлдэх юм.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторийн шинжилгээгээр нийт 76 хүнээс халдвар илрээгүй. Мөн Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 56 иргэн, тандалтын зорилгоор хийсэн дөрвөн иргэнээс коронавирус илрээгүй.

Харин ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүнээс давтан шинжилгээ авахад 16 хүнээс нь халдвар илрээгүй. Нэг хүнээс коронавирус илэрлээ.  

Энэ халдвар авсан иргэн нь Москвагаас Улаан-Үүдэд ирээд, Улаан - Үүдээс Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан байна. Тухайн оюутан нь Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг оюутан. Төмөр замын дээд сургуульд халдвар илэрсэн гэж олон улсын мэдээнд бий. Тэгэхээр бид сэжигтэй иргэдийн явсан зам мөрийг тодорхойлох нь чухал юм. ОХУ-аас ирсэн 30 оюутныг тусгаарласан нь оносон харагдаж байна. Онгоцонд суухаар битүү орчинд ордог. Нэг хүнтэй ойр суучихсан бол өөр газар суух боломжгүй. Тиймээс өндөр зэрэглэлийн N95 маскийг зүүх хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн хяналт, сэргийлэлтийн эмч нар 21 аймагт хуваарилагдаж, эмч эмнэлгийн ажилтнуудад халдвар хамгаалалтын дэглэм, хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж тайлах, ажлын байрны дадлага сургуулилт хийж, хичээл зааж байгаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын Онцгой комисс болон ХӨСҮТ-ийн эмч нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод очиж ажилласан. Сургалт зохион байгуулсан. Газар дээр нь ажилтай нь танилцаж, зөвлөгөө өгсөн. Гэх маягаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Хүний хамгийн их хүрэлцдэг эрхтэн нь бээлий. Тийм учраас тогтмол даавуун бээлийн хэрэглэх хэрэгтэй байна. Өдөр нь хэрэглэсэн бээлийгээ орой хариад угааж, индүүдээд хэрэглэх хэрэгтэй. Ингэвэл халдвараас бүрэн сэргийлж чадна” гэж онцоллоо.

 

Top