ОЛОН ӨНГӨ: “Бодлын цагаан хун” цээжний алсаас дэвэлзэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Дорнын говийн нэгэн уянгат орой, олоон өмнө юм сан уу, Монгол телевизийн “ТҮ караоке” хэмээх нэвтрүүлгээр “Их засаг” их сургуулийн оюутнууд оролцож байв. Тэдгээр залуусын дунд нэгэн охин Ардын жүжигчин А.Долгорын дуулдаг “Бодлын цагаан хун” дууг телевиз үзэж суусан хүмүүсийг суудлаасаа өндөлзтөл дуулж орхив. Тухайн цагт бөглүүхэн сумын төвийн хүмүүсийн амнаас ам дажин ярих зүйл нь тэр болсон. Дэлгүүр хоршоо, Засаг захиргаа, Хүүхдийн цэцэрлэг гээд хаа сайгүй таарсан газартаа л “Өчигдрийн тэр зурагтаар дуулдаг охин мөн ч сайхан дуулав аа. Ховорхон хоолой шүү. Даанч өөр мэргэжлээр сурах юм” хэмээн халаглаж байсан нь өчигдөр мэт сонсогдовч тэр цагаас хойш 20 шахам он улирах нь.

Гэтэл нэгэн удаа цэнхэр дэлгэцээр өнөөх сураг алдарсан охин чинь энэ цагийн уянгат дуучдын нэг Т.Батсайхантай хамтран “Ханьсахын жаргал” дууг эгшиглүүлж, өнөөх л амнаас ам дамжин битүүхэндээ цаашид дуулахгүй нь гэж харамсаж байсан олны сэтгэлд баярын гэгээ татуулав даа. Дуундаа хайртай дуучин түмнийхээ сэтгэлд гэгээ татуулж байсан тэр цаг бол 2005 он. Тэрээр СУИС-д оюутан болж, анхны уран бүтээлээ ард олондоо хүргэж байгаа нь энэ. Г.Эрдэнэтунгалаг бол өдгөө ард түмний сонсох дуртай, хайрлаж хүндэтгэдэг дуучин болж, олон ч уран бүтээлийн ард гарчээ.

Нэгэнтээ хөгжмийн зохиолч Б.Шарав агсан “Олон сайхан залуучууд дуулж байна. Яахав цагийн шалгуураар цөөн нь үлддэг хуультай. Г.Эрдэнэтунгалаг гээд цөөн хэд нь цаг үеийг төлөөлж үлдэх болов уу. Бусад нь гомдох вий” гэж 10 гаруй жилийн өмнө хэлж байв. Б.Шарав гэгч монголын төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд нэр нь явдаг бяртай хөгжмийн зохиолч. Гэтэл уянгат дуучдын нэгэн үеийг төлөөлж, одоо ч өөрийн дуу хоолойг үгүйлүүлсээр байгаа УГЖ А.Бүтэд “Г.Эрдэнэтунгалаг олон жил тогтож, сайн дуулах хүн гэж боддог” хэмээжээ. Эдгээр улсын дүгнэлт, ард түмний хүндлэлээс харахад л Г.Эрдэнэтунгалаг гэж ямархан хэмжээний дуучин болж өсөж, өндийснийг гэрчлэх байх.

Анх удаа “Бодлын цагаан хун”-гийн дэвэлтээр ард түмнийхээ зүрх сэтгэлд нисэж ирсэн дуучин маань одоо ид өндөр аван нисэж байна даа. “Бодлын цагаан хун”-гийн жигүүр цуцам алсын алсад урлагийн алтан хоймор бий. Гэхдээ энэ гэгээн жигүүр цуцахгүй гэсэн итгэл Монгол түмэнд буй бололтой. “Бодлын цагаан хун” уянгалан уянгалан дэвсээр л байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top