БОЛОР ЦОМ-21 | Тэргүүн шүлэг –“Шөнийн онгоц”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.

"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.


2003  он. "Болор цом-21" наадмын Тэргүүн шүлэг: Яруу найрагч Дамдины Урианхай

ШӨНИЙН ОНГОЦ

Гэнэ сэрэггүй цочин

Гэгээн харанхуй тэнгэр рүү нүд зүглэв

Гэрлэн мөрөн агаараар урсах шиг

Дотор загатнуулсан хурц туяа-бороо харц урхидав

Онгоц

Харанхуй шөнийн тэнгэрээс

Халим шиг аварга онгоц

Сансраас үг чирэн ирэх шиг

Салхиараа модод залбируулан шунгаж

Буудалд газардаж харагдав

Би ч ялгаагүй, хэзээ нэг

Гэгээн-харанхуй тэнгэрээс

Гэнэт, шөнийн онгоц шиг газардаж

Жигүүрээ хумина

"Урианхай наснаас..." гэсэн

Үүл нүүх мэт үгс

Харанхуй шөнийн тэнгэрээс бууж буй

Халим шиг том онгоцны улас-улас асах гэрэл шиг

Тэнгэр цуулан тарна

Жижигхэн зай бараагнуулах

Жирийн мэдээний үг бүр

Цагийн завсаргүй ургасан

Цагаан уул-Амьдралын минь

Үнийг зарлан "лацадсан"

Үнэний тамга дэрлэн үлдэнэ

Би

Хэмжээнд харгалздаг орой зайд

Хэт шөнөдөөд

Буудалд бууснаас бус

Тэнгэрт олсон зайгаа шахуулж

Тэнхээ, түлшээ замд барснаас газардаж буй бус

Шөнийн онгоц

Түр буудаллаад эргэж ниснэ

Түлшний минь чанар нээгдээгүйгээс

Нэрлэж би эс чадна

Хурдад морьдын эргээнд

Туурайнаас нь нисэх хайрга шиг амьдралын

Хуй салхины алгадалт шиг зовлонг

Хүүхдийн хэл зайрмаг долоох шиг амтлан

Цаг нь түлхэгдээгүй

Дуу нь зохиогдоогүй

Ирээдүйн инээдэнд "хайрлуулахаар" ниснэ

Суух гэж уралдагсдыг багтаах гэж

Суудлынхаа дотоод нягтыг чигжсээр

Хоосонд тэлж буй орчлонгийн

Хорох нь ховор зайнаас халиад

Ус, гал хилгүй сүлэлдэх

Учир зүйн рязгаар руу мултарч

Дэлхийгээсээ дэндүү алсад дэлбэрч

Харагдахгүй удахаа ч магад

Гэвч

Гэгээн харанхуйн зүг нууцалсан

"Хар хайрцаг" минь бүтэн

Хайр, үнэнээ оршоосон шүлгүүдийг минь эгшиглүүлэн

Ижий мэлмийт эх орноос минь төөрөлгүй

Ишиг, хургадынхаа бэлчээрт

Бор шувуу шиг буунаа...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top