ОЛОН ӨНГӨ: Бүргэдийн нутаг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Монгол орны маань баруун хязгаарт орших Баян-Өлгий аймагт өнгөрсөн зун хөл тавилаа...Өнгөрсөн зуны дурсамж сэргэх болсон шалтгаан маань дуу хөгжимтэй холбоотой. “YouTube”-ээс санамсаргүй олж сонссон “MEZZO” хамтлагийн дэлхийн хит дуунуудыг сэргээн дуулсан хувилбаруудыг сонсох дуртай. Тэдний дууг сонсохоор бүргэдийн нутаг нүдэнд харагддаг юм...Зургаадугаар сарын сүүлчийн халуун өдрүүд. Баян-Өлгий аймаг руу ойртох тусам цаг агаар хүйтэн болж байлаа. Өлгий хот руу нэлээд дөхөхөд өвөл болж байна уу даа гэж бодогдохоор цас, сүрлэг өндөр уулсын хүйтэн цаг агаар угтсан юм. Тэр өндөр уулст тэнгэрт элэн халин дүүлэх бүргэд л байдаг гэмээр бахдам сүрлэг. Бидний суусан автобусанд эгшиглэх домбрын аялгуу, орчин үеийн чанга хөгжим хосолсон казак дуунууд тэрхүү сүрлэг уулс, цас, гол горхи нийлэн хайлж урсаж буй байгалийг улам бүр амь оруулна. Ёстой л бүргэд л ийм уулсын дунд амьдарч, казак түмэн энэхүү онгон байгалиас бүргэд барьж аван гаршуулж, дэлхий дахинд Монголын соёлыг сурталчилсан Бүргэдийн баярыг хийдэг болов уу. Зуны халуунаар цас мөсөөр дүүрэн уулсын дундуур явсаар Өлгий хотод очиход зургаадугаар сарын халуун орой угтсан. Нөгөө цастай уулс огт байхгүй мэт халуун. Гэхдээ эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар дүүрэн энэ аймгийг Бүргэдийн нутаг гэж би өөртөө нэрлэсэн юм.

Казак түмэн, монголчууд холилдон байдаг энэ нутгийнхан маш найрсаг. Орсон гарсан гийчдийг бешбармак гэх хамгийн хүндтэй хүмүүстээ барьдаг махан зоогоороо дайлна. Таньдаг, таньдаггүй хамаагүй ширээ тойрон суугаад ертөнцийн сонин хачныг ярилцана. Энэ зуур гэрийн эзэн домбрын уянгалаг аялгууг казак болон монгол дуутай хослуулан зочдодоо ая барина...Казак түмний дуу, хөгжмийг сонсоход тэнгэрт эрх дураараа нисэх бүргэд нүдэнд харагдахаар тийм чөлөөтэй, дэврүүн, сонсголонтой. Энэ үндэстний авьяас билгийг дэлхий дахинд харуулж яваа Казахстаны “MEZZO”, “Made in KZ” зэрэг хамтлагууд сүүлийн жилүүдэд хүчээ авсан. Дэлхийн шилдгүүд зөвхөн эдгээр хамтлагийг бус казак түмний авьяасыг бахдан биширдэг билээ. Тэд дэлхийн бараг бүх хэл дээр дуулна...Амсхийх зуураа сонссон дуу бүргэдийн нутгийг бодогдуулав...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top