Каталоны салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүнд 13 жилийн ял оноов

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Испанийн Каталон мужид 2017 онд мужийн тусгаар тогтнолын төлөө хууль бус олон нийтийн санал асуулга зохион байгуулахад оролцсон улстөрчдөд 13 жилийн хорих ял оноожээ. Испанийн дээд шүүхийн энэхүү шийдвэрийг өнөөдөр /2019.10.14/ зарлалаа.

Каталоны салан тусгаарлах хөдөлгөөний 12 удирдагчдаас хамгийн урт хугацааны ялыг Каталон мужийн засгийн газрын дэд тэргүүн асан Ориол Жункераст оноожээ. “Каталоны Үндэсний ассамблей” төрийн бус байгууллагын тэргүүн Жорди Санчес есөн жилийн хорих ял авсан бол тус мужийн парламентын дарга асан Карме Форкаделд 11 жил зургаан сарын хорих ял оноожээ.

Дээд шүүхийн энэхүү шийдвэрийг Испанийн үндсэн хуулийн цэцэд давж заалдах боломжтой.

2017 оны аравдугаар сарын 1-ний өдөр Каталон мужийг хаант улсын бүрэлдэхүүнээс гаргах тухай олон нийтийн санал асуулга болсон. Мадрид санал асуулгыг хууль бус гэж үзэж, үр дүнг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Мөн оны аравдугаар сарын 27-нд Каталоны парламент тусгаар тогтносон бүгд найрамдах улсыг тунхаглах тухай тогтоол баталж байжээ. Үүний хариуд Испанийн эрх баригчид Үндсэн хуулийн урьд өмнө нь хэзээ ч хэрэглэгдэж байгаагүй 155-р заалтыг хэрэгжүүлж, тус мужийн өөртөө удирдах эрхийг хязгаарласан. Үүний дараахан Каталоны олон улстөрчид баривчлагдаж, мужийн тэргүүн асан Карлес Пучдемон тэргүүтэй зарим улстөрчид Испаниас зугтан гарсан. Салан тусгаарлах хөдөлгөөний эсрэг хэрэгт холбогдуулан 12 хүнийг шүүсэн билээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, өдгөө Бельгид орогнож буй Пучдемоныг баривчлах зөвшөөрөл олгож болзошгүй.

Каталоны салан тусгаарлах зорилго бүхий байгууллагууд болон улс төрийн хүчнүүд энэхүү шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулахаа илэрхийлээд байна. Үүнтэй холбогдуулан Испанийн дотоод хэргийн яам онцгой албаны олон зуун алба хаагчдыг тус мужид илгээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top