Чех Улсад 9000 гаруй монгол иргэн оршин сууж байна

2019 оны 10 сарын 01

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубератай өнөөдөр /2019.10.01/ Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Сенатын дарга Я.Кубераг Монгол Улсад тавтай зочлохыг хүсч, энэхүү айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцааг өргөжүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болж байгааг цохон тэмдэглэв.

Монгол Улс нь Чех Улсыг Азийн орнуудтай, Чех Улс нь Монгол Улсыг Европын орнуудтай холбосон чухал гүүр болох боломжтой гэдэгт талууд санал нэгдэж, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжийг эрэлхийлж, хоёр улсын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиров.

Европын орнуудын дотор Чех Улсад хамгийн их буюу 9000 гаруй монгол иргэн оршин сууж байна. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн 5 дугаар сард байгуулсан баримт бичгийн мөрөөр гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэхээр ярилцав.

Айчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар дахь Чехийн Элчин сайд яамны хамтран өнөөдөр зохион байгуулах Монгол, Чехийн бизнес форум нь 2012 оноос эхлэн жил бүр болж байгаа бөгөөд Чехийн 20 орчим, Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор бүртгүүлээд байна.

Эх сурвалж: ГХЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top