Сэвтэх учиргүй Дуутын хадны сэвшээ хонгор аялгуу

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Хоймортоо Дэлгэрхаан хайрхнаа дэрлэж, тотгондоо Дуутын хадаа хулдсан Монгол орны хүйс нутаг гэж нэрлэгддэг Төв аймгийн Дэлгэрхаан сум намрын хонгор униарт нам гүмхэн дуниартана. Тэртээ 1712 онд Түшээт хан Чанхуйдоржийн дөрөвдүгээр хүү Цэрэнпилд хошуу салган захируулснаас хойш Мишиг гүний хошуу хэмээх нэрийг  1923 онд өөрчлөн Дэлгэрхаан уулын хошуу гэж нэрлэн Засаг даргаар Цэрэннадмид сонгогдож байсан түүхтэй. Дэлгэрхаан сумын төвөөс урагшаа 20-иод километр зайд Төхөм уулын орчим,  Тарамцагийн уулсын төгсгөл, Хутаг уулын өвөрт Дуутын хадны бичээс бий. Халхын цоохор хунтайж хэмээх Цогт тайжийн эгчээ санагалзсан шүлгээ хайлан өгүүлснийг нь Эрх хиа тогтоож сударлан авсныг хойно дөрвөн жил болоод цагаагчин тахиа жилийн намрын эхэн сарын хорин нэгэн Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хад хэмээх хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан иржээ. Энэхүү хад нь цохиход ширмэн тогоо шиг ханхийсэн дуу авиа гарах ба гаднаа хар боловч дотроо цагаан саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой. Түүхийн нэгэн хуудсыг Дуутын хаднаа мөнхжүүлсний 395 жилийн ой энэ жил тохиож буй. Яруу найраг, шүлэг дууллын цорын ганц өв болсон энэхүү түүхэн дурсгалт газрыг зорин намрын илүү тэргүүн сарын шинийн 27-ны өдөр 21 аймгаас яруу найрагчид, бичгийн мэргэд хуран чуулсан билээ.

 

Улаанбаатар хотоос 318  километрийн зайд орших,  96 жилийн түүхтэй Дэлгэрхаан сум нь Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум болон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд  сум гэсэн таван сумтай хиллэдэг. Хязгааргүйн дундах үзэсгэлэн болсон хөх, хөх чулууд, өрсөн юм шиг өвөрмөц тогтцоороо хараа булааж, мянга мянган жилийн өмнөх нүүдэлчин монгол ахуй хад чулуу болон мөнхөрсөн лүгээ харагдана. Наранд умбаж, саранд угаагдаж, салхинд зүлгэгдсээр ачаатай тэмээ, аралтай үхэр, бясалгагч өвгөн, бядан явах даяанч, ерөөс хүмүүний сэтгэлд ургасан бүхнийг урласан юм шиг амин сүнс оршсон мөнхийн амьтай чулууд ажгуу. Энэ л чулуудын энгэр ээвэрт Дуутын хад сүндэрлэн буй.

Төв аймаг ардын уран зохиолчдоороо жин дардаг нутаг. Утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржоос эхлээд П.Бадарч, Ш.Дулмаа, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол гээд олон  аварга энэ нутгийнх. Утга уран зохиолд дуртай, элэг сэтгэл нэг Дэлгэрхаанчууд энэхүү түүхэн дурсгалт газартаа 2001 онд Судрын баяр, 2011 онд яруу найрагчдын уншлага зохион явуулж байжээ. Олон жил найрагчдын хөл тасраад байсан нутаг орондоо уран бүтээлийн олз омог дүүрэн, олон зохиолч яруу найрагчидтай дөрөө харшуулан ирсэн хүн бол яруу найрагч Г.Оргилболд юм. Тэрбээр Дэлгэрхаан нутгаасаа 16-хан настайдаа гарч амьдралын зам мөр хөөж явсаар 12 жилийн дараа унаган нутгаа ийнхүү тэмцэхдээ баяр жаргал, догдлол, нутгаа санан бэтгэрсэн сэтгэлийн нулимсаа асгартал мэлмэрүүлэн ирсэн юм. Тэр ганцаараа ирсэнгүй. Нутаг нутгийн найрагч нөхдөө дагуулан, Болор цомын эздээр гоён ирсэн юм. Ж.Баяржаргал, Л.Хасар, Ц.Эрдэнэбаатар, Н.Гантулга, Б.Баттулга тэргүүтэй Болор цомын эздээс эхлээд “Хангайн цом-2019” наадмын тэргүүн найрагч Д.Цогбадрах, Алтан өдийн шагналт найрагч Я.Баяраа, Зохиолчдын эвлэлийн шагналт найрагч Б.Урангоо зэрэг Янжинлхамын таалалт 23 найрагч Төхөм уулнаа дөрөө мулталсан юм. Утга зохиолын гэгээн мөрөөр анд нөхөд бололцсон найрагч анд Д.Цогбадрахтай хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах гэж ул суурьтай бодож, улаа эргэтэл гүйсэн залуус зорьсон ажлынхаа ард гарчихаад зоо тэнэгэр байлаа. 

Төв аймгийн Засаг даргын тамгын газар, нутгийн зөвлөл, Монголын зохиолчдын эвлэл, Төв аймгийн “Язгуурын бүлгэм” төрийн бус байгууллага хамтран “Дэлгэрхааны намар” яруу найргийн уншлагыг наймдугаар сарын  28-ны өдөр зохион байгууллаа. Дуутын хаднаа уянга найргийн торгон сэвшээг намрын алтан нарны цацрагтай томж найрагчид шүлгээ дуудав.  Монголын зохиолчдын эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав “Хадан дээр судар бичгээ үлдээсэн өв соёл дэлхий дээр байхгүй гэхэд болно. Мишиг гүний хошуунд 1912 оны үед Оросын судлаач П.К.Козлов энэхүү хадыг олж хараад нутаг буцжээ. Нутагтаа очоод  үзэж харсан хадныхаа хуулбарыг явуулахыг Ханддорж чин ванд хүсэлт илгээж, хүсэлтийн дагуу анхны хуулбарыг явуулж байсан гэдэг.  Монголч эрдэмтэн  Б.Я.Владимирцов  хадны бичээсийг тайлж “Тал нутгийн сэнгэнэсэн үнэрт газар” хэмээн дуу алдсан гэдэг. Үүний дараа түүхч эрдэмтэн О.Намнандоржоос эхлээд олон судлаач энэ хадны бичээсийг судалсан. Агуу их Равжаа “Нүдэнд үзэгдэх билэг гайхамшиг” хэмээн энэхүү газарт эрчис хүчээ оршоосон гэдэг. Ийм сайхан нутгийн тэнгэр бидэнд билэг оюунаа хайрлах нь лавтай” гэж сэтгэл догдлонгуй хэлж байлаа.

 

Цогт тайж /1581-1637/ хэмээгч бээр түүхийн хувьд ихээхэн зөрчилтэй хүн бөгөөд буддизмын улааны шашныг мандуулахын төлөө өөрийн биеийг зориулсан. Лигдэн хааныг Манж нартай ид тэмцэж байх үед дөрвөн түмэн цэрэг, 100 мянган орчим хүн дагуулж халхаас гарчээ. 1632 онд Хөхнуурт Түмэдийн Алтан хааны ач Хулачын нутгийг эзлэн тэнд суурьшин шарын шашныг дарангуйлан суужээ. Хүү Арслан тайж нь Төвдийг дайлаар мордохоор арван  мянган цэрэг хөлөглөн зорьсон боловч Далай ламын сургаалд орж эцгээсээ, эх орноосоо урвасан гэдэг.  Тиймийн тул Цогт тайж өөрийн зарлигаар хүүгээ цаазалсан юм. Далай ламын зарлигаар хошуудын Гүүш Төрбайх Хөхнуурт нэвтэрч, халхын цэргийг бут цохиж Цогтыг хороожээ. Зүүн зүгт манж нар хүчирхэгжиж Лигдэн хаан ганцаардаж байх эгзэгтэй үед өөрийн шашныг дэмжих гэж халхаас гарсан Цогт тайжийг дагаар ирсэн ард түмний дунд эх орноо санагалзсан, хүний нутагт хөсөр үлдсэндээ гоморхон гунигласан гунигийн  дуу ийнхүү түгэн тархсан түүхтэй.

Гүн ухааны уялгатай, холын цацаатай, алсын аниртай, одоо цагийн сануулга болсон Цогтын хадны бичээс шүлэгт

“Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй”  хэмээсэн нь ноёд түшмэд, эрлэгийн түшмэл хоёр өнгө дүрсээрээ өөр боловч гэмтэн болон нүгэлтний зөв бурууг ялган таньж, гэсгээн цээрлүүлэх үйлээрээ ижил гэсэн утгатай. Одоо цагийн ханаж цадахыг үл мэдэх баяд, дарга нарын шуналыг онож хэлсэн мэт санагдана.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Цэцгээ “Өнөөдрийн үйл ажиллагаа бол одоогоос 395 жилийн өмнө бичиг, соёлын өвд гүн ухааны яруу найргийн дахин давтагдашгүй гайхамшигт өвийг бидэнд үлдээсэн өвөг дээдсийнхээ ариун дагшин газрыг хадгалж хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах ажлын эхлэл боллоо” гэсэн бол Дэлгэрхаан сумын Нийгмийн бодлого, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мөнхцэцэг “Мишиг гүний хошууны Дунд Хуримт хэмээх газар орших улсын тусгай хамгаалалтад байдаг Норовчойнпэлэн хийдийн 290 жилийн ой энэ жил тохиож байна. Гурван зууныг өртөөлж, Дэлгэрхаанчуудын сүсэг бишрэлийн төв болсон хийдийн ойг тохиолдуулж сүсэгтэн олондоо шашин номын олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд 1875-1897 онд хошуу засгаар гүн Мишигдорж сууж байх үед 1729 онд анх суурь нь тавигдсан эртний хүрээ хийд бөгөөд Мишиг гүний хүрээ хэмээн олноо алдаршсан” гэв. Мөн Тавдугаар Богд Жавзундамба хутагтаас “Норовчойнпэлэн” нэрээр шагнагдаж байсан энэ хүрээ 900 гаруй лам хуваргатай шашин соёлын төв байжээ. Мишиг гүний хүрээний наадамд зүг зүгээс ардууд гоёж гоодож, зорьж ирдэг байсан тухай ч тэрбээр хүүрнэв. Сонирхол татсан нэг зүйл нь сум орон нутаг, удирдах албаны хүмүүс нь ихэвчлэн эмэгтэйчүүд байлаа. Эмэгтэй хүний гаргасан шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажил нь амьдралд ойр байдгийг сумын төвийн нүүр царайнаас харж болохоор байв.

 

Дуутын хадыг 1971 онд улсын хамгаалалтад авсан бөгөөд нутгийн олон эмтлэх нь байтугай элдэвлэж цохиж, тогшиж болохгүй хэмээн цээрлэдэг. Цохивоос салхи шуурга, үер усны аюул болно гэлцэх бөгөөд хэн ч үл хүрнэ.  Энэ нь өвгөдийн бичиг дурсгалаа хамгаалах холч бодол байж болох ч дээд ухамсарт түмэн нь 400 шахам жил сэв суулгахгүй хайрлан хамгаалж иржээ. Сум орон нутгийн удирдлагаас хашаа хайс барьж хамгаалах тухай ярьдаг  ч хорих тусам зөрдөг этгээд араншинтай нэгний атгаг санаанд өртөх вий гэхдээ унаган байгалиар нь үлдээн тэнүүн сэтгэлт ардынхаа тэнгэрлиг ухаанд итгэсээр өдийг хүрсэн тухайгаа ч нутгийн зон учирлан ярьж байв.

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Чингис хааны музейг” барьж байгуулахтай холбогдуулж  эрдэмтдийг цуглуулж хуралджээ. Музейд байршуулах олон үнэт дурсгалаас Монголын түүхэн дурсгалт өв соёлд хамаарах Дуутын хадны бичээс орсон нь зүй ёсны хэрэг билээ. Дуутын хадыг дуурайлган хуулбарласан загвар ирээдүйд сүндэрлэх их хааны музейд цогцолно гэдэг Дуутын хадаа дэлхийд таниулах, олны хөлийг Дэлгэрхаан руу залах нэгэн жим, хөтөч болох юм. Дэлгэрхаан сум нь 1800 гаруй  хүн амтай.  Зүг зүгийн яруу найрагчид  чуулсан намрын налгар өдрөөр тус сумд шинээр барьсан Соёлын төвийнхөө өргөн үүдийг анхлан нээж, “Дэлгэрхааны намар” яруу найргийн уншлагаа үргэлжлүүлэн хийв. Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ толилуулж, ард иргэдээ соён гэгээрүүлэх, урлаг соёлоор хүмүүжүүлэн хөгжүүлэх  гэгээн өргөө ийнхүү найргийн онгодоор цалгин эхлэвэй. Энэ үеэр Монголын зохиолчдын эвлэлээс тус сумын номын санд 500 ном хандивлалаа.

 

Яруу найрагч, Болор цомын эзэн, Төв аймгийн уугуул хүү Ц.Эрдэнэбаатар наадмыг утга төгс, уянга зохиролтой хөтлөн явуулж, залуу цагтаа бичсэн хайрын шүлгээс дээжилсэн бол Болор цомын эзэн Н.Гантулга оюутан ахуй цагтаа бичиж асан эхийн тухай шүлгээ асгаруулсан юм. Цаашлаад эх орон, нутаг ус, ижий аав, энэхэн орчлонгийн тухай бадагс хөврөн хөвөрсөөр орой болж, од түгсэн ахуйд нутгийн олон орон гэртээ үл яаран оёоргүй утгын далайд умбан, уяран суунам. Цогт тайжийн хайрт эгчдээ зориулан бичсэн, халуун зүрхний мөртүүд ийнхүү Дуутын хаднаа мөнхөрсөн бол 21 аймгаас ирсэн яруу найрагчдын 21 өөр уянга Дэлгэрхаанчуудын сэтгэлд намрын намарт эгшиглэсээр байх буй за.

Зуу зуун жил нар, салхи, бороо, цас, салхи шуурганы аясаар элэгдэн мөлийж, эгшин бүдгэрлээ ч хүмүүний гарт эвдэрч сүйдэхгүй  л бол галав юүлсэн ч оршсоор л байх манай эриний мөнхийн дурсгалыг дуу хуур, яруу найраг, дурдан салхи, тэнгэрийн мутраас өөр хэн ч хүрэх ёсгүй хэмээн өмчирхөн бодож, өмөлзөн харамласаар хүрээ тийш хүлгийн жолоо залавай.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top