Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бидний хэлж заншсанаар зуун айлын автозам засварын ажил дуусаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр (2019.08.27) нээлээ.
Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажиллажээ.
Гүйцэтгэгч компанийн зүгээс ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа гэлээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.
Ийнхүү гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам болно хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх хэллээ.
Тэрбээр "Удахгүй хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан 100 айлын замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байна. Харин тохижилтын асуудлыг есөн сард бүрэн дуусгана. Өмнө нь энэхүү замд 40 жилийн турш том хэмжээний ийм засвар хийгдээгүй. Замыг засварлахдаа 20 гаруй ус зайлуулах хоолой шинээр хийсэн. Мөн стандартын дагуу таван зогсоол хийсэнд эко машинуудын цэнэглэгчтэй зогсоол бий. Зуун айл орчмын зам нь өөрөө байгалийн намгархуу газар байрладаг гэдгээрээ онцлогтой учраас бид дугуйн болон явган хүний замыг хийхийн тулд хөрсийг 30-50 сантиметр ухаж, явган хүний замаа тавина. Бороо устай холбогдуулан энэ жил нэлээд зам эвдэрч байгаа нь чанар стандарт муутайгаас гадна ус зайлуулах шугам байхгүйгээс үүдэлтэй. Тиймээс бид цаашид Улаанбаатар хотод тавигдах бүх замуудын чанар, стандарт дээр онцгойлон анхаарч байна. Зам тавьснаас хойш гурван жилийг гүйцэтгэгч компани хариуцах хуультай" гэлээ.
Тус замын стандартын талаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын орлогч дарга Б.Алагаа хэлэхдээ "Энэхүү 1.6 км авто зам нь стандартын дагуу долоон сантиметрын хучилттай. Замыг тэгшитгэсэн зарим газар нь 12-13 сантиметрын хучилттай байгаа. Мөн зам өөрөө бетон суурьтай учраас маш өндөр даацтай. Ялангуяа энэ замаар барилгын материал зөөдөг хүнд машин механизмууд их явдаг учраас онцгой анхаарч ажилласан. Бид замын доорх шугам хоолойг хамгийн түрүүнд шийдсэн учраас шунам хоолойг засаж янзлахын тулд зориудаар замын хэсгээс эвдлэх шаардлага гарахгүй" гэсэн юм.
Замын бусад тоноглолын ажлыг есдүгээр сард дуусах бөгөөд 3.4 тэрбум төгрөгийн төсөвтэй замын барилгын ажлыг "Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ"-ын хамт олон гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )