Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Монголын Залуучуудын эвсэл хамтран зохион байгуулж буй Залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулганыг “Хүчээ нэгтгэе: Залуусын манлайлал” уриан дор өчигдөр зохион байгууллаа.
Чуулганд аймаг, дүүрэг тус бүрийн Залуучуудын хөгжлийн төвийн хоёр ажилтан, орон нутгийн залуучуудын дөрвөн төлөөлөгч, холбогдох төр, төрийн бус, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд, залуучууд, олон нийтийн төлөөлөл болсон 500 орчим зочид оролцлоо.
НҮБ-аас 2015 оны Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын иргэний оролцоо” сэдвээр зохион байгуулахаар шийдвэрлэснээс улбаалан Монголын залуучуудын эвслээс “Залуус+Оролцоо+Өөрчлөлт” анхдугаар чуулганыг 2015 оны тавдугаар сард зохион байгуулж байжээ.

Манай улсын нийт хүн амын 33.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Монгол Улсын Засгийн газар Залуучуудын үндэсний хөтөлбөрийг 1998 оноос хойш гурван удаа хэрэгжүүлж, “Залуучуудын жил”-ийг хоёр удаа зарлаж, залуучуудын хөгжлийг дэмжих бодлогод тусган уялдуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж ирсэн юм. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2018 оноос мөрдөж, хуульд заасан таван чиглэлтэй уялдуулан 2022 он хүртэл хэрэгжүүлэх Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1-ний 171 дүгээр тогтоолоор батлаад байна.
Хэдийгээр залуучуудын хөгжлийг дэмжих олон талт арга хэрэгжиж байгаа ч залуу хүний эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих хууль, эрх зүйн орчны шинэ тутам батлагдсан баримт бичгүүдийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий болж байна. Мөн бүтээлч, хариуцлагатай, эерэг өөрчлөлтийг авчрагч хүч бол мэдлэг, боловсролтой залуу хүн гэдгийг нийгэмд таниулах, сурталчлах, нийгмийн амьдралд оролцох оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зэрэгт зарцуулагдах хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа аж.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр “Энэ удаагийн тавдугаар чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс цугларсан, эх орныхоо ирээдүйг тодорхойлон түүчээлж явах, манлайлагч залуучууд ирсэн гэж бодож байна. Зөв хандлага төлөвшүүлэх, залуусыг дэмжиж ажиллахад орон нутгийн удирдлагын хамтын ажил маш чухал үүрэгтэй. Азийн улс орнуудад 60 хүртэлх насны хүнийг залуу удирдагч гэж тодорхойлдог. Ирээдүйд тулгамдаж буй асуудал, монголын залуучуудын хувь заяаны асуудал гээд бидний өмнө олон, олон асуудал бий. Энэ чуулган хамтдаа нэгдэж, шийдэлд хүрч чадах маш том индэр болно гэдэгт итгэлтэй байна. Засгийн газраас залуучуудын хөгжлийг дэмжих тухай олон бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар хөгжлийг дэмжих хууль баталж ажлыг хэрэгжүүлэх шатандаа явж байна. Эерэг хандлага, зөв бодол, идэвхтэй оролцоо, ажил хэрэгч байдлаас гадна шударга, бурууд шүүмжлэлтэй хандах зан чанар залуус та бүхэнд туйлаас хэрэгтэй. Та бүгд бол нэг сая залуу иргэнийг төлөөлж ирсэн хүмүүс. Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд та бүхний оролцоо, ухамсар чухал гэдгийг улстөрч, залуучуудын байгууллагыг удирдагч асан, ах, бас эцэг хүний хувьд ч хэлэхийг хүслээ” гэв.


Сэтгэгдэл ( 0 )