"Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэн гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажлын нэг нь бнхау-ын өвөр монголын музей, монголын үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо Улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэн юм.

Хятан улс нь X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн юм. Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил оршин тогтносон. Хятан нарын уугуул нутаг тул тэдний үлдээсэн хот суурины туурь, булш бунхны арвин дурсгалууд өдгөө Өвөр Монголын музейд хадгалагдаж байна. "Хятан-Их Ляо Улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэн хоёр улсын соёлын солилцоог улам гүнзгийрүүлж, тал нутгийн торгоны замын соёлын цар хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлнэ гэжээ. 

Уг үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй ховор нандин үзмэрүүдийг анх удаа нэг дор цогцоор нь дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Та бүхэн тус үзэсгэлэнгээс “Чэнь-Гуо гүнжийн бунханы олдвор гүнжийн алтан баг, мөнгөн гутал, алтан чимэгтэй мөнгөн дэр зэрэг олон хосгүй үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой. 

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын тэнхим ажиллаж байна. 

Тус үзэсгэлэн зургаадугаар сарын 27-ноос есдүгээр сарын 6 хүртэл Монголын Үндэсний музейд олон нийтэд үнэ төлбөргүй гарна. Үзэсгэлэнгийн нээлт маргааш /2019.06.27/ болох бөгөөд Хятаны соёл, түүх археологийн дурсгалуудын талаар Өвөр Монголын музейн захирал доктор, професор Чень Ён Жи, Өвөр Монголын соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шин нар лекц уншина. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top