“Тайзан дээр Э.Анхбаяр гэдэг хувь хүн байх ёсгүй”

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Олон Улсын дуурийн тайзнаа омог бардам дүрэлзэж, оргилуун хийгээд цараатай хоолойны бяр зааж, бяд суусан дуучин бол Энхболдын Анхбаяр. Тэрбээр 2016 онд Унгарт болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн "А" зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр, 2017 онд Санктпетербург хотноо болсон Елена Образцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанаас дэд байр, 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлсэн, Монголын сонгодог урлагийн нэгэн тод өнгө. Монгол Улсын Соёлын элчээр саяхан томилогдсон дуучин Э.Анхбаярыг “Сонгодог урлаг” булангийн зочноор урьлаа.


-Монгол Улсын Соёлын элч дуучин болсонд баяр хүргэе. Таныг СУИС төгссөн гэж боддог байлаа. Гэтэл өөр түүх байдаг юм билээ?

-Баярлалаа. Багаасаа л дуу дуулдаг хүүхэд байлаа. Манай удамд уран бүтээлийн хүн байгаагүй болохоор ч тэр юм уу, намайг дуучин болоход дэмжих хүн эхэндээ байгаагүй. 2006 онд Соёл урлагийн их сургуульд конкурс өгөөд хасагдчихаад сургуулийн гадаа уйлаад сууж байхад өвөө маань намайг дагуулж Ардын жүжигчин Б.Жавзандулам багштай анх уулзуулж байсан юм. Ингэж би “Их Монгол” дээд сургуулийн дуурийн дуучны тэнхимд суралцах эрхтэй болж байлаа.

-Та 2006 онд “Prima” нэртэй томоохон тоглолт тавьж байсан. Тасалбар буцаагдаад, тэр тоглолтоос том сургамж авсан гэж та ярьсан байдаг?

-“Prima” тоглолт хийх болсны учир нь гадаадын хэд хэдэн наадамд амжилттай оролцсон хүний хувьд сурсан мэдсэнээ ард түмэндээ харуулж, тайлагная гэсэн гэсэн санаа бодол төрсөнтэй холбоотой. Арванхоёрдугаар сарын 13-нд буюу төрсөн өдрөөрөө тоглолтоо товлосон боловч бие өвдөөд 28-нд болгож хойшлуулж байсан юм. Анхны юм гэдэг алдаа, оноотойгоо аль аль нь сургамжтай санагддаг. Өвөл дуучин хүн өвдөх эрсдэлтэй байдаг юм байна лээ. Хүйтэн нойтонд хүмүүсийн хөл хөдөлгөөн хумигдана. Шинэ жил дөхчихсөн, тэр баярын уур амьсгалд ч дарагдчихдаг юм билээ. Ийм олон шалтгаанаар тасалбар олноор буцаагдсан. Тэр тоглолтдоо би анх удаа монгол романсыг найрал хөгжимтэй бичүүлж дуулсан. Миний багш Анатоли Гусев бол итали буюу неаполитан дууны мэргэжилтэн. Итали дуу их уянгалаг, зүрхнээс зүрхэнд хүрдэг, хүчтэй мэдрэмж дамжуулдаг онцлогтой. Ийм учраас хэд хэдэн итали дуулсан. Мөн Италийн нэрт удирдаач Леонардо Куадрини тоглолтын удирдаачаар уригдаж ажилласнаараа онцлог болсон. Үзэгчид ирж амжаагүй л болохоор уг нь их сайхан тоглолт болж байсан.

-Монгол романсыг сонгож дуулъя гэдэг таны санаа байсан уу?

-Би дан гадаадын сонгодог бүтээл дуулна гэж эхэндээ бодож байсан. Төрийн соёрхолт Н.Жанцанноров, Б.Шарав гуай нартай уулзахад “Чи монгол хүн. Хэдий гадаадын сайхан оронд дуулж байгаа ч эх орон чинь энд байгаа. Монгол бүтээлээ Монголдоо дуулах ёстой” гэж зөвлөсөн. Миний тоглолтод бэлэг болгож Н.Жанцанноров гуай ”Би хувьтай гэгдэх хүний нэг” романс, Б.Шарав гуай “Тал минь” романсыг найрал хөгжимд бичихэд тусалж дэмжин, сонсож зөвлөж байсан болохоор концерт маань их сайхан болсон.

-Та бол Ардын жүжигчин Б.Жавзандуламын шавь. Багш нь шавь нартаа юу гэж зөвлөдөг байсан бэ?

-Хамгийн анх сургуульд ороход л “Та нар эхлээд дуучин биш, хүн бол. Та нар одоо хүн биш амьтан шиг л байна. Хүний хэлж байгааг ойлгохгүй, өөрийгөө олоогүй байна. Хүн болж байж л дуучин болдог” гэж хэлдэг байсан. Хүн болсон хүн гагц өөрийгөө биш бүх зүйлийг өргөнөөр харж, цараатай сэтгэнэ шүү дээ.

-Урлагийн сургуульд орсон хүүхдүүд эхлээд “Ардын жүжигчин” байж байгаад дараа нь “Гавьяат” болж, сүүлдээ “Соёлын тэргүүн”, эцэстээ ямар ч цол гуншингүй болоод төгсдөг  гэсэн явган шүүмж яриа байдаг?

-Би ч бас тийм л байсан. Хүүхэд бүхэн л тийм байдаг байх. Бүхнийг чадах юм шиг, дэлхийг эргүүлчих юм шиг бяр тэнхээ, эрч хүч амтагдаад л байна. Ямар сайндаа л ангийнхаа хүүхдүүдийг аваад Өвөрхангай аймгаар тоглолт хийгээд явж байхав. “Бут авна” гэсэн л бодолтой. Ямар юмных нь “бут авах” байхав дээ. Олж гавьсан ч юм байхгүй, хөөрч дэвэрсэн улс л баахан давхисан даа /инээв/. Одоо бол тийм тоглолт хий гэсэн ч хийхгүй шүү дээ. Хоёрдугаар курст байхдаа  “Universe best songs” уралдаанд орж, бүх шатанд нь тэнцээд, шилдэг 25-д үлдчихлээ. Тэгсэн багшдаа загнуулаад, шалгаруулалтаас өөрийнхөө саналаар гарч байлаа. Хэрэв тэр чиглэлээрээ яваад байсан бол Монголын сонгодог урлагт хийх бүтээх зүйл минь үгүй болох байсан ч юм билүү. Хүн ер нь боловсорч гүйцээгүй байхдаа бүхнийг чаддаг юм шиг сэтгэх буруу гэдгийг багш нараасаа ойлгож, мэдэрч өдийг хүрч байна даа.

-Үнэхээр л сонгодог урлагт заяагдсан хүн  бол ямар ч давааг туулсан сонгодог урлагтаа л үлдэнэ шүү дээ. Очсон орон газарт нь эх орондоо нэвтрүүлэх ямар дэвшил байдаг вэ. Урлаг, сонгодог урлагт авчирмаар

-Соёл урлаг нь хөгжөөд хагас мянган жил хөгжчихсөн улсад очоод дунд нь явахад манайх бол маш их хоцрогдсон нь мэдрэгдэнэ. Яагаад гэвэл манай урлагт төрөөс дэмжлэг байхгүй. Дуурийн театр, Улсын Филармони гэсэн сонгодог урлагаар үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллагын цалин хөлсийг нь л улсын төсөвт  суулгаж өгдөг. Гэтэл уран бүтээлчид маань цалингаа авахын тулд өдөр тутмын арга хэмжээнд уягдаж явдгаас болоод өсөж дэвжихээ больсон. Урлагийн байгууллагыг өөрөөр харж, өөрөөр хөгжүүлэх санаа, бодол энд тэнд явахад төрнө. Ер нь урлагаа манайхан хайрлахгүй л байх шиг санагдаж явдаг.

-Сонгодог урлагаа хайрлахгүй юм даа гэсэн гомдол тээгээд явж байхад, тэгээд олон улсын тайзан дээр Гранпри шагналыг нь атгаад зогсож байхад танд юу бодогддог вэ?

-Тэр үед бүх хүнд хэцүү нугачаа, гомдол гуниг шууд тайлагдчихдаг /инээв/. Монгол Улсын нэрийг дэлхийд авч явах их хариуцлагатай. Би хэрэв алдах юм бол Монгол Уулсын нэр яах билээ гэж байнга бодож санаж явдаг болчихдог юм байна.

-Та Монголын сонгодог урлаг, ер нь урлагийн салбарыг хөгжүүлье гэвэл юу хийх ёстой гэж хардаг вэ?

-Олон Улсын театрын бүтэц, зохион байгуулалтыг зориудаар шууд хуулбарлах шаардлагатай байна. Энэ нь цаг хугацаа ч алдахгүй талтай. Жишээ нь, манай Дуурь, бүжгийн эрдмийн театр байнгын цалинжуулдаг системээ болих хэрэгтэй санагддаг. Дуучинтайгаа гэрээ хийгээд, хийж чадаж байгаад нь л хөлс өгдөг болох хэрэгтэй. Байгалийн шалгарал гэдэг шиг өрсөлдөөний зарчмаар чадаж байгаа нь л авдаг, чадахгүй байгаа нь авах гэж хичээдэг, өөрийгөө хөгжүүлдэг болчихвол энэ олон зэвэрч байгаа авьяас чадвар өнгө ороод, тодроод гялалзаад ирнэ. Театрын төсөв гэхэд хоёр, гурван тэрбумаар яригддаг. Тэрийг цалиндаа өгөөд, урсгал тоглолтдоо зориулаад дуусна. Уг нь бол ийм хэмжээний мөнгөнөөс маркетинг, менежмент, реклам сурталчилгаандаа зориулах хэрэгтэй. 21 дүгээр зуунд реклам сурталчилгаагүй аливаа ажил явна гэж байхгүй. Манай менежмент бүх зүйл болоод өнгөрсөн хойно зарлалын ч юм уу, тайлангийн чанартай мэдээ гаргах байдлаар явж байна. Өмнө нь хийх гэж байгаа зүйлээ хүмүүст тултал нь ойлгуулж сурталчилмаар, үзмээр санагдтал нь үзэгчдээ татмаар байгаа юм. “Рояал опера хаус”, “Ла Скала”, “Большой театр”, “Метрополитен опера” театрт маш том менежментийн баг ажилладаг. Тэд дуурь, балетын тоглолтынхоо өмнө бүрэн хэмжээний кино, сурталчилгаа явуулж, тойрон аялал хийдэг. Киноны трейллэр шиг шторк нь явдаг. Дуурийн театрт байхдаа эхлээд тайзаа хамгийн орчин үеийн байдлаар засъя, тоглолтын шторк хийе гэхээр төсөв байхгүй гэдэг үг л сонсдог байсан. Ийм байхад манай урлагийн хөгжил урагшлах хэцүү.

-Авууштай санаанууд байна. Таны хувьд гадаадын театруудад гэрээ байгуулан, дуулж байна. Монголдоо ямар байгууллагад харьяалагдаж байгаа вэ?

-Австри, Унгар гээд гадны хэд хэдэн театрт гэрээгээр ажиллаж байгаа. Италид мэргэжил дээшлүүлэхээр мастерт суралцаж байна. Эх орныхоо хувьд Монгол Улсын Филармонид харьяалагдаж байгаа.

-Дуучин хүнд дуулахад сэтгэл санааны байдал хэрхэн нөлөөлдөг вэ? Тэр үед та ямар арга хэмжээ авдаг вэ?

-Шууд нөлөөлнө. Сэтгэл санаа хүнд байх үед хоолой уначихаад, гарч өгдөггүй. Баярлаж хөөрсөн үед хоолой урсаад л байдаг. Тэр ч байтугай цаг агаар бас нөлөөлдөг. Нартай сайхан өдөр дуу сайхан гарна. Бүрхэг чийглэг өдөр хоолой унтамхай байдалтай болчихдог. Тэмцээн, уралдаан дээр хүртэл хичнээн дасгал сургуулилт сайн байсан ч тэр өдрийн тэнгэр мэдэх үе бий .

-Гадаадын сонгодог бүтээл дуулах, монгол романсыг дуулахын хооронд хэр ялгаатай байдаг вэ?

-Монгол хэл бол залгамал, дэлгэмэл гийгүүлэгчид суурилдаг хатуу хэл. Итали хэл бол дуурийн дуу дуулахад төгс зохицсон эгшиг дээр суурилдаг хэл. Вокалный хоолойг гаргахын тулд итали хэл дээр суурилж, сонгодог урлагийн хөгжлийн түүхэн дэх тавимал хоолой буюу перкрит  өнгө гарч ирсэн. Эрэгтэй тенор дуучинд хамгийн дээшээ нот нь соль, ля нот гардаг байсан бол шилжмэл өнгө буюу хиймэл өнгө болох си до нотоор дуулдаг болсноор дуурийн урлаг илүү шинэ, өргөн хүрээтэй хөгжсөн. Тэр хэлд зориулсан дууг монголоор дуулахад зохицохгүй. Монгол дуу бол нэгдүгээрт пентатоник ладан дээр явдаг, хоёрдугаарт үг нь гийгүүлэгч дээр суурилдаг учир дуучнаасаа маш их ур, өөрчлөлт хувьсал, шаарддаг. Монгол дууг хоолой нь тогтсон үедээ дуулахгүй бол залуу хүний хоолой эвдрэх аюултай гэдэг. Тийм учир нилээн чадавхижиж байж монгол дуу руу орох хэрэгтэй.

-Таныг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Хоолойн хүчээр бол аварга шүү” гэж хэлсэн байсан. Дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын дэлхийн энтэй дуучид Монголоос төрсөн. Тэдний дуулалтын онцлогийг адил мэргэжлийн хүний зүгээс та юу гэж хардаг вэ?

-Г.Ариунбаатар гэхэд сайхан хоолойтой, нуруу туруу, зүс царай гээд байгалиас заяасан өгөгдөлтэй. Яг л сонгодог урлагт заяагдсан хүн. Хоолойны хувьд Ж.Верди, Дж.Пуччинни ч гэх юм уу, драматичексий төрлийн дуурийг дуулахад тохирсон тас хийсэн өнгөтэй. Э.Амартүвшин ч бас л дуулах гэж төрсөн хүн. Г.Ариунбаатараас илүү зүйл нь гэвэл бүтээлээ дотоод зүрх сэтгэлээсээ гаргаж дуулдаг. Харин Э.Амартүвшингээс Г.Ариунбаатарын ялгагдах онцлог нь өөрийн өнгө аяс, характерыг царай төрхний хувирал, жүжиглэлтээрээ байлдан дагуулж дуулдагт байдаг. Үзэгчдийг өөртөө татах чадвартай. Миний хувьд өөрийнхөө хөгжимлөг байдлыг ашигладаг. Ер нь дуучид хоолойгоороо биш толгойгоороо дуулдаг гэж би боддог. Бөх ч гэсэн адилхан. Ямар ч салбарт гүйлгээ ухаантай, сийрэг толгойтой хүн л юмыг илүү гүн ойлгож, хөрвөх чадвар болоод асуудлыг шалмаг шийдэх тал дээр амжилт гаргадаг. Ганцхан чадалтай, гоё хоолой байгаад дуулна гэж байхгүй.

-Таны хувьд “Богема”, “Травиата”, “Евгений Онегин”, “Дон жуан”, “Кармен” болон “Учиртай гурван толгой”, “Хөхөө намжил”, “Чингис хаан” зэрэг дуурьт дуулж байсан. Энийг л дуулчихвал гэсэн хүсэл цухалзуулдаг ямар дуурь байдаг вэ?

-Бүх л дуурь байна. Дэлхийн алдартай П.Доминго гээд тенорын бүх дууг залуудаа дуулсан. Одоо баритон хоолойд зориулсан дуунуудыг нь дуулж байна. Ер нь бол баритон хоолойд зориулсан бүх партыг дуулахыг хүсдэг.  Дэлхий дээр сонгодог од болсон 20-оод л дуу байна даа.

-Дуучин хүн эмгэнэлтэй, хошин, хайрласан дурласан, баярласан хөөрсөн дүрээс дүрд сэтгэл зүрхээ туучуулж байдаг. Тэрхэн үедээ яаж өөрийгөө сатааруулдаг вэ?

-Дуурийг буффо опера буюу хөгжилтэй, хөнгөн дуурийн төрөл, серра опера буюу эмгэнэлт дуурийн төрөл гэж хоёр ангилдаг. Дуурийн гол утга нь эмгэнэл. Романтизм хөгжмийн зохиолчдын гол төлөөлөгчид амьдралд болж байгаа зүйлийг тайзан дээр хүүрнэж чадсан. Тэгэхээр дуурь эмгэнэлтэй байдаг. Үхэл хагацал гэдэг амьдралын үнэ цэнийг мэдрүүлдэг, Үүнийг хөгжмөөр мэдрүүлж байгаа юм. Тайзан дээр Э.Анхбаяр гэдэг хувь хүн байх ёсгүй.  Жишээ нь, би “Богема” дуурийн Марчеллогийн дүрд тоглосон. Өөрийнхөө найз Рудольфийн хайртай эмэгтэй үхэхэд адилхан шаналдаг. Тайзан дээр үхэл хагацал, уй гашууг зүрхээрээ туучуулж өнгөрөхдөө хажуудаа байгаа хайртай хүмүүсээ илүү их хайрлах, амьдралд татагдах мэдрэмж төрдөг. Ер нь тийм юм байна.

-Бүх дуурь авьяас чадвар шавхаж таарна. Хамгийн их тойрч халгадаг ямар бүтээл байдаг вэ?

-Залуу байгаа болохоор драматический парт дуулахад хэцүү л дээ. Маккбет, Риголетто, Набуко ч юм уу, хүнд дуурийг нас нилээн явж, хоолойны бяд сууж байж дуулна.

-Сонгодог урлаг гэдэг нийтийг хамарсан хэрэглээ биш элит түвшний хэрэглээ. Гэхдээ энэ урлагийг суурь боловсрол, хүмүүжилтэй холбох ёстой гэдэг дээр та санал нийлдэг үү?

-Сонгодог урлаг бол нийгэмд хүртээх талх биш, хүртэх дарс нь юм. Мэдээж сонгодог урлаг нийтийн дуу шиг хэзээ ч түгэн дэлгэрэх боломжгүй. Хөдөө хээр хонь хариулж яваа хөгшин “Хундагын дуу” сонсч, суманд сурдаг хүүхэд “Цөмөөхэй” үзэх боломжгүй. Сонгодог урлагийг хүн бүр сонирхох алба байхгүй. Мэдэээж бага балчраасаа сонгодог урлагт шимтэн өссөн хүүхэд ул суурьтай, аливааг олон талаас нь эргэцүүлдэг, шийдвэр гаргах чадвар сайтай хүн болж төлөвшдөг. Тэгэхээр үнэхээр ерөнхий эрдмийн хичээлээр сонгодог урлагийн боловсрол олгодог болчихвол сайн л хэрэг байна.

-Та оюутан байхдаа ямар хүүхэд байсан бэ, өнөөдөр ирчихсэн байгаа энэ зорилгоо тодорхойлж, энэ зүгт зорьж байсан уу?

-Бидний оюутан үе одоогийнхоос өөр байсан. Мөнгө төгрөг дутуу гачуу. Өдрийн хоолны мөнгөнөөсөө хасаад интенет кафед сууж, дуулах дуугаа сонсдог байлаа. Интернет кафед дуурь сонсдог байсан юм шүү. Хүн мэргэжилдээ хайртай, дуртай байх их чухал. Түүн дээр ирээдүйн амьдрал тогтоно. Ний нуугүй хэлэхэд, бүхнийг амар хялбараар аргалчих гэсэн хямдхан сэтгэлгээтэй уран бүтээлчид одоо олширсон юм шиг санагддаг. Энд тэнд ам барьж байгаа нөхдүүд их таарах юм. Адилхан мэргэжилтэй хүний хувьд ичмээр л санагддаг. Өмнөөс нь таагүй мэдрэмж төрөөд байдаг юм.

-Төгсгөлд нь, таны энэ зуны төлөвлөгөөнөөс сонирхъё?

-Зургадугаар сард П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцоно. Манай улсаас таван дуучин шалгарсан байгаа. Долоо, наймдугаар сард цомгийн ажилдаа анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байгаа. Есдүгээр сард тоглолт, анхны цомгийн нээлт гээд зуны ажлынхаа үр дүнг гаргана.

-Амжилт хүсье. Ингэхэд та шинэ цомгийнхоо нэрийг олчихсон уу?

-Би дөнгөж сургуулиа төгсөөд “Мандах ёстой юм” гэж сайхан дуу анх дуулж байсан юм. Н.Энхбаатарын шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу. Их сайхан үгтэй.

Өглөөний гэгээн наран шиг мандах ёстой юм эр хүн

Өндөр тэнгэрийн одод шиг гялалзах шиг ёстой юм эр хүн

Дээлийг чинь бүслээд дэвших ёстой юм

Дэлхийн дайдыг зориод дэгжих ёстой юм /Дуулав/. Энэ дуугаараа анхны цомгоо овоглож байгаа.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.58.24) 2022 оны 11 сарын 09

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
з(124.158.112.17) 2019 оны 05 сарын 23

сайхан дуучин. сүүлийн үед дуулсан романсууд нь ямар гоё юм бэ

1  |  0
Top