Хууль сахиулах их сургуулийн Албаны бэлтгэлийн тэнхимийн эрхлэгч, хурандаа, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор С.Хаянгарваатай ярилцлаа.
-Та НАХЯ-аас эхлээд өнөөдрийг хүртэл эх орон, ард түмний аюулгүй байдлын төлөө ажилласан хүн. Өөрөөр хэлбэл, энэ талд олон мянган хүн бэлтгэсэн. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлүүлье?
-Энэ тухай ярихаар эр цэрэг нь эх орноо, ард түмнээ хамгаалах, тулааны спортын тухай хөндөх хэрэг гарна. Яагаад гэхээр энэ нь миний амьдралын үнэт зүйл, салшгүй хэсэг юм. Миний хувьд хуучнаар ЗХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд сонсогч байх үеэс байлдааны самбо, тулааны спорт руу хөл тавьсан. Энэ үед урьд хил дээрээс санаатай санаагүй хил зөрчигчид илэрч, казакстан, хятадууд таагүй харилцаатай байсан цаг үед Монгол Улсын хилийг бэхжүүлэх зорилгоор мэргэжилтнүүд бэлдсэн юм. Энэ үед л би ЗХУ-д суралцахаар очсон. Бага залуугаасаа үндэсний бөхөөр хичээллэж байсан болохоор багш нарын нүдэнд илүү их тусч, тулааны спортоор тууштай хичээллэх болсон. Сургуулиа төгсөөд ирэхэд багш маань намайг багш болохыг дэмжиж, НАХЯ-ны тушаалаар Цэргийн тусгай дунд сургуульд Байлдааны самбын багшаар томилогдож байв. Дөнгөж 21 настай хүүхэд багшлахаар очиж байхад одоо энэ Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан нарын багш Гэлэг гуай “Энэ жаахан хүүхэд хичээл зааж чадах уу” гэж хэлэхэд нь анх багш болсон өдрөө сэтгэл санаагаар унаж байлаа. Уг нь би Хилийн цэргийн сургууль төгсөөд ирсэн, хилээ манана, хил дээр ажиллана гэж бодож байсан л даа. Манай сургуульд бэлтгэлийн тоног төхөөрөмж гээд бүхий л зүйл дутмаг. ЗХУ-д сурч байхад энэ бүхэн хангалттай байдаг байсан болохоор сэтгэлд хүрэх зүйл нэгээхэн ч үгүй. Сургуульд явахаасаа өмнө Пионерийн ордонд Түвдэндорж, Гомбо гэж хоёр багш дээр үндэсний бөхөөр хичээллэдэг байсан учраас залуучуудаа тэдний зааланд аваачихаас эхлээд Туулын хөвөөнд хүртэл бэлтгэл сургуулилт хийдэг байв.
-Уг нь энэ үед хилээ манана, хил дээр ажиллана гэж бодож явсан залууг өөр зүгт хандуулчихсан байна. Тухайн цагийн хилийн байдал ч түгшүүртэй байсан гэж ярьдаг?
-Далаад оны сүүл, наяад оны эхээр Монгол Улсын хилийн байдал түгшүүртэй байлаа. Тиймээс ч 1979 он, 1980 оны Хэрлэн хээрийн сургууль, Эрдэнэцагааны, Дорноговийн гээд хэд хэдэн том хээрийн сургууль болсон. Энэ бүгдэд цэрэг цагдаа, НАХЯ-ны сургуулиас шигшиж авсан багтай хээрийн сургуульд оролцдог байлаа. Би ЗХУ-д сурч байхдаа ийм группэд байсан учраас тэр сурсан мэдсэнийхээ дагуу бэлтгэж байсан. Бидний хувьд хээрийн сургуулийн бэлтгэлийн командлалын хамгаалалтад явна. Командлал өглөө таван цагт сэрээд шөнийн 02 цагт унтахад л бид унтана. Унтаад удаагүй байтал генерал сэрсэн шүү гээд босно. Монгол Улсын армийн анги нэгтгэл, орос цэргийн ангийн хамтарсан хээрийн сургууль болж байх энэ үед хавар цаг сэрүүхэн ч байсан. Хамтарсан хээрийн сургуулийн зах хязгаар гэж харагдахгүй сүрдмээр. Хэрэглэж байгаа сум нь хүртэл сургуулийнх биш, жинхэнэ байв. Хэвтээ босоо нуувч ухахаас эхлээд яг л байлдааны цагийн хуулиар амьсгалсан өдрүүд тэнд болж өнгөрсөн. Ингээд явж байхад юу юуны өмнө ээж ааваас илүү үр хүүхэд бодогдож, дайн болвол ийм л зүйл болох юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг байлаа. Ингээд хээрийн сургууль дуусч, төгсгөлд нь бид бие хамгаалах үзүүлэх тоглолт үзүүлнэ. Тухайн цагт эх орноо, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө ингэж бэлтгэдэг байлаа.
-Тэр цагт зарим хөрш оронтой харилцаа муутай тагнуул туршуул хил зөрчигч гээд домог шиг зүйл ярьдаг. Харин дотоодын аюулгүй байдал хэр хангагдаж байв?
-Үнэндээ манай дотоодын байдал ч тийм таатай байгаагүй. Тухайн үеийн ТМС, бусад их дээд сургуулийн оюутны тэтгэлэгт цалин буух үеэр “Дөчин мянгат”-ын, “Сансар”-ын, “Маахуур”-ын гээд бүлэглэлүүд нэгдээд оюутнуудын цалинг дээрэмддэг нь тэдний бүр кампанит ажил болчихсон байв. Энэ үеэр НАХЯ-аас анхаарал хандуулж, бид оюутнуудыг цалингаа аваад явахаар нь дагана. Тухайн цагт атаманууд гэх нэртэй нөхөд оюутнуудын цалинг дээрэмдэж, эцэст нь бүлэглэлүүд нэг дор цугларахаар нь бид очиж авна.
Зодоон цохион, хутга шөвөг гээд эрсдэл дунд ажилладаг байлаа. Ийм ажиллагааг хэд хэдэн удаа явуулсны дараа энэ байдал намдсан. Ингээд Хилийн цэргийн сургуульд суралцаж ирсэн ч нийгмийг аюулаас хамгаалахын чиглэлээр ажиллаж байсан учраас 1980 онд ЗХУ руу Дотоод явдлын яамны академид суралцуулахаар явуулсан. Сургуулиа арай дүүргэж амжилгүй ирсэн учраас үргэлжлүүлэн Монголдоо суралцаж төгсөөд шууд “Хүч” нийгэмлэгт салаан даргаар ирж ажилласан даа.
-“Хүч” спортын хороо бол нэртэй тамирчдаараа алдартай. Таныг ирж байхад хэн хэн байв?
-Намайг “Хүч”-д ирж байхад Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Д.Мөнх-Эрдэнэ гээд хэдэн сайхан залуучууд байсан. Одоо бүгд л Монгол Улс, тэр ч бүү хэл тив дэлхийд нэр алдраа дуурсгасан хүмүүс болжээ.
-Хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн чадвартай байхын тулд заавал тулааны спортыг эзэмшсэн байх ёстой байх. Зэвсэггүй үлдэх, гардан тулаанд орох тал ч байдаг биз?
-Миний яриад байгаа зүйл бол спорт биш зэвсэг байхгүй юу. Гардан тулаан, байлдааны самбо спорт чиглэлээрээ хөгжиж байна уу гэвэл хөгжиж байна. Гэхдээ миний яриад байгаа зүйл тэс өөр. Бодит тулаан, болзолт тулаан, халз тулаан гээд олон бий. Эдгээрээс миний шаардаж байгаа нь бодит тулаан юм. Учир нь нийгмийг аюулаас хамгаалахаас эхлээд бүхий л хүчний байгууллага дамжин ажиллахдаа бодит тулааныг бий болгох, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар зааж зурж явсан учраас тэр. Аливаа зүйл тохиолдоход боксын бээлий өмсч очоод барихгүй биз дээ. Нүцгэн гараа ажиллуулах хэрэг гарна. Тусгай хэрэгсэл ашиглах, морь машинаар явах гээд олон төрлийн зүйлийг төгс эзэмших хэрэгтэй. Хүн төрөлхтний анхны боловсрол бол тулааны спорт. Ан гөрөө хийх, овог аймгаа бусдаас хамгаалах замаар хөгжиж, дараа нь цэргийн зохион байгуулалтад орсон. Аль ч оронд тулааны бүх урлаг цэргийн зохион байгуулалтаас гарч ирсэн. Цэргийн зохион байгуулалтаасаа спорт тал руугаа хөгжиж ирсэн байна. Уг нь бол эх орноо хамгаалах зориулалттай ч бүгд спорт чиглэл рүүгээ хөгжсөн хэрэг. Одоо бүр урлаг тал руугаа хөгжиж байна. Үүнийг би буруутгахгүй. Гэхдээ ялгаа заагтай байх нь юу юунаас чухал болжээ. Энэ тухайд би цааш ярина.
-Та 21 настайгаасаа багшилсан хүн. Ингэхдээ хүчний байгууллагуудаар дамжин ажилласан нь их сонин санагдлаа. Тухайн цагт боловсон хүчин хэрэгтэй байж дээ?
-Нийгмийн шаардлагаар байгуулагдаж байгаа бүхэнд очиж ажиллахдаа дандаа л байлдааны самбо, тулааны урлагийг заасан. Цэргийн тусгай дунд сургуулиас Цэргийн нэгдсэн дээд сургууль, Хууль сахиулахын их сургууль, НАХЯ-ны гуравдугаар хэлтэс, Хилийн цэргийн дээд сургууль, БХИС гээд өнөөдөр хүртэл явахад шавь нараа тоолж явсангүй, тоогоо алдсан байх. Миний хувь тавилан л гэж боддог. Энэ бүхэнд би спорт гэхээсээ илүү улс орны аюулгүй байдал, ард түмний амар амгалан байдлыг хэрхэн хамгаалах талаас нь зааж сургаж ирсэн. Гэхдээ надад спорт тал руу нь хөгжүүлээд Монгол Улсад төдийгүй, дэлхийд нэрд гарсан шавь нар олон байдаг. Жинхэнэ бодит тулаанд бэлтгэгдсэн шавь нар ч байдаг. Нэртэй тамирчдаас гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хичээл зааж явлаа. Би энэ амьдралаа тулааны спортгүйгээр төсөөлөх аргагүй, бүр амьдрах ч аргагүй. Дараа нь энэ чиглэлээр магистр хамгааллаа, доктор хамгааллаа, профессор ч боллоо, “Сонсогчийн алдар” тэмцээнийг анх санаачилан зохион байгуулсан гээд бүхий л амьдрал тулааны спорттой салшгүй холбоотой. Одоо БХИС, ХСИС гээд бусад газарт сайн багш нар хэрэгтэй байна.
-Сайн багш гэж яг ямар хүмүүсийг хэлэх вэ?
-Манай багшлах хүчин олон талын шаардлага хангасан байх, хууль эрх зүйн мэдлэгтэй, тулааны чиглэлээр чадвартай, энэ чиглэлээрээ 5-10 жил багшилсан туршлагатай, тусгай бэлтгэгдсэн байх ёстой. Түүнээс биш дэлхийн аварга, олимпийн аварга гэсэн алдартнууд энд хичээл заана гэж үгүй. Заавал цэрэг, цагдаа, хуулийн чиглэлээр онол практик аль аль талдаа нухлагдсан байх гээд олон шаардлага хангасан хүн багшлах зүй ёсны шаардлага тулгарчээ. Тэгэж байж энэ улсын аюулгүй байдал, ард олны амар амгалан байдал бүрэн хангагдана. Манай сонсогчид төгсөөд явахад улс орны аюулгүй байдал, ард иргэдийн эв нэгдлийг хангах тийм хэмжээнд л бэлтгэгдсэн байх ёстой гэж боддог. Би бүр энэ талаар өөрийгөө шаналгаж явдаг.
-Ингэхэд манай төрөөс энэ чиглэлд хэр анхаарал хандуулдаг юм бэ?
-Анх байлдааны самбо, гардан тулаан, албаны тусгай бэлтгэл гэдгийг байх ёстой гээд хуулбарлаад гаргаж ирсэн. Харин өнөөдөр үүнээсээ хэтэрсэнгүй. Намайг анх багшилж байхад байлдааны самбо, тусгай бэлтгэл нь Арвай, Дэжид генералууд болон тухайн үед сургууль удирдаж байгаа захирлуудын дэмжлэгтэйгээр явж ирсэн. Гэхдээ нэг багшаас илүү тухайн үеийн яам, командлалаас маш их хамаарна. Төр хэрэгцээтэй гэдгийг мэдэхээс нарийн зүйлийг мэддэггүй. Тэгэхэд хойд хөрш ОХУ бол тусгай бэлтгэлтэй хүмүүсээ яаж ч авч явж байна.
Зөвхөн Дагестан гэхэд тусгай бэлтгэлтэй хүмүүсээ дэлхийн аль ч өнцөгт очоод үүрэг гүйцэтгэж чадахаар бэлтгэж, тэднийгээ харж ханддаг. Тэгэхээр манай төрөөс ч энэ тал дээр илүү анхаарах цаг нь болсон. Манай зэсвсэгт хүчин, цагдаа, тагнуул, дотоодын цэрэг, онцгой гээд бүгд л халуун цэг дээр ажиллаж байна. Шоронгоос хүн оргохоос эхлээд гал түймэр, мафийн бүлэглэл, элдэв халдлага гээд бүхий л газарт энэ хүчний байгууллагынхан ажиллаж үүрэг гүйцэтгэдэг. Ингэх ч болно. Тиймээс юуны өмнө эрүүл чийрэг биетэй байхаас гадна ур чадварыг эзэмшсэн байх нь чухал. Эрүүл байхаас эхлээд энэ бүгдийг эзэмшсэн байж халуун цэг дээр ажиллана уу гэхээс нэг хууль мэддэг нөхөр компьютер дээр суугаад хийдэг ажил биш. Эх орон, ард түмэнд аюул занал ирвэл тэд юу ч хийж чадахгүй, гагцхүү бэлтгэгдсэн хүмүүс л тэнд үүрэг гүйцэтгэнэ.
-Үүнээс гадна хүчний байгууллагад бөхчүүд, тамирчид олноор ажилладаг. Тив дэлхийд амжилт гаргаад цол нь нэмэгдээд, албан тушаал нь ахиад явдаг ч өрөөсгөл юм байна?
-Аливаа улс орон тамирчдаа бэлтгэн тив дэлхийн хэмжээнд, хүн төрөлхтний эв нэгдлийн дор алдар суугаа дуудуулж Монгол Улсынхаа нэрийг гаргаад явах нь зөв. Гагцхүү тэд эх оронд аюул тулгарахад халуун цэг дээр хэзээ ч ажиллаж чадахгүй. Тусгай бэлтгэгдсэн хүмүүс л үүрэг гүйцэтгэнэ. Одоо бүх газар тусгайтай болчихсон, тэд нар тэмцээн уралдаанд зодолддог тийм л хүмүүс байна. Уг энэ бэлтгэгдсэн тусгай багт ажилладаг хүмүүс ямар ч уралдаан тэмцээнд оролцох ёсгүй. Тэд өдөр тутмын бэлтгэлээ хийгээд, харин улсаас тэр цол хэргэм, цалин хангамжийг нь хангалттай өгдөг байх хэрэгтэй. Тэд дэлхийн аваргаас эхлээд олон уралдаан тэмцээнд оролцох ямар хэрэгтэй юм. Үүнийг шийдвэр гаргах түвшинд мэдэхгүй байна. Аюул занал ирэхэд бөхчүүд шиг барьж аваад тонгорох, бокс шиг нэг гаргаад хоёр цохих гэх мэт зүйлс энд огт хамаагүй. Тухайн тулгарсан үед тэсэрдэг сэтгэлээтэй, ур чадвар эзэмшсэн хүн байх нь юу юунаас чухал. Өдөр тутмын бэлтгэлийг ч зөвхөн тулааны чиглэлээр их ядуу зааж байна. Гэтэл халуун хүйтэн зэвсэгтэй хэрхэн харьцах, морь машин бусад техник хэрэгслийг хэрхэн эзэмших талаар өдөр тутмын бэлтгэл байхгүй, ёс төдий л зааж байна гэхэд буруудахгүй. Энэ бүгдийг хангаж байж сая ард түмэн амар амгалан, эх орон аюулгүй байна. Ийм зүйлийг хангасан хүнд тэр цол форм, цалин хангамжаа өгдөг болохоос биш нэг наадамд түрүүлсэн нөхөрт цол өгөөд явах нь утгагүй. Яагаад гэхээр өдөр тутам бэлтгэлээ хангасан, шаардлагад нийцсэн нөхөд үүргээ гүйцэтгэж, үүгээрээ улс орны аюулгүй байдал хэмжигдэнэ үү гэхээс өндөр цол зүүж, форм өмссөнөөрөө хэмжигдэхгүй.
-Таныг ид залуу ажиллаж байх үед энэ тал дээр хэр анхаардаг байв. Өнөөдөртэй харьцуулбал?
-Би 1970-аад оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ үед Монгол Улсын Аюулаас хамгаалах, хилийн цэрэг, цагдаа гээд хүчний байгууллагуудын офицерууд цэрэг армиа яаж бэлдэж байсныг гадарлана. Өнөөдөртэй харьцуулахад сайн байсан. Сайн бэлтгэгдсэн офицерууд байсан. Гэтэл цэргийн алба гурван жил байгаад хоёр жил боллоо, дараа нь нэг жил боллоо, одоо оюутан цэрэгтэй боллоо. Оюутан цэрэг гэдгийг үнэндээ би ойлгохгүй байгаа. Одоо онжавтай биш зунжавтай болсон гэсэн үг. Дээр нь сургууль төгссөн нэг энгийн нөхрийг нэг жил ажиллуулаад офицер болгож байна. Суурь нь офицер биш бол хэзээ ч офицер болдоггүй. Өнөөдөр хүмүүс цол формын төлөө л явж байна. Тэдний өмссөн форм, зүүсэн цолоор дүгнэхэд манай улс олон улсын тавцанд маш өндөр түвшинд харагдах учиртай. Гэтэл тэдний хэмжүүр нь зөвхөн спортын тэмцээн уралдаан, тэндээс авсан медалиар хэмжигдэж байх жишээтэй. Монгол Улс хүн ам цөөтөй, тэгэхээр нэг хүн 10-15 хүнтэй тулалдаж чадах хэмжээнд бэлтгэгдэх шаардлага бий. Ийм дайчид Израйлд байна, тэд цэрэг армиа бэлдэж чадаж байна. Бид юуны тулд эх орны төлөө тангараг өргөлөө гэдгээ ухамсарлах цаг нь ирсэн. Өнөөдөр хэдийгээр улс орон тайван байгаа ч бид бэлтгэгдсэн тусгай хүчин бий болгох хэрэгтэй. Манай хүчний байгууллагууд бас л эвгүй нөхцөлд ажиллаж байна.
-Аливаа улс батлан хамгаалах салбартаа чамгүй хүч хөрөнгө зардаг. Гэтэл томоохон бодлого гаргахгүй байна уу гэж анзаарагдах юм?
-Дэлхийн бүх улс л батлан хамгаалах салбартаа анхаарч ирсэн шиг манай улс ч төсөв хөрөнгөө зарж ирсэн. Харин төрөөс тусгайлсан бодлого хэрэгжүүлэх тал дээр анхаарах цаг нь болсон. Хамгийн гол нь өнөөдөр албан тушаалын төлөө, цол хэргэмийн төлөө явдаг хүмүүс батлан хамгаалах, хүчний салбарт олон болжээ. Тиймээс ёсолж чадахгүй хурандаа, илтгэж чадахгүй офицерууд дүүрэн болсон. Аливаа улсын сүр хүч чинь батлан хамгаалах шүү дээ.
-Та дээр “Сонсогчийн алдар” тулааны тэмцээнийг анх санаачилан зохион байгууллаа гэсэн. Та спорт тал руугаа хөгжиж байгаа ч зааг ялгаа бий гэж ярьсан. Тэгэхээр энэ тэмцээн нь ямар зорилготой юм бэ?
-Тулааны спорт нь тулалдахаас гадна хүнийг хүмүүжүүлдэг ёс суртахуунтай зүйл. Өөрөө тулаанаар хичээллэж байж өрөөл бусдыг хайрладаг. Тулалдаж чадахгүй хүн шил хагалаад юм уу, хутга бариад гарч ирнэ. Үүнээс үүсэх аюул эрсдэл юу байдгийг хүн бүхэн мэднэ. Аливаа тамирчин нэг нэгнээ цохиж унагах, цус нөжөө гоожуулахаас илүүтэй ур чадвар талд нь илүү анхаарсан. Ерөөсөө тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн төлөө тодорхой өгөгдсөн хугацаанд уран чадвар гаргаж тулалдах зорилгын дор бүх зүйлээ зориулан зохион байгуулах нь зөв гэж бодсон. Анх 1994 онд тэмцээний эхлэлийг нь тавьсан. Тэгээд 1996 онд анхны тэмцээн болж, энэ оноос хойш тоолсон.
Уг нь “Сонсогчийн алдар” тэмцээнийг 1996 оноос хойш тоолохоор 20 гаруй жил болно. Гэтэл аливаа тэмцээн уралдаан зохион байгуулахад юуны өмнө зардал санхүүгийн асуудал тулгардаг. Үүнд зориулагдсан мөнгө санхүү гэж тусгайлсан зүйл байдаггүй. Тэмцээн зохион байгуулах заал, тамирчдаа урамшуулах, медаль цомоос эхлээд эрсдэлтэй зүйл бий. Үүнийг зохион байгуулах нь эр зоригийн асуудал. Энэ жилийн тэмцээний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн ирж баяр хүргэсэн. Ерөнхий сайдыг хүрэлцэн ирэхэд бие хамгаалах урлагийг төрөөс анхаарч эхэлж байна даа, сайхан хэрэг гэж хаа хаанаа бодсон байж таарна.