Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган болж байна. Чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 800 гаруй ээж хүрэлцэн иржээ. Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулганыг 2008 оноос хойш 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "Эрхэм эхчүүд, эмэгтэйчүүд ээ. Та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр бол баярын гэхээсээ ухаарал, дүгнэлт эргэцүүллийн өдөр гэж би санадаг. Энэ өдрийн уламжилж ирсэн хандлага, агуулга, эх үндэс ч ийм юм. Монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, оролцоо ямар хэмжээнд байна, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хэрхэн хэрэгжиж байгаа зэргийг бид энэ өдөр тодорхойлон ярилцаж, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх талаар санал онолоо гаргаж, шаардах ёстой чухал өдөр юм.
Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтээрээ эрэмбэлэгдэн эхэнд жагссан 20 ажлын байрны ихэнх нь эмэгтэйчүүд хийж чадахаар ажлын байрнууд харагдаж байгаа ч ажил идэвхтэй хайж байгаа эмэгтэйчүүд цөөн байгаа нь эмэгтэй хүн гэр бүлдээ цагаа зарцуулах, ажил хийх гэсэн хоёр сонголтод ажлын байр нь давамгай нөлөө үзүүлэх чадваргүй байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс үүнд чадах, хүчрэх хэмжээгээрээ оролцох, нөлөөлөх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох талаар Америкийн Нэгдсэн Улстай хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олон мянгаар нэмэгдэх учиртай юм" гэдгийг онцоллоо.
Одонтой ээжүүдийн холбооны ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа "Эмэгтэйчүүд төрийн болон хувийн хэвшилд ажилладаг боловч авч байгаа нь цалин нь хүрэлцээгүй. Хувиараа бизнес эрхэлж, ахуй амьдралаа авч явж байгаа боловч төрийн дэмжлэг хүрэлцээгүй, тэгш бус, шударга бус байна" гэлээ. Чуулганаар есөн ээжийг "Хатан ээж"-ээр өргөмжиллөө.
Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган урлагын тоглолтоор үргэлжилж байна.


Сэтгэгдэл ( 0 )