Б.Баатар агсны дурсгалд: ТЕАТР түүнийг хүлээж байсан мэт...

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Одоо ингээд бодоход театрт жүжиг үзээгүй нэг жил болжээ. Бүхэл бүтэн нэг жил театрыг зүглээгүй гэхээр их л урт хугацаа өнгөрсөн шиг санагдана. Миний хамгийн сүүлд үзсэн жүжиг бол найруулагч Б.Баатар агсны “Адууны түүх” байсан юм. Тийм ээ, түүнээс хойш үнэхээр нэг ч жүжиг үзсэнгүй. Сонин юм шүү. Харин өчигдөр /2019.01.29/ дэргэдээс нь хэдхэн удаа л харж байсан, эрхэм хүмүүнийг эргэн дурсахаар театрын зүг эрхгүй яарав. Тэр эрхэм хүмүүн бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Баярцагааны Баатар билээ.


Театр минь эгээ л дотно дулаахан, тайван мэдрэмж төрүүлсээр угтлаа. Харин өмнөхөөсөө жаахан эль хул болчихож. Өнцөг булан бүрийг эргэн тойрч нэг хармаар санагдав. Гэрэл нь улам л бүдгэрчихсэн юм шиг, улаан суудлуудын дундуур бүдэгхэн манан татчихсан байх шиг бүүдгэр, саарал харагдана. Театрын танхим надад үргэлж л ув улаан харагддаг байсан сан. Тэр хэрээрээ ч сүр хүчийг мэдрүүлдэг. Харин одоо хачин нам гүм ноёлох аж. Яг л эзнээ ирэхийг хүлээн, ханхайн хоосорч, тоос дарсан айл шиг.


Энэ өдөр Б.Баатар найруулагчийн төрсөн өдөр тохиож, гэр бүлийхэн, найз нөхөд, театрын хамт олон нь түүнийг эргэн дурсахаар "Урлагт үнэн амьдар" хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан юм. Б.Баатар найруулагч надад хатуу боловч үнэн үгтэй, халдаж боломгүй холын уул шиг санагддаг байв. Тэр хэрээр ч дотроо түүнийг үргэлж сониучирхана. Найруулагч хаа нэг сургуулийн /Соёл урлагийн их сургууль/ "Оюутан" театрт ирчихсэн оюутны ажил, улирлын шалгалт, сургуулийн наадмын жүжиг үзэж суугаа харагддаг байж билээ. Заримдаа өнөөх л хатуу боловч үнэн үгээ оюутнуудад хэлж байгаа нь сонсогдоно.


Үнэнийг хэлэхэд бидний хувьд баатар шиг санагддаг түүнгүйгээр театр ханхай хоосон байна. Найруулагчгүй театр гэж юусан билээ. Ингэж бодоход хэдий гунигтай ч, нэгэнт халин одсон цаг хугацааны араас бид юу хийж чадах вэ. Гэвч Л.Ванган, С.Гэндэн нараас эхлээд үе үеийн суут найруулагчдын хүчирхэг оюун санаа энэ газарт одоо ч оршин буй. Б.Баатар найруулагч ч театрынхаа их тайзанд үргэлж амьдарсаар байгаа гэдгийг хүндэтгэлийн тоглолтыг үзсэний дараа ойлгосон юм.


Театрын тайзан дээр хэн нэгэн гарч ирээд түүний тухай дурсаж, энгүүн сайхан яриа өрнүүлэх л дутаж байжээ. Тоглолт сайхан болж өндөрлөлөө. Тайзнаас, хөгжмөөс, жүжгээс найруулагчийг мэдэрлээ. Халуун алга ташилт, магадгүй заримдаа бодлогошрол. "Их урлаг алдаатай, буруу, заримдаа бүр эсэргүү ч байж болно" хэмээн ярьж байсныг нь зохиолч, яруу найрагч Д.Урианхай гуай дурсан ярив. Тэр бол тэгш бус хэмт найруулагч байсан. Тиймдээ ч А.П.Чеховын "Цахлай" жүжгийг найруулан тавьсан гэж хамт олон нь хуучлав. 


Зохиолч А.П.Чехов бол миний хамгийн дуртай орос зохиолчдын нэг. Түүний жүжиг болоод үргэлжилсэн үгийн зохиолууд монгол хэлнээ хэд хэдэн удаа хөрвүүлэгдсэн нь бий. Оюутан болоод театрын урлагтай илүү ойр дотно нөхөрлөсөн би А.П.Чеховыг тэр л үед анх уншиж байв. “Цахлай”, “Интоорын цэцэрлэг” жүжгүүдийг манай тайзан дээр тавигдсан түүхийг судалж үзээд Б.Баатар найруулагч "Цахлай" жүжгийг тавьж байсныг олж мэдсэн юм. Хүмүүст ихэвчлэн уйтгартай санагддаг эл зохиолыг тайзан дээр хэрхэн амилуулсан бол гэх бодол хэдэн өдөр толгойноос салаагүй юм даг.

 

1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлсэн тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Монгол ардын суут” жүжгийг, Л.Толстойн Холстомер буюу “Адууны түүх” жүжгийг тайзнаа тавьжээ. Тэр амьдралынхаа эцсийн мөч хүртэл "жинхэнэ" найруулагч хүний замналаар замнасан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.


Б.Баатар хэр чансаатай найруулагч байсныг энэ үдэш ирсэн уран бүтээлчдээс ч дүгнэчихэж болохоор байв. Илүү үг огтоос хэрэггүй. Оюун санааны ертөнцөөсөө мэдрэмж, бодрол, дурсамжаа сүлэн түүний тухай уудлахыг хичээв. Харин энд нэг л үнэн байна. Б.Баатар бол баатар. Тэр яах аргагүй Монгол ардын суут билээ.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mundo(203.91.115.43) 2019 оны 02 сарын 07

Гайхалтай

0  |  0
зочин (66.181.164.235) 2019 оны 02 сарын 01

урлагийн гавьяат

2  |  0
Top