Оны ОНЦЛОХ есөн ДҮР

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28
  • Улс төр, нийгмийн амьдрал 2018 он шиг оргилуун байсныг санахгүй юм. Он гарснаас хойш засгаа тонгорох, нэгнээ өмөөрөх, ЖДҮ авсан аваагүй, миний нам, чиний нам гэж талцсанаар эхэлсэн. Үнэхээр эрх баригч нам нь дотроо хоёр хуваагдан, наана цаанаа гарч байсан 2018 он шиг жил өмнө нь болж байгаагүй юм. Олон зүйл нуршилгүйгээр улирч буй оны онцлох “ДҮР”-үүдтэй танилцъя. Энэ нь олон нийтийн хамгийн их анхаарал хандуулж "хэлэлцсэн" үйл явдал, сэдэвт хамаарах хүмүүс болохыг тодотгоод, зарим "номинаци"-ийг шууд утгаар нь хүлээж авахгүй байхыг хүсье!

ХАМГИЙН ГҮРГЭР ЭРХЭМ


Хорин таван мянга гаруй хүн, УИХ-ын 40 гаруй гишүүн, намын нөхөд, Ерөнхий сайд, намын дарга нь хүртэл албан тушаалаа өгөөд, шударга ёсыг шаардаж байхад УИХ-ын дарга М.Энхболд "гүрийсээр" л байна. Одоо ч магадгүй "гүрийж" байгаа байх. “Би албан тушаалтай зууралдаагүй. Гэхдээ цаг нь болохоор албан тушаалаа өгнө” гэж МАН-ын бага хурал дээр хэлснийг нь бодож үзвэл тэр "гүрийсээр" л байх бололтой. УИХ-ын чуулгандаа ирэхгүй гишүүдээр хайлгаж байснаа 18:00 цагаас өмнө ганцаараа хуралдаад, ганцаараа алх тогшдог УИХ-ын даргатай гэхээр түүнийг гүйцэх гүргэр хүн өнөөгийн Монгол Улсад л лав алга.

***

ХАМГИЙН ИХ "ЯДАРСАН" ЭРХЭМ


УИХ-ын гишүүн магадгүй их ачаалалтай ажил байх. Ачаалалтай ажилтай, утаатай Улаанбаатарт саарал ордонд сууж байгаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ улсын хамгийн унтаахай, хамгийн ядарсан хүнээр тодорлоо. УИХ-ын танхим, МАН-ын бага хурал, Хэвлэлийн бага хурал бүр дээр тэр нүдээ аньж, хагас гилжийсэн байдалтай сууж байдаг. Эрхэм гишүүн үүнийгээ “Нүдээ анивчдаг. Түүнийг нь олоод дарчихдаг гэрэл зурагчид зохион байгуулалттай  хийдэг” гэж мэдэгдэж байсан удаатай. Тийм ч болох.

***

ХАМГИЙН ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ЭРХЭМ


30 гэр бүлд багтдаг, багтдаггүйгээ намынхаа дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр, тэгээд бүр УИХ-ын танхимд, хоёр сая гаруй ард иргэдийнхээ өмнө тодорхойлуулснаараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өрсөлдөгчгүйгээр энэ номинацийн эзэн боллоо.

Н.Номтойбаяр: Энэ 30 гэр бүл гэж хэн юм бэ? Үүнд би багтдаг уу? Багтдаг бол яагаад, ямар шалгуураар оруулсан юм бэ?

У.Хүрэлсүх: Тэр 30 гэр бүлийн нэг нь та өөрөө мөн. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшиж байна. Цагаан суваргыг хүртэл авсан. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч биш, Ард түмний өмч шүү.

УИХ-ын чуулган дээр ийм яриа болоод эрхэм гишүүн шүүх дээр уулзана гэж хоолой нь зөөлөрснөөр харилцан яриа өндөрлөсөн юм.

***

ХАМГИЙН БААВАРТАЙ ЭРХЭМ


УИХ-ын чуулгандаа барагтай бол суудаггүй, суусан ч бизнесээ хамгаалдаг, дэргэд суугаа "эрдэнэ"-ээ өдийг хүртэл мэдээгүй хүнээр Б.Наранхүү тодорлоо. Дүүдээ ЖДҮ-гээс зээл авч өгсөн, тэгээд ч болоогүй өөрөөсөө хоёр тэрбум төгрөг хүүгүй зээлдэг нүнжигтэй, баавартай ах энэ тивд ер нь байхгүй байх. "Яахав дээ, би дүүдээ авч өгсөн юм" гэдэг түүний үг олон дүү нарыг ахдаа гомдоход хүргэснийг нуух юун.

***

ХАМГИЙН "ЗОХИОЛЧ" ЭРХЭМ


“Миний туслахыг орой орцонд орж байхад нь араас нь нэг хүн цохиж, хоолойг нь боосон нь улс төрийн зохион байгуулалттай үйлдэл” гэж Төрийн ордонд хэвлэлийнхний нүдэн дээр ярьсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гүйцэх зохиолч энэ жил байсангүй. Ярьсан хэлснийг нь цагдаагийн газар эрс үгүйсгэснийх нь дараа “Долоон бурхан харвадаггүй” кино зохиосон юм чинь энэ мэтийн зохиол хялбархан бичнэ гэх хүмүүс ч байсныг хэлэх илүүц биз. Дараа нь УИХ-ын чуулган дээр “Ч.Хүрэлбаатарын ширээн дээр Ипотекийн зээл олгох банкуудын тоонд Лу.Болдын “Богд” банк байгаа” ч гэж худал хэлж үзэв. Тэр нэгхэн өдрийн тоглолтоор 500 гаруй саяыг олдог гэх юм билээ. Ийм мөнгийг мэргэжлийн дуучин С.Жавхлан ч долоо хоног дуулаад олдоггүй гэдгийг олон нийтийн сүлжээнд батлан хэлэв.

***

ОНЫ ДЕБЮТ ЭРХЭМ


УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр гишүүн болсон ч хэлд орж, өөрийгөө зарласан эрхэм бол Г.Солтан байлаа. Хэлд орж, өөрийгөө зарлахдаа тэр маш "эвгүй" байдлаар хэлд оров. УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан ЖДҮ сангаас зээл авсан байж болохыг нь баримтаар гаргаад байхад “Би энэ компанитай ямар ч хамаагүй. Уучлалт гуйх үндэс байхгүй” гэж хэлээд, хээв нэг нуруугаа үүрэн алхсан нь хүмүүсийн нүдэнд одоо ч харагдаж байгаа байх. Үүсгэн байгуулсан компанийнхаа үйл хэрэгт оролцдоггүй. Гэсэн атлаа тэр гишүүн болонгуут ЖДҮ-гээс эргэн төлөх нөхцөлтэй зээл авсныхаа төлөө уучлал гуйхгүй гэж мэдэгдсэн Г.Солтан гишүүн парламентад сонгогдсоноосоо хойш анх удаа олон түмэнд дүрээ харуулж, "ярьж" чаддаггаа баталсан нь энэ.

***

ХАМГИЙН ХҮНИЙ ҮГ СОНСДОГГҮЙ ЭРХЭМ


Үнэндээ энэ номинацид нэг хүнийг оруулахад туйлын хүнд байлаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн нар зуузай холбон орж ирэв. Улсын Ерөнхий прокурор үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө “Чи ингэж дуугарах болоогүй”, “Гишүүдийг загнадаг та хэн юм” гэх зэргээр дуу хадаан загнасан нь олон хүний чихэнд таагүй сонсогдсон.

ЖДҮ-гээс эрх мэдлээ ашиглан зээл авсан хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа тухай гишүүд шүүмжлэхэд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Та нар өөрсдөө хаацайлаад аваад үлддэг. Өнөөдөр үүрэг өгсөн сайд нь энд зүгээр сууж байхад үүргийг нь гүйцэтгэсэн залуус шоронд сууж байна. Энэ шударга ёс юм уу. Чуулганы энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гэв. Хариуцлага шаардсаны хариуд гишүүний бүрэн эрхээрээ нэр төрөө сэвтээж байгааг тухайн үед дээрх хоёр гишүүн бодсон эсэх нь эргэлзээтэй.

***

ХАМГИЙН "ТЭМЦЭГЧ" ЭРХЭМ


Ердөө жилийн өмнө нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар сонгогдоход мөнгөн аягатай хорхой ааруул атгаад, шинээр сонгогдсон сайдаа үнсч асан Д.Хаянхярваа намынхаа даргатай, Гүйцэтгэх засаглалын сайдтайгаа үзэж тарав. Намыг хагалан бутаргаж, ЖДҮ-тэй хариуцлага тооцож чадаагүй гэх үндэслэлээр. Хамгийн хачирхалтай нь, яг энэ тэмцэл нь намтайгаа юу, засагтайгаа юу гэдэг нь ялгагдахгүйд оршиж байв. “Намын даргын хувьд түүнийг шүүмжлээгүй, Ерөнхий сайдын хувьд шүүмжилсэн” гэж ярьсан нь чухамдаа энэ хүн юутай тэмцэж байгаагаа мэдээгүй гэдгийг олон нийтэд харуулж орхив. Үүнийхээ төлөө тэр МАН-ын бүлгийн даргаасаа огцорч, М.Энхболдын талд шилжиж ахуйд "Ардын нам талцах ёсгүй" гэсэн түүний үг түүх болон үлдсэн юм.

***

ХАМГИЙН ТОВЧХОН ЭРХЭМ


Хэвлэлийн бага хурлын түүхэнд түүн шиг минут хүрэхгүй хэвлэлийн бага хурал зарласан улстөрч байхгүй тул Б.Батзориг өрсөлдөгчгүйгээр энэ номинацын эзэн боллоо. Олон асуултад хариулт авна гэж бодож байтал “Тэгээд миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа хэвлэлийнхэн та бүхэнд мэдэгдэж байна” гээд хурал дуусчих нь тэр. Түүний зарласан хурлыг бүхэлд нь протоколдвол ийм. Товч бөгөөд тодорхой гэдгээ үүн шиг илэрхийлэх өөр тохиолдол гарах нь эргэлзээтэй.

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.179.26.56) 2025 оны 03 сарын 13

энэ 9н Этгээдүүд бол Ард иргэд олон түмнийхээ Эсрэг боссон 60н Тэрбумын гэгдэх Гэмт хэрэгт Нэр холбогдсон МЭнхболдын Амьгүй албатууд ямарч Алсын хараа Бодлого зориллоггүй зөвхөн МЭнхболд гэгчийгээ сохороор Тахин шүтсэн Яс горьдсон Нохой аятай Өрөвдөлтөй амьтад

1  |  0
ZOCHIN(70.31.125.185) 2025 оны 03 сарын 13

Ene erguu Munhbat eunii erunhiilugch bolson gelee hevleleer uuriiguu zaralsan biz dee.Unen shog gar shuu

1  |  0
ZOCHIN(70.31.125.185) 2025 оны 03 сарын 13

TER UMDUNDUU BAASAN UM SHIG TSARAITAI NUSTAIBAYRIIG HARAA TAMIN EE

1  |  0
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

Оюунчимэг маанаг хүүхэн яаж гишүүн боловоо. Уулзаж байсан өчүүхэн дорой амьтан бхйсан . Дандаа урвалт хийдэг.

1  |  0
иргэн(202.179.26.56) 2025 оны 03 сарын 13

Эх орон Ард иргэдээсээ Урвагсад буюу Эсэргүүн болсон 9 Этгээд

1  |  0
zochin(66.181.191.15) 2025 оны 03 сарын 13

Ed nariig haraad uneheer durgui hurch baina. Ter 0yunhoroliin baij baigaag . Hugshin banhar shig dambagar avgai uls turuus zailbal taarna.

1  |  0
Top