Цөмийн шинжлэх ухаан, технологийн асуудлаарх Сайд нарын бага хурлыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) Вена хотноо арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулав.
Бага хуралд ОУАЭА-ийн гишүүн улсын шинжлэх ухаан, технолгийн асуудал хариуцсан сайд нар оролцсон бөгөөд манай улсын төлөөлөгчид мөн оролцож Монгол Улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хамтын ажиллагааны үр дүн, цаашид тавьж буй зорилтоо танилцуулав.
Манай төлөөлөгч хэлсэн үгэндээ 2030 Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шинжлэх ухаан, технологийн үүрэг чухал гэдгийг тодотгож, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг нийгэм эдийн засгийн салбаруудад өргөнөөр нэвтрүүлэх нь бодит үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тэрээр цөмийн технологи, аргачлалыг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, шинжлэх ухааны судалгааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээрх манай улсын хүчин чармайлатад ОУАЭА дэмжлэг туслалцаа үзүүлж буйг дурдаж, үр дүнтэй хэрэгжүүлж буй өөрийн улсын зарим туршлагаас танилцуулав. Тухайлбал, хавдрын эмчилгээ, эмчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ОУАЭА-тай хамтран тоног төхөөрөмж, дэвшилтэт аргачлалыг нэвтрүүлж, хүний нөөцөө тогтмол бэхжүүлж буйг онцлов.
Бага хурлын дүнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад цөмийн шинжлэх ухаан, технологийн цаашдын хөгжлийг дэмжих, хэрэглээг өргөжүүлэх, хүртээмжтэй болгох, чингэснээр хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чадавхийг нэмэгдүүлэхийг уриалсан хамтарсан тунхаглалыг батлав.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл ( 1 )
horvoogiin uusliig tsomiin fizik