Э.Гэрэлт-Од: Намууд төлөвшөөгүй цагт парламент төлөвшиж чадахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

 

  • Монголын улс төрийн амьдралд өрнөж байгаа нөхцөл байдлын талаар улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-Өнөөгийн улс төрд өрнөж буй үйл явцыг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Энэ бол улс төрийн намууд нь төлөвшөөгүй, улстөрчид нь ёс зүйгүй байгаа улс орны бодит дүр зураг. Намууд төлөвшөөгүй цагт парламент хэзээ ч төлөвшиж чадахгүй. Парламент чадамжгүй байвал засаглалынхаа тогтолцоонд иргэд итгэхгүй байхаас аргагүй. Энэ бүхэнд улс төрийн намуудын төлөвшил чухлаар үгүйлэгдэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна.

-Иргэд төрд итгэхгүй болсноор нийгэмд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл юу вэ?

-Шууд иргэд төрд итгэхгүй болсон гэж хэлэхэд хэцүү. Судалгааны дүнгүүдээс харахад иргэдийн 60-70 хувь нь улс төрийн намуудад итгэхгүй байх хандлага байгаа. Гэхдээ тэртэй тэргүй бидний сонгосон тогтолцоо нь бүгд найрамдах засаглал. Намгүйгээр цааш явах боломж байхгүй. Тэгэхээр бид улс төрийн намуудыг яаж хяналтдаа байлгах вэ, намуудыг яаж хариуцлагажуулах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Намууд нь бодлоготой, хариуцлагатай болоод ирэхийн цагт засаглал харьцангуй тогтвортой байж болох юм.

-Бидний сонгосон засаглалын тогтолцоо нь хэр оновчтой вэ? /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/


-Бидэнд ийм боломж байхад яагаад засаглалын тогтворгүй байдал үүсээд байгаа хэрэг вэ?

-Улс төрийн намуудыг өнгөрсөн 28 жилд бид төлөвшүүлж чадаагүй. 1990 онд Улс төрийн намын тухай хууль баталсан. Тухайн үеийн МАХН-ыг л хамгийн сайн хүчирхэг нам байна, яг ийм намтай байхад л болно гэж бодсон. Амьдрал дээр бид өнөөдрийг хүртэл МАН, АН гэсэн нөлөө бүхий хоёр намтай юм шиг явж ирсэн. Бусад намууд үндэсний хэмжээний нам болж төлөвшиж чадахгүй байна. Үүний цаад шалтгаан нь бидний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн тогтолцоо бол улс төрийн намуудын тоглоомын дүрэм. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/

ҮРГЭЛЖЛЭЛ: Үүнээс болоод өнөөдрийн улс төрийн намууд амьдрал дээр дотоод ардчилал, хариуцлагыг хэрэгжүүлэхгүй байна. Нам дотроо ойлголцож чадахгүй засаглалын төвшинд маргалдаад байгааг бид харж байна. МАН ч гэсэн нам дотроо ойлголцож чадахгүй парламентыг хямруулж байна. АН ч гэсэн нөлөө бүхий лидерүүд нь намынхаа бодлогын эсрэг ажиллаж байна. Нам бол үнэт зүйлсийн үүр уурхай байх ёстой. Аль ч нам энэ уурхайг олборлохгүй байна. Хэн ч үүнийг ойлгохгүй байна. 20 жил улс төрийн намаар дамжиж ирсэн лидерүүд нь ч ойлгохгүй байна.

-Манай улсад сонгуулийн ямар тогтолцоо оновчтой вэ?

-Сонгуулийн илүү холимог тогтолцоог ашигласан хувилбарыг бид сонгох ёстой. Пропорционал, мажоритар хоёроо хослуулах маягаар магадгүй 50:50 хувийн оролцоотой сонгуулийн тогтолцоог хэрэглээд, парламентынхаа суудлын тоог нэмэгдүүлбэл илүү үр дүнтэй.

-Одоо улс төрд өрнөж байгаа маргаан, мэтгэлцээн нь ардчиллын нэг хэлбэр биш үү?

-Одоо үүсээд байгаа нөхцөл байдал нь ардчиллын хэлбэр мөн. Магадгүй бид ардчиллын бус засаглалтай байсан бол хэн ч ингэж талцахгүй, маргаж мэтгэлцэхгүй. Хэдийгээр энэ нь ардчилал боловч бид сорилтын өмнө ирээд байна. Сорилтоо яаж даван туулах вэ гэдэг нь бидний сонголт.

М.Бүүвэй

Зураглаач М.Тэнүүн

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top