“Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ.
Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өнгөрсөн зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон юм.
Тэгвэл дээрх нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотойгоор “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос мэдэгдэл гаргаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа өнөөдөр /2018.11.21/ мэдээллээ.
Хэвлэлийн хуралд “Шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүх болон тус холбооны гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж, Д.Тайванхүү, Д.Буянтогтох, П.Баттулга, Ц.Батмөнх нар оролцов. Тэд энэ үеэр “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл санаачилсан хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, эрх баригчдыг дур зоргоороо аашлах боломжийг олгохыг завдсан үйлдэл” хэмээн онцолсон юм.
Мэдэгдэл
Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-г шүүхийн хяналтаас гаргах гэж байна.
Хэрвээ энэ хуулийн төсөл Улсын Их Хурлаас батлагдвал, Засгийн газар, түүний харьяа төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болох юм.
Үндсэн хууль болон манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод хүн бүр шүүхэд хандах эрхтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан атлаа засаг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхэд хянуулахгүй, иргэдийн шүүхэд хандах эрхийг хуулиар хязгаарлах нь хуулийн засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгмийн мөн чанарт үл нийцэх үйлдэл болно.
Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчимд тулгуурлах ёстой тул шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгосон, засаг, төрийн байгууллагыг дур зоргоор аашлах боломжийг олгосон хуулийг батлах ёсгүй билээ.
Эрх зүйт төрийн ололтоос ухрах, хүний эрхзүйн байдлыг дордуулж, засаг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хяналтгүй болгох хууль гаргах нь Монголын ард түмний язгуур эрх ашигт хохирол учруулахаар байна.
Ард түмний элч, улсын эрх ашгийг илэрхийлэн хамгаалах үүрэг хүлээсэн Улсын Их Хурлыг ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг Шүүхийн ахмадуудын холбоо шаардаж байгааг үүгээр мэдэгдье.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )
ЭНЭ ХЭДЭН ЗӨНӨГҮҮД ЮУ ЯРИАД БАЙГАА ВЭ ТИИМ СҮРХИИ МЭДДЭГ ЮМ БОЛ ЭРДЭНТИИН ДӨЧИН ЕС ЗОР ГИИН ХЭРЭГ ДУБАЙН ГЭРЭЭГ ХУУЛЬ ШҮҮХИИН НӨХДҮҮД ЯАЖ БАЛИАРТУУЛЖ БАЙГААД ТАЙЛБАР ХИИЧЭЭД ДАРАА НЬ НААДАХАА ЯРЬ ЕР НЬ ТА НАР ХЭНИИ ЗАХИАЛГААР ЯРИАД БАЙНА МӨНГӨ ӨГСӨНҮҮ ЗӨНӨГҮҮДЭЭ ТА НАРААР МОНГОЛ ДУТААГҮЙ ШҮҮ
Энэ өөрчлөлтийг баталбал УИХ -д олонх болсон нам нь их хурлаараа тогтоол гаргуулж , байгуулсан ЗГазраараа шийдвэр гаргуулна. Хууль энэ тэр цаашаа болно. Ямар ч хяналтгүй засаглал бий болгоно. Хэн яагаад үүнийг хүсээд байгааг анхааралтай судлаарай хульчид минь
Шагнал хүртэгсэд,бас горьдогч энэ хэд эрдэнэтийн 49 хувийн дээрэмчдийн төлөө ахмад хуульчид,шүүгчдийн нэр барих хэрэггүй.Бид эсэргүүцэж байна.Бид ийм юманд орлцоогүй, бас оролцохгүй.Шударга байцгаая .Хуульчид аа.
БАУСАД ОВОО НАР ШИГ ДААЛУУ ХОЗОР ЭРГУУЛЖ ОДОР ХОНОГ ОНГОРУУЛЭХГУЙ МУНДАГ АХМАДУУД БНА Л.
САЙН БНА АХМАДУУДАА. ТА НАРЫН МЭДЛЭГ ТУРШЛАГА ХЭРЭГТЭЙ ШУУ.
Та нар битгий дэмий юманд оролцоо.Зайлшгүй өөрчлөх хэрэгтэй .Тэр байтугай шүүхийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх,нийслэлийн болон элбэгдорж,эрдэнэбилэг нарын мафижсан бүлэглэлээс салах хэрэгтэй байгаа шүү .