Польш Америкийн цэргийн баазыг нутагтаа байршуулахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда нар хамтран Оросын түрэмгий үйлдэл, терроризм, үй олноор устгах зэвсэг зэрэг нийтийн аюулын эсрэг тэмцэхээ илэрхийллээ.

Цагаан Ордонд болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцээний үр дүнд гарсан хамтарсан мэдэгдэлд аюулгүй байдлын салбар дах хоёр талын нягт хамтын ажиллагаа аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг арилгах, нийтийн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гэж онцолжээ. Энэ хүрээнд цэргийн алба хаагчдыг бэлтгэх замаар хоёр тал цэрэг техникийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

АНУ Польшийн газар нутаг дээр өөрийн байнгын цэргийн баазыг байршуулах боломжийг судлаж байна хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Варшавын зүгээс АНУ-ын цэргийн баазыг нутагтаа байршуулахад шаардагдах хоёр тэрбум ам.долларыг зарцуулахад бэлэн буйгаа Польшийн тэргүүн Анжей Дуда илэрхийллээ. Цэргийн баазын урсах зардлыг АНУ өөрөө хариуцна гэж Польш улс тооцолж байгаа аж.

Анжей Дуда АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Сүүлийн үед Оросын зүгээс аюул нүүрлэж буй гэх сэдэв Польшид хүчтэй яригдаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж Польш улс армийнхаа бие бүрэлдэхүүний тоог нэмэх хөтөлбөр баталсан байна.

Харин Москвагийн зүгээс Орос улс хэзээ ч ямар нэгэн улс руу дайрахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа билээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хэлснээр хэдийгээр НАТО ОХУ-д ямар нэг улс руу дайрах төлөвлөгөө байхгүй гэдгийг сайн мэдэж байгаа ч Оросын хилийн ойролцоо олон тооны цэргийн техник, хүчийг байршуулах боломжийг ашиглаж байна гэжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top