Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал 2018 долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү хуралд 50 гаруй улс орны 3000 гаруй зочид төлөөлөгч ирэх юм. Үүнтэй холбоотойгоор АСЕМ-тай дүйцэхүйц хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын арга хэмжээ авна гэдгийг Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат мэдээлэв.
Тэрбээр “Энэ өдрүүдэд Буянт-Ухаа-Шангрила, Энхтайваны өргөн чөлөө, АСЕМ Вилла, “Төрийн ордон”-ны хоёр талын зам маш их ачаалалтай байна.
Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана. Иймд тус хамгаалалтын бүсэд орших айл, өрх, аж ахуйн нэгжүүд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөе. Мөн Замын цагдаагийн албаны явуулын станци ажиллаж иргэдэд фм-96.3, 88.8 100.5, 100.1 болон “Цахим цагдаа” хуудсаар хөдөлгөөний шуурхай мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ. Тиймээс жолооч нар маань мэдээллээ аваад, замаа сонгоод явах боломжтой.
Цагдаагийн байгууллагаас аль болох иргэдийг хүлээлгэхгүй, хөдөлгөөнийг удаан хаахгүй байхаар төлөвлөж байгаа ч зочид нэмж ирж магадгүй. Тиймээс иргэд маань ойлгож, бидний ажилд тусалж, хамтарч ажиллаарай.” гэж уриаллаа.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )