АТГ-аас мэдээлэл хийлээ

2018 оны 06 сарын 26

 

Зураг дээр баруун гараас Э.Идэрцог, З.Баасанням, Т.Баярхүү, Т.Мөнхтунгалаг. 2018.06.25. Олон нийтийн төв

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээллээ.

Нийтийн албан тушаалтны ХАСХОМ, ашиг сонирхлын зөрчлийг хянан шалгах чиглэлээр

  • Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагааны хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2 албан тушаалтанд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна. Цаашдаа НДЕГ-ын удирдлагууд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Энэ талаар АТГ-аас зөвлөмж, чиглэл хүргүүллээ.
  • АТГ 6 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 809 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, 809 иргэн төрийн албанд шинээр томилогдсон, албан тушаал дэвшсэн, ажлын байр сэлгэн болон шилжин томилогдсон гэж ойлгож болно. Энэ хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн олон ХАСУМ ирүүлсэн. Тэгэхээр эдгээр байгууллагуудад боловсон хүчний томилгоо, халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн илүү олон хийгдсэн гэсэн үг.
  • АТГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Зөвхөн сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар амралтын өдрийг оруулаад өдөрт 3 гомдол, мэдээллийг АТГ шийдвэрлэж байна гэж ойлгож болно. Яг одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Тэгэхээр АТГ-т иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдол, мэдээллийн тоо нэмэгдэж байна гэж үзэж болно, мөн тэр хэрээр АТГ-ын ажлын ачаалал их байгаа гэж дүгнэж болно.
  • Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Нийтийн албан тушаалтнууд энэ төрлийн зөрчлүүдийг илүү ихээр гаргаж байна.  
  • Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шалгаад зөрчил гаргасан нь тогтоогдсон зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамал Г.Саранцэцэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, газар эзэмших эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох шийдвэр гаргахаас өмнө хуульд заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй тул Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөрдөн шалгах ажлын чиглэлээр

  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгасан. 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоо 27 гомдол мэдээллийг шалгаж байна.
  • АТГ энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. 34 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүллээ. Одоо 332 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байна.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь Компанийн тухай хууль, дүрмийг зөрчин хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зохих зөвшөөрөл шийдвэргүйгээр дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.   
  • "МИАТ" ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн  хамаарал бүхий  аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Р, Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
  • Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан Э нь  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.  

Прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Гурванзагал суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Мах сүү, сүүний чиглэлийн үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч олгох” төслийг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн хамаарал бүхий төрсөн ах, дүү нартаа олгож бусдад  давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэл,
  • Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12  дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн байж болзошгүй үйлдэл,
  • “ТОСК” ТӨҮГ-т удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин 2015 оны 8, 9 дүгээр сард нэр бүхий компаниудад зээл олгож улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үйлдэл,
  • Буянт-Ухаа спортын ордон төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын захирал нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компани буюу бэрийнхээ харуул хамгаалалтын компанийг хууль бусаар сонгон шалгаруулж  давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлээд байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамал нь тус сумын Засаг даргыг огцруулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  хахууль өгсөн гэх хэрэг,
  • УБЕГ-ын харьяа Нийслэлийн бүртгэлийн эрх бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн иргэн C-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг бусдын эзэмшил рүү хууль бусаар шилжүүлж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
  • “Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-ын дарга Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
  • МХЕГ-ын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга А, мөн газрын Хорио цээрийн стандартын хэлтсийн дарга Б нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хясан боогдуулах замаар  нийт 24 удаагийн үйлдлээр бусдаас  хахууль авсан хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн товч мэдээлэл: 

  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтнууд болох Л.Амарбат, П.Болдбаатар, Д.Баярсайхан нар нь төрийн өмчит хувьцаат компанид тодорхой удирдах болон эрх бүхий албан тушаал эрхэлж байхдаа танил, найз нөхөддөө тус болсныхоо хариуд хуульд заасан цалин хөлс, урамшууллаас гадуур бэлэг авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийг зөрчсөн гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзээд тэдний хууль бусаар олсон 10 сая төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.31.32) 2025 оны 03 сарын 13

Хэвлэлээр баахан шуугиад байсан УБТЗ-ын дарга Жигжиднямаагийн асуудал яаж шийдэгдсэн бэ. Бас л хайцаалаад өнгөрч байна уу. Ийм луйварчидыг өмгөөлж байж та нар шударга ажиллаж чадах уу.

1  |  0
pp(202.9.42.4) 2025 оны 03 сарын 13

ajil hiisen dvr gargahaa boliochee.tatan buulgaval taarna..yu hiideg bguullaga yumbee

1  |  0
бямбө(202.179.27.61) 2025 оны 03 сарын 13

АТГ шүүхийг мэддэг болсон юм уу? даварлаа ш дээ. 37 онд л тийм байсан байх

1  |  0
Top