“Азийн сүү үйлдвэрлэл” анхдугаар хурал боллоо

2018 оны 06 сарын 11

“Азийн сүү үйлдвэрлэл” индрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын  уулзалт Монгол Улсад анх удаа болж байна.

Энэ удаагийн уулзалтаар гишүүн орнуудад сүүний салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, Азийн сүүний салбарын хөгжлийн стратегийг тодорхойлж, дэлхийн сүүний хэрэглээг тогтмол, тасралтгүй хангах, цаашид мэдлэг, мэдээллээ тогтмол солилцох, туршлагаа хуваалцах, сүүний салбарын бодлогод өөрсдийн санал санаачилгыг тусгаж байх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр сууринд хүрлээ.

13 орны сүүний салбарын төлөөлөгчид, Монголын фермер, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож байна. 

Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж экспортлохын тулд фермерийн аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээл тариалах  асуудлыг шийдвэрлэх ёстой.  Тиймээс газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлснээр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдсэн хэмээн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох онцоллоо.

Уулзалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Сүүний нэгдсэн холбоо, Глобал коммунитс ОУБ, Монголын хүнсчдийн холбоо, Тайландын Вант Улсын Сүүний үхрийн аж ахуйг дэмжих байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. 
"Азийн сүү үйлдвэрлэл" мэдээллийн олон талт оролцогч нарын индэр-санаачилгыг сүүний салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор анх 2016 онд гаргасан. Уг санаачилгад Афганистан, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Индонез, Монгол, Мьянмар, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 13 орон нэгдсэн.

Ч.Бүжин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top