ТОЙМ: Энэ долоо хоногийн онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 10

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн байлаа. Улстөр нийгмийн хүрээнд олны анхаарлыг татсан зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмыг зохион байгуулах комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай нь танилцлаа. Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, наадам хүртэл богино хугацаа үлдсэн тул бэлтгэл ажлуудыг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. “Наадмын комисс гурван удаа хуралдаад, салбар комиссоо байгуулаад ажиллаж байна. Төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдээд явж байна. Шадар сайдын хувьд Үндэсний бөхийн холбоо болон уяачдын төлөөлөл, үндэсний бөхийн аваргуудтай уулзаж баяр наадмын талаар саналаа солилцсон байгаа. Энэ жилийн төсвийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо батлагдсан. Наадам болтол богино хугацаа үлдсэн хэдий ч зарим жижиг засварын ажил, био жорлон зэргийн хөрөнгө мөнгийг шийдэж, иргэдийг ая тухтай наадамлах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг холбогдох комиссыхонд үүрэг болголоо” хэмээн Шадар сайд, наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин ярилаа.  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун “Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож бууруулсан. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцох шаардлага, заавар, стандартыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, долоодугаар сарын эхээр байршлуудыг нь тавина. Наадмын өдрүүдээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 350 байцаагч, явуулын лаборатори ажиллана” гэлээ.  

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн зүгээс баяр наадамд 100 хувь бэлэн гэдгээ комиссын гишүүдэд хэлж байв. Комиссынхныг Хүй 7 худагт ирэхэд Монгол наадам цогцолборын дарга Н.Батсүмбэрэл талбайн зохион байгуулалт, худалдаа үйлчилгээний талаар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины салбар комиссын дарга, хурандаа Ж.Болдбаатар хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах, гараа, бариаг хаана байлгах тухай танилцуулав. Энэ жилийн хувьд бороо, хур бага гандуу байгаа учир Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас анхаарч усалгаа, арчилгааг хийхээр төлөвлөсөн, мөн био жорлонг аль болох ахиу тавих болно гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэв

Д.Мурат Гантулга зурган илэрцүүд
Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар  УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж улмаар тус бүрийн санал дүгнэлтээ УИХ-ын чуулганаар танилцуулсан юм. Ингээд  УИХ-ын чуулганаар  Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж бус асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явууллаа. Санал хураалтад нийт 57 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хуралдаанд оролцуулсан гишүүдийн олонх 33 гишүүн буюу 57,9 хувь, 24 гишүүн буюу 42,1 хувь дэмжихгүй гэв. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдийн 57,9 хувь УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор гишүүд нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тодруулбал, нууц санал хураалтад нийт 57 гишүүн оролцож түүнээс дэмжинэ гэж 28 буюу 49,1 хувь нь санал өгсөн бол 29 буюу 50,9 хувь нь дэмжээгүй санал өгсөн юм.  
Тэднийг батлан даалтад гаргав
Сайханбилэг Бадрал зурган илэрцүүд
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч баасан гаригт зарлагдсаны дагуу 15 цагийн орчимд Ч.Сайханбилэгт холбогдох шүүх хурал эхэллээ. Тус хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг хэлэлцсэн юм. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр, ”Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тавихаар боллоо. АТГ болон прокурорын зүгээс цаашид цагдан хорьж шалгах шаардлагагүй гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээж аваад хорих арга хэмжээг цуцалж, хилийн хориг тавьсан” гэсэн товчхон мэдээлэл өглөө. Үүний дараа С.Баярын цагдан хорин асуудлаар прокуророос ирүүлсэн хүсэлтийг шүүх хэлэлцэн, хүлээн авлаа. Шүүхээс Ч.Сайханбилэгийн мөн адил үндэслэлээр 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг сулласан байна. Ийнхүү АТГ-аас нэг өдөр баривчилсан экс Ерөнхий сайдуудыг шүүх нэг өдөр суллаж, тэдэн хилийн хориг тавьсан шийдвэр гаргалаа. Мөн Шүүхээс Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадралыг цагдан хорих таслан сэргийлэх, арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэн, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар боллоо.
 
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилтай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.

2018 онд цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хуримтлагдсан болон шинээр үүсч буй лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгээд байна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болжээ.

Харин өнгөрсөн 4 сарын дотор Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх анхан шатны ажлын гүйцэтгэл сайтар хийгдсэн бөгөөд үнэрийн тархац эрс буурчээ. “Ногоон титэм” компани агаарт дэгдэх химийн хорт нэгдлийн хэмжээг тогтоох, үнэрийн тархацын хүрээг судалж байгаа аж.

Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулах Ерөнхий сайдын гаргасан захирамжийн хүрээнд 20 гаран ажил төлөвлөгдснөөс 14-ийг нь гүйцэтгээд байна. Тухай нь туул голд, агаар орчинд бохирдол үүсгэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байсан арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулж байсан 30-аад аж ахуй нэгжээс наймаас бусдыг нь технологийн шинэчлэлт хийхийг үүрэг болгон хаасан байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтанд орох юм. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хуримтлагдсан лаг дахь нян бактери устаж халдваргүйжүүлэх төхөөрөмжийн угсралт дууссан.Улсын комисс хүлээж авснаар ашиглаж эхлэх юм.

Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгох энэхүү төхөөрөмж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлвэл нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглаж болно гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болов 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр “10 дугаар цэцэрлэгийн барилгын төсөв өнгөрсөн оны төсөвт суугдсан байсан ч барилгын зураг болон үнэ нь зөрснөөc үүдэж өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Ялангуяа 10 дугаар цэцэрлэгийн барилгыг зургийн дагуу барих ажлыг шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Эдгээр хүүхэдтэй багш нар нь илүү ойр ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэй зарлана” гэлээ.  
МОНГОЛ ОХУ-ААР дамжуулах төмөр замын тээвэрт хөнгөлөлт эдэлнэ
   
Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд авах болллоо. Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дөнгөж сая талууд гарын үсэг зурлаа. Тодруулбал, хэлэлцээрт Монголын талыг төлөөлж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ыг төлөөлж, тус улсын Тээврийн сайд Е.И Дитрих нар гарын үсэг зурсан юм.
 Гэр хорооллын “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол боллоо

Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо.

Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” юм. Нийслэл хотын х

амгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт эхний “Дэд бүтцийн төв” баригдах юм.

Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэлсэн үгэндээ “Гэр хорооллын дэд бүтцийн төв нь иргэдийн хувьд хувьсгалын чанартай томоохон ажил болж байна. Олон жил гэр хорооллын иргэд энгийн модон жорлонтой ийм байдлаар амьдарч ирлээ. Тэгэхээр бид амьдралын хэв маягаа өөрчлөх, нөхцөл байдалд шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй. Тиймээс амьдралын энэ хэвшилд хувьсгалын чанартай өөрчлөлт болох юм. Энэ төсөл гэр хорооллын иргэд болон бидний хувьд хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Төслийг хугацаанд нь хэрэгжүүлж ажил болгохын төлөө ажиллана. Бид 50 байршилд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөлд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцож байгаагаараа онцлог юм” гэлээ.

Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг баталсан. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээнэ. 

Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солихоос илүүтэйгээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах тухтай орчинд амьдарч, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байна гэж дүн гарчээ. Энэхүү “Дэд бүтцийн төв” нь иргэд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан орон сууцны айл өрхтэй адил тав тухтай орчинд амьдрах боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top