Гадаадын иргэнд газар худалдах тухай асуудал сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Олон нийтийн сүлжээнд энэ талаар маргаан үүсэх болсон нь өнгөрсөн долоо хоногт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнтэй холбоотой аж. Тэгвэл гадаадын иргэнд биржээр газар худалдах санал хуульд тусгагдсан эсэх талаар албаны эх сурвалж дараах байр суурийг илэрхийлжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ
"Юуны өмнө ташаа мэдээлэл болохыг хэлье. Улс төрийн зорилгоор хуулийн төслийн агуулгыг мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул залруулга хийх нь зүйтэй байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөхийг хориглодог. Үндсэн хуулиар хориглосон байхад газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд зарахыг зөвшөөрөх боломжгүй юм шүү дээ.
Ер нь газрын харилцаа нь хуулиар нарийвчлан зохицуулагддаг тул баримжаагаар ярьж болохгүй. Тийм учраас хууль зүйн хувьд товчхон тайлбарлах нь зөв гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх гэсэн 3 өөр хууль зүйн ойлголтыг хуульчилсан байгаа. Газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Энэ эрхийн дагуу Монгол Улсын иргэн тухайн өмчилж буй газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Газар эзэмших эрхийн хувьд мөн ялгаагүй зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ гэх мэтээр тодорхой зааж өгдөг.
Харин газар ашиглах эрх нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт. Жишээлбэл, гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэх мэт. Гадаадын иргэний хувьд газар ашиглах нь нэлээн хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь ч Газрын тухай хуульд яс заасан байдаг. Тухайлбал, ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг. Газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хатуу хориглодог" хэмээжээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Зурагтаар тэр хуульд оруулж байгаа хэсгийг нь Ж.Энхбаяр гишүүн уншаад лавлаж асуугаад байсан .Бас нийслэлийн засаг дарга бас хариулж байгаа нь ч гадаадын иргэн гэр бүлд зарж болно. Нууцаар зараад байгааг ил болгох гэж байгаа гэж яриад ард иргэдийг айлгааад байхад. Таны яриа өөр байх юм. Бид газар нутгаа зарахгүй амьдармаар байна. Хэнд нь итгэх юм бэ
Za tiim bailgui de, shuud l gazraa zaraad bdag um bodood setgel umruud bsin ashgui de, bayarlalaa