Цуврал-3
“Манба Дацан” эмнэлэг, “Манба Дацан” хийдийг түшиглэн орших “Оточ Манрамба” Их сургуулийг онцлон сурвалжлахын учир их байлаа. Уламжлалт анагаах ухааныг Монголдоо төдийгүй дэлхийд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд тус сургуулийн оруулж буй хувь нэмэр хязгааргүй ажээ. Европ анагаах ухааны тайлж уншаагүйг энэ эрин зуунд Уламжлалт анагаахын ухаан тайлж уншиж байгааг судлаачид ярьж байна. Тиймдээ ч анагаахын чиглэлээр сурахыг хүссэн орчин үеийн залуус “Уламжлалт анагаах ухаан”-ыг илүүд үзэх болжээ. Ингээд тус сургуулиар орж, оюутнуудын сурч байгаа орчинтой танилцлаа. Биднийг сургууль руу ороход оюутнууд дүржигнэтэл төвд ном уншиж байлаа. Ямар учиртай уншлага болох талаар Оточ Манранба их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, уламжлалтын их эмч Ч.Одончимэгээс тодруулаа.

Тэрбээр “Манай оюутнууд өглөө бүр Итгэл одуулан, Найман Маналын уншлага, тарни, бясалгал хийдэг. Энэхүү уншлага бясалгалыг суралцах зургаан жилийн турш үйлдсэнээр оюутнууд маань тарнийн адистидийг өөрсөддөө шингээж, зургаан зүйл хамаг амьтныг энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадуулж хэвшүүлдэг. Мөн уламжлалт анагаахын онолын гүн агуулга бүхий “заваа”-г давтан уншиж, дадуулдаг. Энэ нь уламжлалт анагаах ухааны онолын гүн гүнзгий агуулгыг цаг үргэлжид дотроо танин шинжилж, оюун ухаандаа шигтгэн тогтоох ач холбогдолтой юм.
-Бусад анагаахын сургуулиас танай сургалт юугаараа онцлог вэ?
-Манай оюутнууд бусад анагаахын сургуулийн оюутнуудаас маш их онцлогтой. Бид уламжлалт анагаах ухааны бүх хичээлийг түвд хэл дээр тэр тусмаа түвдийн бичгийн сонгодог хэл дээр нь зааж сургадаг. Ингэснээр манай оюутнууд эртний судар бичиг, эх сурвалжийг чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшдэг. Мөн эмчийн ёс зүй, буддын философийн үзэл бодлыг уг сууриар нь бүрэн дүүрэн ойлгож, ертөнцийг үзэх үзэл тогтдог. Манай сургуулийн сургалтын арга нь уламжлалт анагаах ухааныг зааж сургаж ирсэн сонгодог аргад тулгуурлахын зэрэгцээ, орчин үеийн сургалтын дэвшилтэт аргуудыг хослуулан сургалтаа явуулдаг. Онцлог, давуу талууд ер нь их бий.

Оточ Манранба их сургуулийн оюутнуудтай цөөн хором ярилцлаа.
“Уламжлалт анагаах ухаан бол өөрийгөө ялан дийлэх гүүр юм”

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Б.Билгүүн гэдэг. Оточ Манранба их сургуулийн хоёрдугаар курсын оюутан.
-Чиний хувьд яагаад уламжлалтын эмчийн мэргэжил сонгосон бэ?
Уламжлалт анагаах ухаан надад европ анагаах ухаанаас илүү ойр юм шиг санагддаг. Европ анагаах ухаан бол юм цээжлээд дандаа номын дагуу явдаг бол уламжлалт анагаах ухаан өөрсдийнхөө оюун, ухааныг хөгжүүлж, дотоод “хүн”-ээ олдог. Өөрөөр хэлбэл, Өөрийгөө ялан дийлэх ухаанд суралцана гэсэн үг л дээ. Европ анагаахын хичээлийг бид үздэг л дээ. Гэхдээ уламжлалт анагаах ухаан нь илүү сонирхолтой санагддаг. Би төвд хэлээр судар бичиг уншиж судлахдаа их дуртай.
-Танай хичээлүүд бүгд төвд хэл дээр ордог уу?
-Уламжлалтын бүх хичээл төвд хэл дээр ордог.
“Монголд “Жүш” үздэг ганцхан сургууль бол манай Оточ Манранба Их сургууль”

Намайг Г.Ариунзаяа гэдэг. Хүний их эмчийн 2а ангид сурдаг. Миний хувьд Уламжлалт анагаах ухааныг сонгох болсон нь хүний өвчин зовлонг анагаахад зөвхөн эмчилгээнээс гадна сэтгэлзүйгээр эмчилж өгдөг нь илүү сайхан санагдсан л даа. Энэ сургуулийг анх сонин дээрээс олж уншиж байсан. Манай сургууль жинхэнэ утгаараа уламжлалтын шүнгийн эмч бэлтгэж байгаа цорын ганц сургууль. Энэ сургуульд суралцаж байгаадаа өөрийгөө азтайд тооцож явдаг.
“Гэр бүлийнхээ уламжлалт эрдмийг таслахгүйн тулд өв залгамжилж, энэ мэргэжлийг сонгосон”
Сайн байна уу. Намайг А.Сундуйжамц гэдэг. Би Оточ Манрамба их сургуулийн Улалмжлалт анагаах ухааны Хүний их эмчийн 2а ангид сурдаг. Миний хувьд удам дамжсан мааранбын гэр бүлд төрсөн. Тийм учраас гэр бүлийнхээ уламжлалт энэ эрдмийг таслахгүйн тулд өв залгамжилж, энэ мэргэжлийг сонгон суралцсан.
Т.Хангай: Дэлхий нийтийн чиг хандлага уламжлалтын анагаах ухаан руу чиглэж байна

Намайг Т.Хангай гэдэг. Оточ Манранба их сургуульд “Уламжлалтын их эмч” гэсэн мэргэжлээр сурч байгаа. Уламжлалт анагаах ухааныг сүүлийн хэдэн жил судалж үзсэн. Тэгэхэд энэ эрин үед дэлхийн нийтийн чиг хандлага уламжлалтын анагаах ухаан руу чиглэж байгаа юм билээ. Европын анагаах ухааны эмчилгээгүй, мухардсан зүйлийг уламжлалтын анагаах ухаанаас гарц нь гарч ирж байгаа. Энэ шинжлэх ухааныг сайн судалж мэдсэнээр бидний амьдралд маш их хэрэгтэй гэсэн үүднээс энэхүү мэргэжлийг сонгон судалж байна. Мөн өөр нэгэн шалтгаан бол ертөнцийг тайлбарлах дөрвөн үндсийн философийг оюутнууддаа маш сайн ойлгуулж өгдөг нь их таалагдсан. Ер нь хүний өвчний шалтгаан тэнэг, тачаал, мунхаг хүслээс үүдэлтэй. Эдгээрийг хүн өөрөө хэтрүүлээд буруу үзэл бодолтой, буруу хүсэл тачаалтай, юм мэдэхгүйн тэнэгрэл их байгаагаас болж, орчин цагт хүмүүс их өвдөж байна. Энэ бүгдийг ойлгон таньж, суралцаж байгаадаа баяртай байгаа. Хүн гэдэг ерөөсөө сэтгэлийн амьтан. Тэр ч утгаараа тангаа хүртэл маанийн увидас, Манлын тарниар шившээд л хүндээ өгч байгаа учраас хүний сэтгэлд ямар сайхан байхав. Энэ мэтчилэн Уламжлалт анагаах ухаан гэдэг хүний бие махбодийг эмчлээд зогсохгүй сэтгэлзүйтэй давхар ажиллаж өгдөг нь анагаахын бусад оюутнуудаас илүү өндөр чадварыг өөртөө цогцлоох боломжийг буй болгож байгаа юм.

Сурч мэдэж буй зүйлдээ сэтгэл хангалуун хийгээд түүндээ улам их дурлаж, оройгүй эрдмийн оргил өөд “мацаж” яваа Оточ Манранба их сургуулийн оюутнууд ийн ярилаа. Анагаах ухааны эрдэмд шамдаж, ирээдүйн их үйлстэй эмч нар болохоор зорьж яваа тэднээс эрч хүч, ихийг сурахын хүсэл тэмүүлэл мэдрэгдэж байлаа.

Ийнхүү Монголын өв их уламжлал болсон Уламжлалт анагаах ухааны салбарт томоос том бүтээн байгуулалт, тодоос тод эрдмийн их зам тавьж буй “Манба Дацан” төвөөс хийсэн сурвалжлагаа үүгээр өндөрлөж байна.



С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Цуврал-1: Уламжлалт анагаах ухааны гайхамшиг буюу “Манба Дацан” төвөөс хийсэн сурвалжлага
Цуврал-2: “Азтай байнаа, Мандал өргөх ёслол дээр яг таарлаа”
Сэтгэгдэл ( 0 )