Сэтгүүлчид: Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

Цагаа олсон, нүдээ олсон нэгэн хэлэлцүүлэг өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачлан "Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг"-ийг мэргэжлийн байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдтэй хамтран зохион байгууллаа. 

21 хүний бүрэлдэхүүнтэй "Ажлын хэсэг" байгуулахаар боллоо

Глоб Интернэшнл ТББ, Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Телевизүүдийн Холбоо, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Монголын Сайтын Холбоо,  Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч Сайтуудын Ассиоцаци, Мэдээллийн Сайтуудын Ассиоцаци, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Эм Би Си Телевизүүдийн холбоо, Монголын ФМ-үүдийн холбоо зэрэг байгууллагууд нэгэн зорилго дор нэгдэж, Зөрчлийн хуулийн хэрэгжилт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцсэн юм. Тус хэлэлцүүлэгт урилгаар Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо оролцож, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдлын хүндрэл, бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит ямар хувилбар байгаа талаар байр сууриа хуваалцлаа. Мэдээж энэ сэдвээр нэг өдөр хэлэлцээд бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Нарийн судалгаа, шинжилгээ хийж, зөв гарц шийдэлд хүрэхэд цаг хугацаа, олон хүний идэвхитэй оролцоо чухал гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж, 21 хүний бүрэлдэхүүнтэй "Ажлын хэсэг" байгуулахаар болсон юм.

Сэтгүүлчдийг яллахаас өөр эрхзүйн орчин алга

“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдорж хэлсэн байдаг. Сэтгүүлчид бол үнэний дуу хоолой болж, олон нийтэд өрнөж буй үйл явдал, мэдээллийг ил тод, үнэн бодитой хүргэх хоточ нохойн үүрэг хүлээсэн хүмүүс билээ.

Гэвч сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэх замд ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ том саад болж байна. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш тус  хуулийн гүтгэх хэмээх 6.21-р зүйлээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой 49 хэрэгт 98 сая төгрөгийн торгууль тавьсан байна.  Түүнчлэн 2006 оноос хойш сэтгүүлчийн гэр бүлийг нь сүрдүүлсэн, дарамталсан 20 тохиолдол гарсан байдаг. Энэ онд манай улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёр байраар ухрав.

Дээр дурдсан бүх тоо өдгөө Монгол Улсад хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдмал, сэтгүүлчдийг хамгаалах хууль эрхзүйн орчин хангалттай бус байгааг илтгэж байна. Харин ч эсрэгээрээ сэтгүүлчийг яллахаас өөр хууль эрхзүйн орчин үгүй байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд 434 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 4500-4700 хүн ажилладаг тухай статистик мэдээлэл буй. Энд тоологдож буй дөрөв, таван мянган хүний ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь "Зөрчлийн тухай хууль" томоохон бэрхшээл авчирч байгаа нь харамсалтай.

Зөрчлийн тухай хуулиас сэрэмжлэхийн учир...

Монгол Улсын Их Хурлын 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Аливаа зүйлийн зөв, бурууг цаг хугацаа харуулдаг гэдэг. Тэгвэл хэрэгжиж эхлээд хэвлэл мэдээллийнхэнд хамгийн их халгаатай байгаа тус хуулийн 6.21-р зүйлийг тухай энд иш татан өгүүлье. Уг зүйлд  “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн заасан байдаг. Урьд нь УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг хэвлэлийнхэн дэмжсээр ирсэн, өнөөдөр ч дэмжиж байна. Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсан нь аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтны сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болох нийгэмд халтай үр дагаварыг хэвээр үлдээж байгаатай агаар нэг болоод байгаа юм. Шинэ хууль нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч хамрах хүрээ, нэр томъёо, хариуцлага тооцох этгээдийг нарийвчлан тодорхойлоогүйгээс “гутаан доромжилсон” гэдгийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан тодорхойлох болж байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй байдлыг буй болгоод байгаа юм.

Угаасаа хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулинд заасан байдаг бөгөөд Зөрчлийн хуулиар хувь хүн, байгууллагыг торгоно гэж байгаа нь сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагыг давхардуулан хүлээлгэх эрсдлийг дагуулж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан байдлыг бодитоор мэдээлэхээс түдгэлзэхэд хүргэж, хэвлэл мэдээллээр дамжуулан эрх мэдлийг хянах иргэний эрх хохирох аюулыг авчраад байна.

Маргааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулах аргаар шийдвэрлэх зохисгүй уламжлал ардчилсан Монголын нийгэмд оршин тогтнох орон зайтай байж болохгүй. Ийм уламжлалыг цаашид хадгалан үлдээж бас болохгүй.

Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг өөрөө маш онцлогтой. Хэрвээ хэвлэл мэдээллийнхэн бусдын нэр төр, алдар хүндэд ноцтой халдсан бол энэхүү үйлдлээ олон нийтийн өмнө өөрөө мэдэгдэж, тухайн хэвлэл мэдээлэл хариуцлагаа хүлээж буйгаа харуулах ёстой байдаг. Түүнээс бус хатуу хахир хууль, муйхар аргаар энэ мэт асуудлыг шийдвэрлэлээ гэхэд үр дүнд хүрэх нь тун ховор. Сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйг дээдэлдэг Монголын олон мянган сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагын хүсэл зориг, эрмэлзлэл бол хэн нэгнийг гүтгэн доромжилж, нэр төрд нь халдах бус нийгэмд хор уршигтай, хардах хангалттай үндэслэлтэй асуудлыг нийтэд дэлгэн мэдээллэхэп оршдог билээ. Иймээс сэтгүүлчдийн өмнө бул чулуу мэт хөндөлсөөд байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зөв гольдролд оруулахын тулд Монголын сэтгүүлчид зорилго нэгдээд байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top