Гадаад харилцааны яамны Консулын газраас нэгэн мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ.
Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.
Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна" гэжээ.
Гэвч тус мэдэгдэл иргэдийн бухимыг хөдөлгөх болов. Учир нь гадаад паспортоо саяхан сунгуулсан, сунгалт нь дуусах болоогүй маш олон мянган иргэд бий аж. Тэд "Ингэх л байсан юм бол анхнаасаа юу гэж паспорт сунгаж, мөнгө хураасан юм бэ. Хамгийн гол нь гадаад паспортоо сунгуулахын тулд маш их цаг зав, мөнгөө зарцуулсан байхад ингээд л бүгдийг хүчингүй болгож болохгүй шүү дээ. Иргэдэд учирч байгаа энэ бүх хохирлыг хэн хариуцах вэ?" хэмээцгээж байгаа юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Замбараагүй төвөгтэй байдлыг санаатайгаар үүсгэж байгаа тогойгүй, монголын бусармаг мафын төр хариуцлагыг хүлээх ёстой. Монголын мафын замбараагүй төрд хувьсгал хийх шаардлагатай болжээ. 1990 оноос хойш монгол улс мафын төрт улс болсон.