Хакухог “найраа хийсэн” хэрэгт хутгах сонирхол япончуудад байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Японы Мэргэжлийн сүмо бөхийн холбоо 2015 оны хаврын тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдэж байсан билээ. Япончуудын бахархал болсон самуурайнууд тэмцээнээ цуцалж байсан түүхгүй бөгөөд хойшлуулж байсан явдал өмнө нь хоёр л удаа тохиож байсан юм.1945 оны намрын тэмцээн Хирошима, Нагасаки хот дээр атомын бөмбөг хаясан гэсэн шалтгаанаар гурван сарын дараа болж байсан бол Рёогокү Кокугикан ордныг засварлаж байсан ажилчид назгай хандсанаас 1946 оны зуны тэмцээн хойшилж байв. Тэгвэл тус онд тэмцээнийг цуцлагдах болсон шалтгаан Шимотори, Кайхо, Шёотэнро, Коорюү, Тойозакура, Кёкунанкай, Вакатэнро, Ширононами, Ямамотояманарын 13 бөх “найрааны” барилдаан хийсэн нь тогтоогдсоноос болсон юм. Харамсалтай нь эдгээр бөхчүүдийн дунд Д.Нямсүрэн, Э.Мөнх-Оргил хэмээх хоёр монгол бөхийн нэр хавчуулагдаж байсныг уншигчид мартаагүй биз ээ.

Сүмогийн ертөнцөд “найраа” байдаг гэдгийг одоогоос найман жилийн өмнө Итай гэгч нийтэд дэлгэн шуугиулахад ёкозүна Акэбоно, Мусашмару тэргүүтэй бөхчүүд тас гүрийсээр байгаад өнгөрч байсан түүхтэй. Гэтэл тухайн үед Токиогийн цагдаагийн газар бөхчүүдийн гар утаснаасаа бичсэн цахим захидлуудыг шалган их аваргуудыг худлаа хэлж байсныг тогтоосон байна. Энэ удаа мөрдөн шалгах ажиллагааг илүү өндөр хэмжээнд зохион байгуулахаар шийдэж, дээрх бөхчүүдийн телефон утасны яриа, захидлуудыг шалгаснаар булхай илэрчээ. Мөн Жүрёо зиндааны бөх Чиёхакухо гэгч “найраа” хийснээ хүлээн зөвшөөрч, зодог тайлахаа мэдэгдсэнээр хэрэг явдал шуударчээ.

Тэгвэл хамгийн ноцтой нь япончуудын зүгээс үүнийг далимдуулан Хакухо М.Даваажаргалыг найраа хийсэн хэрэгт хамаатуулах гэсэн оролдлого хийсэн байдаг. Дээр нэр дурдагдсан бөхчүүдээс Танигаваояката (экс комүсүби Кайхо), Такэнава (экс маэгашира Касуганишики) нар бөхийн замналаа нэгэнт өндөрлүүлээд байсан бол бусад нь өсөх ирээдүйтэй залуус байсан нь харамсалтай. Ялангуяа Шёотэнрог озэки болох ирээдүйтэй гэж хэлэгдэж байсан үе юм. Япончуудын дунд “Монгол бөхчүүд сүмод найрааг оруулж ирсэн” гэж үздэг хэсэг бүлэг хүмүүс байдаг бөгөөд тэдэнд энэ явдал том олз болж, гадаадын бөхчүүдийг сүмогоос шахах хэрэгтэй гэсэн санааг ил цухалзуулах болжээ. Сүмод найраа байдаг гэдэг нь баримтаар батлагдсаны дараа Японы Ерөнхий сайд “Үндэсний бахархалд том цохилт боллоо” гэж мэдэгдсэн. Ёкозүна Акэбоно, Мусашимару, Асашёорюү нарыг өмнө нь худлаа мэдүүлэг өгдөг байсан байж магадгүй гэх хардлага нийгэмд үүсээд байсан учир ингэж хэлэх нь ч аргагүй юм. Сүмо бөхчүүд ёкозүна цолтонг бурхантай адилтгаж үздэг. Тэгвэл худлаа хэлсэн байж болзошгүй бурхад нь бүгд гадаадын бөхчүүд байгаа явдал хардаж сэрдэх сэтгэлийг төрүүлэхэд хангалттай байсан нь мэдээж юм. Ёкозүна Хакүхо сүмо бөхийн олон амжилтыг эвдсээр байгаад зарим япончууд дурамжхан байдаг нь ил баримт билээ. Тэрбээр хамгийн олон дараалж түрүүлсэн болон хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн, хамгийн олон давсан зэрэг амжилтыг хэдийнэ үзүүлчихээд байна. Мөн Ёкозүна Чиёнофүжигийн мэргэжлийн сүмод 1045 ялалт байгуулсан “мөнхийн” дээд ажилтыг эвдээд байгаа билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chadaltai Mongol(174.204.5.246) 2025 оны 03 сарын 13

Uursdiin hucheer avch chadaj baigaa yumiig chi Myyxai bolgoj muullaa geed yah ve de!

1  |  0
Муухай Монгол(202.179.27.2) 2025 оны 03 сарын 13

Бага биш их мөнгийг нь авч байж бас муулах нь бидний араншин.

1  |  0
Top