Зөвхөн дөрөвдүгээр сард 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж виз мэдүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгч, виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын лавлагаа болон бусад  бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар, түүнийг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгсөн юм.



 

- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЛАВЛАГААГ ОНЛАЙНААР ШАЛГАХ ПРОГРАММЫГ НЭВТРҮҮЛЭЭД БАЙНА -

Нийгмийн даатгалын асуудал хариуцсан дэд дарга Г.Саран: Монгол Улсын 300 гаруй мянган иргэн БНСУ-д сурч, хөдөлмөр эрхэлж ирж очин амьдардаг. Өдөртөө 900 хүний виз хүссэн мэдүүлгийг хүлээж авдаг гэсэн тооцоо бий. Нийгмийн даатгалын лавлагаа машинаас сард 24 мянган иргэн лавлагаа авдаг. Зөвхөн 2017 онд гэхэд 432 иргэний нийгмийн даатгалын хуурамч лавлагааг шалгуулсан. Лавлагаа машинаас иргэд хурууны хээгээ таниулаад авдаг. Тиймээс бид хуурамч лавлагааг шууд онлайнаар шалгах программыг нэвтрүүлээд байгаа юм. Тухайн виз хүсэгчийн регистрийн дугаар, лавлагаан дээрх 18 оронтой кодыг хийхэд виз хүсэгчийн талаар үнэн зөв мэдээлэл гарч ирнэ. Мэдээлэл таарахгүй бол хуурамч лавлагаа гэдгийг шууд мэдэх боломжтой. Ингэснээр нийгмийн даатгалын лавлагааг хуурамчаар үйлддэг явдлыг таслан зогсоож байна.

- ЗӨВХӨН ДӨРӨВДҮГЭЭР САРД ГЭХЭД 400-500 ИРГЭН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ӨГСӨН -

Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга буюу консул Кил Кан Мүг: Сүүлийн үед БНСУ-д зорчихдоо хувийн хэвшил болон төрийн байгууллагын бичиг баримтыг хуурамчаар үйлдэх нь газар авсантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран энэ хурлыг хийж байна. Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг.

Монгол Солонгос хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байна. Үүнийг дагаад иргэд хоорондоо зорчих асуудал их болсон. Бидний зүгээс үүнийг маш эерэгээр харж байгаа. Харин хуурамч бичиг баримт бүрдүүлэх ажил санаа зовоох түвшинд хүрээд байгаа юм. Иргэдийн виз мэдүүлэхдээ хамгийн их хуурамчаар үйлддэг баримтын дотор нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, банкны тодорхойлолт, дүнгийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга багтаж байна. Энэ дундаас хамгийн ноцтой нь Европын орнууд руу гарсан гэх хуурамч тэмдэглэл байгаа юм.

Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард илэрсэн хуурамч материалын тоо 400-500 хүрсэн. Хэрвээ хуурамч бичиг баримт мэдүүлээд баригдах юм бол наад зах нь нэг жил, цаашид бүр виз мэдүүлэх эрхийг нь хугацаагүйгээр хааж байгаа. Бидний ажигласнаар хууль бусаар бичиг баримт үйлдэж байгаа этгээдүүд цахимаар үйл ажиллагаагаа сурталчилдаг. 100 мянгаас 5 сая хүртэл төгрөгийг залилж хуурамч бичиг баримт үйлддэг нь ажиглагдсан.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ямар ч мөнгө авдаггүй гэдгийг анхаарна уу. “Элчин сайдын яаманд хүн таньдаг. Та нарын визийг нааштай байдлаар гаргаад өгье” гэсэн мэдээлэл байх юм бол ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Манай элчин сайдын яам гэрээтэй 8 виз мэдүүлгийн газраас өөр ямар ч байгууллагатай хамтарч ажилладаггүй гэдгийг онцгойлон анхааруулъя.

-ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ӨГВӨЛ 2-6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨДӨГ-

ЦЕГ: Цагдаагийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудлаар 2013-2018 оны эхний 4 сарын байдлаар 11 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Хуурамч бичиг баримт үйлдэж байгаа этгээдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 19-р бүлгийн 19.14-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үүнд нэгжээр буюу мөнгөн дүнгээр торгох, 6 сараас 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, 2-6 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг. Хэрэв та аль нэг улс руу ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа бол хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэхийг  Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

А.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

Nudnii bulai yumaa ene humuus zuvhun l har amia boddog ni olon huniig evgui baidald oruulniimda denduu uruvdmuur yumdaa monngol chuudaa fase eer neeh l hun shoolson hudlaa isgersen ulsuud baihiin tsagaa bolohod zugeer l hognuud yum

1  |  0
Нэ(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

Юу гэсэн үгиин, түц машин хуурамч лавлагаа гаргадаг гэж бгаа муу

1  |  0
Top