ZINDAA.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад хариулт өгөх юм. Энэ удаа "Шүүхийн иргэдийн төлөөлөгч"-ийн талаар мэдээлэл хүргэе.

АСУУЛТ: Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэхээр шүүх хуралдаанд бид нарыг төлөөлөн оролцдог хөндлөнгийн албан бус шүүгч юм байна гэсэн дүн тойм ойлголт санаанд буудаг.
Шүүхэд эл тод, нээлттэй, шударга тогтолцоог бий болгохоор зорьж буй шүүхийн шинэтгэлийн хүрээнд “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гэдэг маш чухал үүрэгтэй болсон. Өдгөө иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар программаар сонгодог учраас магадгүй та ч төлөөлж болох юм. Энэ тохиолдолд хэрхэх вэ, эрх, үүрэг нь юу байдаг юм бэ, ажлаа яах билээ гэх мэт олон асуулт ургана.
ХАРИУЛТ: Шүүхий иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд олон нийтийг төлөөлөн оролцох Монгол Улсын иргэн юм. Гэхдээ иргэдийн төлөөлөгч нь тухайн шүүх хуралдаанд зөвхөн санал дүгнэлтээ танилцуулах ба ямар нэг шийдвэр гаргах эрхгүй. Мөн жилд нэг л удаа шүүх хуралдааанд оролцоно.
Шүүхийн тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хууль зүйн шаардлага хангасан иргэдийн нэрсийн жалсаалтыг урьдчилан бэлтгэж, батлалдаг. Уг нэрсийн жагсаалтаас програм ашиглан санамсаргүй аргаар сонгож шүүх хуралд оролцуулна.
Хэрвээ та 25 нас хүрсэн, ял шийтгэлгүй, монгол хэлээрээ чөлөөтэй ярьдаг, тухайн нутаг дэвсгэртээ байнга оршин суудаг бол шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хэзээ ч сонгогдож болох юм. Тиймээс тан руу шүүхээс гэнэт яривал айж сандарсны хэрэггүй. Эдгээр иргэдэд шүүхээс урьдчилан мэдэгдэж, сургалт хийн, мэдээллээр хангадаг.
Нэгэнт та төлөөлөгчөөр сонгогдсон бол хувийн болон албан ажлаа зохицуулах үүрэгтэй. Тодруулбал онцгой хүндэтгэх шалтгаангүй бол удирдлагаасаа чөлөө авч, шүүх хуралдаанд заавал оролцоно гэсэн үг. Ажил олгогч нь таныг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж чөлөө олгох үүрэгтэй. Чөлөө өгөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн таныг иргэдийн төлөөлөгчөөр оролцуулахдаа хуульд заасан дагуу нэг цагийн хөлсийг 1428 төгрөгөөр тооцож, улсын төсвөөс олгодог.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны өмнө тангараг өргөнө. Хэрвээ шүүгч болон хэргийн оролцогчтой төрөл садан, гэр бүлийн харилцаатай, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх ашиг сонирхол байгаа бол уг шүүх хуралдаанд оролцохоос өөрөө сайн дураараа татгалзах ёстой. Шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцогч та хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралдааны оролцогчдод асуулт тавих, нотлох баримт шинжлэн судлахад оролцох эрхтэй. Мөн хэргийн баримт, шүүгдэгч болон нэхэмжлэгчийн гэм буруу, захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндэслэлтэй эсэх талаар бичгээр санал, дүгнэлт гаргана.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас хойш хэргийг шийдвэрлэж дууссан ч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нууцлах үүрэгтэй.
Дашрамд дурдахад та шүүх хуралдаанд очихдоо хэт задгай биш, элдэв гоёл чимэглэлгүй, энгийн даруу хувцаслах хэрэгтэй.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Төлөөлөгч гэж энгэр заамаа задгайлж, бүсэлхийгээр хүртэл том судан зүйлст зүйлсээ, бас 60 тай юм шиг мөртлөө гэрэлтсэн сeкси торон хар хувцастай хуралд ирсэн 2 хүнийг мэдэх юм байна