АНХААР: Барилгын ажил явагдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Дөрвөн хүний амь...?

Он гарсаар барилга дээр гарсан ослын улмаас дөрвөн хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна. Статистик мэдээллээс харвал Монгол Улсын хэмжээнд 2002-2017 онд нийт 5,900 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Ослын улмаас 1,122 хүн нас барж, 1,194 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 4,101 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Энэ дунд барилгын салбарын осол дангаараа хамгийн өндөр хувийг эзэлж байгааг албаныхан онцоллоо. "Ажилдаа яваад ирье" гээд гарсан ч орой нь гэртээ ирээгүй энэ орчлонгоос буцсан олон зуун хүний амь насыг барилгын осол гэмтэл авч одсоор... Баримт түшье

Барилгын осол ба баримтууд

Баримт 1: “Тэнгис” кино театрын урд баригдаж байсан 16 давхар барилгын дээрээс унасан бэхэлгээний төмөр зам дээр явсан оюутан залуугийн толгой дээр унаж амь насыг нь хохироосон.  
Баримт 2: “Макс” группын захиалан гүйцэтгүүлж байсан “Crown center”-ийн барилга дээрээс долоон метрийн урттай, бэхэлгээний төмөр замын хөдөлгөөнд оролцож явсан машины дээр унаж 36 настай залуугийн амь насыг хохироосон.

Баримт 3: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Саппоро”-гийн тойргоос 3, 4-дүгээр хороолол руу эргэдэг замын хажууд баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан кран унаж дэргэдүүр нь өнгөрч явсан 12 настай охины амийг хөнөөсөн.  
 

Баримт 4:  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “River Stone” хотхоны барилга дээр ажиллаж байсан гурван залуу унаж амь насаа алдсан бөгөөд хамгийн бага нь 17 настай байсан.  

Баримт 5: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Илсон деволопмент” компанийн захиалгаар “Зуншин” компанийн барьж буй “Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас 18 настай эмэгтэй унаж амь насаа алдсан

Баримт 6: Хан-Уул дүүрэг дэх "Хүннү" хорооллын барилгаас хүн унаж, нас барсан хэрэг гарлаа. Талийгаачийг таван давхарт ажиллаж байх үед хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алдсан аж.Талийгаач 25 настай эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байж.

Энэ мэтээр барилгын осол эндэгдлийн талаар дурдаад байвал олон жишээ буй. Барилгын осол гэмтэл ингэж хавтгайрсны цаана хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаныг илтгэж байна. Барилгын очлын 43 хувь нь техникийн бүрэн бус байдал, 28 хувь нь өндөрт ажиллах заавар зааварчилгаа аваагүй мэргэжлийн бус хүнтэй, 38 хувь нь хөндлөнгийн байгууллагын хяналт байхгүй, зураг төсөл муу гэсэн судалгаа гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, заавар дүрэм мөрдөгдөхгүй байгаагийн маш том жишээ барилгын салбарын осол эндэгдлээс харагдаж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top