Хар тамхи, мансууруулах бодис илрүүлэгч төхөөрөмж ашиглаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэгч төхөөрөмж ашиглаж эхэллээ.

Эхний ээлжинд Цагдаагийн ерөнхий газрын Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн “Target ID”, “Sabre 5000” тоног төхөөрөмжийг өнөөдөр /2018.05.08/ хүлээлгэн өгч, алба хаагчийг дадлагажуулах сургалтыг зохион байгуулжээ. Энэхүү тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх, тандан судлах сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд Англи улсаас ирсэн мэргэжилтнүүд алба хаагчдад дадлагажуулах сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэ ондоо багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон бусад аймаг дахь цагдаагийн газрыг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах аж.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top