"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан С.Зориг агсны хэргийн талаар тус хэргийн ажлын хэсгийн ахлагч прокурортой уулзаж нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гэхдээ нууцын зэрэглэлээс гаргасан материалын хүрээнд явагдсан гэдгийг дурдах хэрэгтэй.
Энэхүү нэвтрүүлгийн дараа эрх мэдлийн хүрээнд нэлээд хүмүүс дургүйхэн хүлээж авсан бол нийт олон таатай хүлээж авсны цаана ямар нэгэн шалтгаан бий байх. Ямартай ч өчигдөр Хууль зүйн байнгын хороны хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Нууц гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна, дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна” хэмээн бухимдсан.
Үүнээс харвал Хуулийн сайд маань “Цензургүй сурвалжлага”-ын эзэн сэтгүүлчийг прокуророос илүү эрх мэдэлтэй байна гэсэн дүгнэлтийг шууд бус утгаар нь хэлээд авсан. Үүний зэрэгцээ нууц гээд парламентад үзүүлдэггүй материалыг хэвлэл мэдээллийн байгууллагад өгч байгаагийн цаана ямар нэгэн хүчин зүйл байгааг ч цухалзуулав бололтой.
Эцэст нь иргэд олон нийт Парламент, Прокурор, Хэвлэл мэдээллийн байгууллагын аль нь хүчтэй вэ гэсэн эргэлзээнд орохдоо тулж байна. Уг нь бол хэвлэл мэдээллийн байгууллагыг дөрөв дэх засаглал хэмээн нэрлэдэг. Тэгвэл парламент, прокурор нь хэвлэл мэдээллийн дээр морилох засаглалын тоонд зүй ёсоор орох байх. Дөрөв дэх засаглагчдын хувьд бол нийгэмд аргагүй хүчтэйдээ орох салбар хэдий ч Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ийм л байгууллага. Хууль зөрчвөл хариуцлага үүрдэг ийм л салбар. Тэд хэзээ ч бусдыг яллаж чадахгүй, тэд хэзээ ч хууль батлахгүй. Харин парламент хууль батлана, прокурор хууль зөрчсөн хэнийг ч бусад хүчний байгууллагын ажиллагааны хүрээнд яллана гээд өөр өөрийн том онцлогтой байгууллагууд юм.
Н.Баатар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Нэг их ноцтой, нууц юм яриагүй л болов уу