”Иргэдийн төлөөлөгчийн санал шүүхийн шийдвэрт тусахгүй байгаад сэтгэл дундуур байна”

2018 оны 05 сарын 08

“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” өнөөдөр /2018.05.08/ 09.30-12.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Зөвлөгөөнд энэ онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон 120 иргэн, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, нийслэл дэх шүүхүүдийн тамгын газрын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнөөр “Шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, тулгамдаж буй асуудал”, шүүхэд иргэдийн хяналт  тавих тогтолцоо бүрдсэн эсэх талаар хэлэлцсэн юм.


Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зармыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүх хуралдаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч оролцуулдаг.

Иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхээр эрүү, иргэний болон захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн, жилд нэг удаа л оролцоно. Ингэхдээ хэргийн баримт, шүүгдэгч болон хохирогчийн гэм буруу, захиргааны байгууллагын үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр санал дүгнэлт гаргах эрхтэй.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд багтлагдсанаас хойш 10 мянга 500 гаруй хүн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцжээ.

Ингээд өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон зарим иргэдийн төлөөлөгчийн сэтгэгдлийг хүргэе.


Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Л.Галт: Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоос өмнө шүүхийн хэцүү газар, шүүхийнхэн хатуу ширүүн гэдэг ойлголттой байсан. Иргэний хувьд шүүхийн үйл ажиллагаанд оролцоод шүүхийн талаар эерэг ойлголттой болсон. Иргэн хүний хувьд хуулийн мэдлэгтэй байх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Харин шүүхийн иргэдийн төлөөлөгчийн санал шүүхийн шийдвэрт тусахгүй байгаад сэтгэл дундуур байна.

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгч н.Мөнгөн: Шүүх хурал болж байгаад түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцдэг. Энэ үед төлөөлөгчийг оролцуулдаггүй. Тэр хананы цаана юу ярилцаж байгаа юм, бүү мэд. Миний бодлоор тэр шүүгчтэй цуг төлөөлөгч хамт баймаар байгаа юм. Тэгэхгүй бол бид нарын тэнд очиж суусны гавьяа байхгүй. Хоёрдугаарт гэвэл /Би нэлээн хүндхэн гэмт хэргийн төлөөлөчөөр суусан л даа. Шүүгдэгч хүмүүсийн харж байгаа харц, хэлж байгаа үг, үйл хөдлөл маш эвгүй байсан./ төлөөлөгчийн аюулгүй байдлыг шүүгдэгчийн ямар нэг нөлөөлөлд автах вий гэдэг үүднээс хамгаалах талыг анхаармаар байна. Бид нар чинь буруутай, үгүйг шууд хэлдэг ш  дээ. Үүнийг зөвхөн бичгээр авдаг баймаар байна.

-Орхон аймгийн иргэдийн төлөөлөгч Д.Соёлхүү: Манай аймгийн шүүхийн байгуулллага иргэдийн төлөөлөгчийг маш хүндэтгэлтэй хүлээн авдаг.  Харин бид нарыг иргэдийн төлөөлөгчөөр оролцуулах боллоо гэхэд ажлынх нь удирдах албан тушаалтнуудад мэдээлэл сайн өгч байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дурандаа шүүх хуралд оролцоод байгаа мэт хүлээж авах ойлголт байна. Уг нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бол ажлаас нь чөлөөлж өгөх үүргийг ажлын газар нь хүлээх юм байна лээ.

-БГД-ийн иргэдийн төлөөлөгч Н.Түвшинжаргал: Өөрт тохиолдсон кэйсийг ярьж байна л даа. Шүүх танхимд ороход их гоё хүлээж авч байгаа юм. Гэхдээ айлын шоовдор хүүхэд шиг тэнд нэг буланд цаасаа тавиад бичих ширээгүй суулгачихаж болохгүй л дээ. Нөгөө талаараа бид нар цаг заваа гаргаж, хуулийн өмнө хүлээсэн иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа. Дараагийн нэг асуудал нь ажил олгогчоос чөлөө авахад хүндэтгэлтэй хандаж байгаа ч цалинтай чөлөө хүсэхэд, “тэгэлгүй яахав, гэхдээ хуулийн заалтаа гаргаад ир” гэдэг. Хуулийн заалтыг гаргаад ирэхээр / Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль , 9.7/ ажил олгогч нь иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд ямар нэг саад учруулахгүйгээр оролцуулна гэж байна. Тэгэхээр цалинтай ч юм уу, үгүй ч юм уу гэдэг нь тодорхойгүй. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм л даа.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүний хувь заяа(122.201.31.31) 2025 оны 03 сарын 13

бусдын буруутай нөлөөллөөс, гүтгэлгээр хэрэгтэн болж хохирох үзэгдэл огт өөр эрин зуунд устах ёстой

1  |  0
Top