ТОДРУУЛГА: Цэнхэрийн халуун рашааны бүтцэд өөрчлөлт ороогүй гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цэнхэрийн халуун рашааны химийн бүтэц өөрчлөгдсөн гэх мэдээлэл гарч байна. Тэгвэл уг мэдээллийн талаар “Орхон голын сав газрын захиргаа”-ны дарга Ч.Отгонбаатартай утсаар холбогдож цөөхөн асуултанд тодруулга авлаа.


 

-ЦЭНХЭРИЙН ХАЛУУН РАШААНД ЖИЛДЭЭ ГАДНА ДОТНЫ 10 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИД АМАРДАГ-

-Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архангай аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Орхон, Чулуутын голын сав газрын захиргаа, “Ариун суварга” ТББ хамтран хяналт үнэлгээ хийж, рашааны химийн бүтэц өөрчлөгдснийг тогтоожээ” гэх мэдээлэл гараад байна. Хяналт шинжилгээ хэзээ хийгдсэн юм бэ?

-Энэ  мэдээллийг олж уншсан. Алтны уурхайтай холбоотой гэж хүртэл бичсэн байна лээ. Бодит байдал бол өөр. Орхон, Цэнхэр хоёр хоорондоо 80 км зайтай. Орхон голын эхэд уул уурхайн олборлолт хийснийг Цэнхэрийн халуун рашаантай хамааруулах ямар ч боломжгүй юм. Цэнхэрийн халуун рашаан ил шороон орд. Ямар нэгэн химийн бодис хэрэглэдэггүй орд гэж явдаг. Бид цаг уурын газартайгаа хамтраад 14 хоног тутамд хяналт тавьдаг. Рашааны найрлагад өөрчлөлт орох боломж байхгүй.

-Дээрх байгууллагууд хамтарч шалгалт хийгээгүй гэсэн үг үү?

-Хамгийн сүүлд өнгөрсөн намар шалгалт хийсэн. Халуун рашааны өөрийнх нь орд газар гэж бий. Тэндээс аж ахуйн нэгжүүд 500 метрийн зайд байрладаг. Рашаанаасаа гарч байгаа голтой ойрхон байгаа газруудад ус, хөрсний шинжилгээ хийсэн. Аль аль нь байж болох түвшингээсээ бага зэрэг бохирдолтой гарсан нь үнэн. Тухайн үед аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьсан. Энэ жил үйл ажиллагаа эхлэхээс өмнө дахин шинжилгээ хийж зөрчлийг нь арилгуулаад амрагчдаа хүлээж авна.

-Тэгэхээр рашааны химийн бүтэц хэвийн гэж ойлгож болох уу?

аа хамаагүй уул уурхайн олборлолтоос болоод рашааны бүтэц өөрчлөгдсөн гэвэл жирийн хүн хараад инээд нь хүрэхээр асуудал. Би үүнийг олон нийтийн анхаарлыг татах гэж ямар ч хамаагүй мэдээллийг нийлүүлээд тавьдаг үйлдэл гэж харж байна.

-Ер нь халуун рашааны эргэн тойронд уул уурхайн олборлолт хийгдэж байгаа юу? "Ус, рашааны химийн бүтэц өөрчлөгдөх болсон шалтгааныг Цэнхэр суманд алт олборлогч компаниудын хаягдал, химийн хорт бодисууд газрын хөрсөнд шингэж бохирдуулсантай холбоотой байж болзошгүй" гэж бичсэн байна лээ?

-Ерөөсөө тийм юм байхгүй ээ. Хөрс, усны бохирдол яагаад үүсч байна гэхээр тэнд үйл ажиллагаагаа явуулдаг таван аж ахуйн нэгж рашааны ундрагад нөлөөлөхгүйгээр гарцан дээр нь турба тавиад өөрсөд рүүгээ татаад бассейн болгож амрагчдаа оруулдаг. Тэр усаа 24 цаг тутамд сольдог. Ингэхдээ байгальд ил задгай асгадгаас үүдээд бохирдол үүсээд байгаа юм. Мөн цэвэрлэх байгууламж хүрэлцээтэй биш байгаа нь хөрсний бохирдол үүсэх шалтгаан болж байна. Гэхдээ энэ нь рашааны химийн бүтцэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхгүй. 

-Цэнхэрийн халуун рашааныг жилдээ хичнээн хүн зорьж очдог вэ?

-Таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нэг аж ахуйн нэгж жилдээ гадна дотны 2000 гаруй жуулчин хүлээж авдаг гэсэн тооцоо судалгаа бий.

 

 

Д.Амартүвшин

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тамир(202.126.89.33) 2025 оны 03 сарын 13

Яагаад хүний зураг зөвшөөрөлгүй тавиад байна? Ханддаг газарт нь хандах уу яах уу?

1  |  0
Top