Хүүхэд томчуудын тоглоом биш

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

Будаг нь халцарсан ширээн дээр хугас шилтэй архи байх ба түүнийг хувааж ууж байгаа нөхдийн дунд бяцхан охин суух. Мөлжиж хаясан яснуудын хажууд хурц иртэй хутга  үзэгдэх агаад ундуй сундуй энэ орчин цаанаа л нэг хүйтэн хөндий...

Харамсалтай нь бидний ирээдүй болсон бяцхан охин тийм л нөхцөлд, ийм л архичдын дунд өсөн торниж байна. Охины харцнаас нь л айж мэгдсэн, түгшиж гэрэвшсэн байдал анзаарагдах. Яг түүн шиг Монголын мянга, мянган үрс өдгөө архичин аав ээж, ах эгчийнхээ дунд бойжиж байна. Бодохоос зүрх зүсэгдэм...

Архидалт бол гэр бүлийн өвчин

Өнөөдөр Монгол Улсад архины хамааралтай гэр бүл асар их байна. Тэнд өсөн торниж буй хүүхэд "Үл үзэгдэх эмгэнэл"-ийн бодит жишээ. Оросын сэтгэл зүйч Вайка Разинкова архины хамааралыг “үл үзэгдэх эмгэнэл” гэж тодорхойлсон байх юм. Яагаад ийм байдал бий болдог вэ. Үүний хариулт нь тун энгийн болохыг сэтгэлзүйчид дараах байдлаар тайлбарлажээ. .

Архидалт бол гэр бүлийн өвчин гэнэ. Архинаас хамааралтай хүнтэй нэг дээвэр дор амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл зүй эрүүл байдлаа бүрэн хадгална гэж байдаггүй аж. Гэр бүлд архины хамаарал ихэсвэл эрүүл бус, хахир хатуу харилцааны дүрэм аяндаа бий болдог байна. Гэр бүлийн бүх гишүүд архи уудаг хүний эрх ашгийн төлөө ажиллаж эхэлнэ. Эцсийн эцэст гэр бүл аавыгаа ажлаасаа яаж ирэх бол гэсэн айдастай хүлээдэг болно. Бүх тогтолцоо архины хамааралтай хүний сэтгэл санаа, зан үйлээс хамаарч эхэллээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэрэл гэгээг харанхуй бүрхэн нөмөрдөг шиг гэр бүл тийм л болдог байна.

Гэрээсээ дайжсан 97 хүүхэд

Өнгөрсөн онд урт болон богино хугацаагаар гэрээсээ дайжсан 97 хүүхдийг албаныхан илрүүлжээ. Эдгээр хүүхэд дуртайдаа бус дайжихаас өөр аргагүйд хүрсэн учраас л ийн орон гэрээсээ зугтсан нь тодорхой. Тэдний ихэнх нь ар гэр нь архидалттай, хүнд хэлбэрийн хүчирхийллийн дор амьдарч байсныг ч албаныхан онцолж байгаа юм. Хамгийн гол шалтгаан нь архидалт байгааг ч хэлж байна. Өдгөө архинаас тодорхой хэмжээгээр хамааралтай айл өрхийн тоо манай улсад хэдэн мянгаар тоологдох. Тэр бүхний ард эх орны маань ирээдүй болсон үр хүүхэд уйлж байна. Уйлах, уйлахдаа бүр цурхиран уйлж байна. Томчуудын тоглоом, архичдын гарын шүүс болон амьдарч байна. Аймшигтай...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(66.181.181.80) 2025 оны 03 сарын 13

Энэ зургийг хэн авсан юм бол?

1  |  0
Top