Дуншя: Монголын хил рүү 200 гаруй цаа буга давуулсан. Тэд минь үзэгдэхээ байлаа, дууссан юм болов уу даа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Бүгд Найрамдах Тува улсын зүүн өмнөд талын Тэрхөл хошуу. Тэрхөл хошууны төв сууринг Кунгуртик гэх бөлгөө. Ойт уулын бүс учраас шавар намаг элбэг. Тувагийн нийслэлээс албаны хүмүүс нисдэг тэргээр ирж очино. Тэрхөл хошууны нутагт Тэрхөл нуур байдгаас тус хошууг ийн нэрлэжээ. Тэрхөл нуур нь Монголын хилийн баганын наад талаас л цэлэлзэж харагдах юм билээ. Кунгуртик суурин Монголын хилийн бүсээс 97 км-ийн алсад байрлана. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагтай хил залгаа оршино. Тэд уйгар хэлээр ярьж орос бичиг үсэг хэрэглэдэг. Уг хошуунд 1960-аад он хүртэл цаатнуудын хоёр отог нүүдэллэн амьдардаг байжээ. Цаатан иргэд нь өөрсдөө цаа бугаа маллах өсгөх сонирхол их байсан боловч тухай улсын бодлого сөргөөр нөлөөлжээ.

Кунгуртик тайгын өндөр настан Дуншя "Цаа буга бол их өр зөөлөн ариун амьтан. Хүмүүсийг өөртөө таагүй хандахыг мэдэрдэг. Хэд хоног хэвтрээсээ босохгүй. Нүд нь гархилаад хамаг бие нь хуурайшаад гомдож байгаа мэт болдог. Бидний тухайд улс орны бодлого хатуу байсан. Бид нүүгээд Монголын хилийг давья гэж олонтоо бодсон ч зүрх зориг хүрээгүй. Сүүлд нь тэсэж үлдсэн 200 гаруй толгой цаа буга хөлөөр нь тууж Монголын хил рүү давуулсан. Саяхан болтол зундаа энд тэнд ирсэн харагддаг байсан. Ойрын хэдэн жил үзэгдэхээ болилоо тэд минь дууссан юм болов уу даа. Хөвсгөлийн Тэнгисийн бэлчирт цөөн хэд нь очсон сурагтай..." гэж ярьлаа. 
Кунгуртикийн хүн амын 36 хувь нь өөрсдийгөө "эвенк" үндэстэн цаатан гэж мэдүүлжээ. Хуучин цагт цаа маллаж байсан хүмүүс одоо загас, ангийн отог үүсгэн амьдралаа залгуулж байна. Тэд жилдээ хоёр л удаа сууриндаа очиж ан ав олзоо тушааж мөнгө олдог. Бусад үед ихэвчлэн уул тайгадаа урц майханд амьдардаг. Цаа буга маллаагүй боловч эртний ёс заншлаа ихэд хадгалахыг хичээнэ. Модоор хийсэн савыг ахуйдаа өргөнөөр хэрэглэдэг. Мөн ан амьтны гүзээ, сархинаг, ходоод тэргүүтнийг давсалж хатаан дахин дэвтээж хоол хүнс борцоо урь идүүлэхгүй шинэхнээр нь хэрэглэнэ. Анчдын отогт зориулсан уулын олон пин /нэг талдаа хүнсний агуулах жижиг байшин/ бий. Уг пинд анчин хэрэглэж яваа хүнснээсээ илүүчилж үлдээнэ. Эмэгтэйчүүд зун намрын туршид нөөшилсөн жимсний хатаамал, дарс цай тэргүүтэн пин болгонд байна. Модон саванд ангийн борц, загасны борц, загасны хатаамал, үйрмэг зэрэг хадгалдаг. Пинд газар луу буусан шат байх бөгөөд уг шатаар дамжин хулд загасны тос,хулд загасны түрс, загасны нүд зэргийг сэрүүн харанхуй нөхцөлд хадгалснаа авч хэрэглэнэ.

Мягмарсанж нэртэй ургамлын хангирс жимсний үйрмэгний хамт ширэн саванд хийж хадгалсан нь тэдний хэрэглэдэг гол цай юм. Ийм төрлийн цайгүй пин гэж ховор. Мөн анчдад нэн тэргүүнд хэрэгтэй зүйл бол гутал. Иймд пин бүхэнд сөөхий, эсгий гутал, төрөл бүрийн ангийн арьсан гутал, ангийн үсээр ширж хийсэн оймс байна. Мөн дэгтий хамбарс /гарын арын хэсэгт таарах арьсан халхавч мэт зүйл/, хуучирсан урагдсан гээд бусад нь голж үлдээсэн дах, цээжин /мөр далан дээгүүр тохох маягаар хэрэглэдэг арьсан гоёл /зэргийг модны мөчирт өлгөж үлдээнэ. Залуухан модыг пиндээ багтааж барьдаг нь нэг талдаа мөчирт нь хэрэгтэй зүйлсээ бэхлэх, нэг талаараа модыг өөрсдийнхөө төрөл гэж үздэгтэй холбоотой. Мөн спиртийн үрэл байна. Анчид ууланд явахдаа ганц нэгээр нь авч яваад ядарсан даарсан, биед өвдөлт мэдрэгдсэн үед усанд буюу цасанд өнхрүүлж хэрэглэнэ. Уг спиртийн үрлийг "Бөмбөлөн" хэмээх ургамлын түрүүг бусад ургамлын зүйлтэй найруулан зохируулж бэлддэг ажээ. Кунгуртикийн анчид шувуу агнахыг цээрлэдэг бөгөөд тэд өөрсдийгөө тэнгэр шүтээнтэй гэж итгэдэгтэй холбоотой. Эдгээр отгын эмэгтэйчүүд үргэлж завгүй. Зуны турш загас борцлох, жимс эмийн ургамал түүх зэрэг ажлыг хийнэ. Өвөл хаврын саруудад ангийн үс ноос сүлжих, ээрэх, ангийн арьс элдэх боловсруулах, ангийн арьсаар дах, дэгтий, гутал, бээлий, цасны малгай хийх пин цэнэглэх, хоол хүнс базаах зэрэгт цаг хугацаагаа зарцуулна. Тэд зан чанарын хувьд энгийн хүмүүс байдаг агаад худал хэлэхийг маш  хатуу цээрлэнэ.
Худал хэлбэл
Хурмаст таална
Заль хийвэл
Замбага таална... гэсэн үгийг байнга хэлнэ. Хаа нэгтэй аянганд хүн өртвөл үүнтэй холбож тайлбарлана. Мөн энэ тайгад уран дархан, оточ хүмүүс байдаг.Удам дамжсан уг үйл хэрэгтээ үнэнч байхыг хичээнэ. Тайгын хүүхдүүд тусад орсон л бол дархан хүний ажилд туслаж чулуу, модны ур, үндэст цуглуулж өгнө. Дарханы урласан бүтээлийг урцнаас урцанд хүргэж өгнө. Бас өвчтэй хүмүүст оточ залах, эм тан дөхүүлэх зэрэгт хүүхдүүд явна.
Тэрхөл хошууны сургуулийн бага ангийн багш М.Баяр "Тайгын хүүхдүүд эрүүл чийрэг цовоо.Тэд суурингийн сургуульд нэгээс хоёр жил хүчээр шахам суусан болоод л тайгын гүн рүү алга болно. Бүр нэхсээр байж арван хоёр настай нь бага сургуульд элсүүлнэ. Алив юмыг сурахдаа амархан. Гэхдээ дэндүү зоргоороо. Нэг л охин биеийн тамирын багш болсон. Бусад нь мэргэжил эзэмших нь бүү хэл бага сургуулиа ч төгсөөгүй" гэж ярьжээ. Кунгуртик тайгынхан жилдээ хоёр удаа л цуглана. Тайгын гүндээ хаа нэтгээ цөмөөрөө нэгдэн тэнгэр тайх, ангийн тэнгэр тахих, галын савдаг баясгах, гэр бүлгүй хүмүүст жигүүр тайлах, оточ дархан хүмүүст шавь болох, хүүхдийн гарыг ариутгах, оюун ухаан сэргээх зэрэг бусад олон үйлийг хийж 9 хоног их түүдэг гэрэл асаан найр цэнгэл үүсгэнэ.Энэ ёслолыг хэзээ хаана хийхийг отгын эзэн шийдвэрлэнэ. Есийн тоог бүхий л зүйлд хэрэглэдэг бөгөөд отгын эзнийг солих тухай 9 жил тутамд хэлэлцдэг. Жил бүрийн цуглаан ёслолыг тогтсон нэг газарт хийдэггүй нь бусдаас их нууц байх ёстой нь холбоотой. Мөн төр засгийн бодлогоос зугтаах нэг арга байж болох юм.

Сэтгүүлч Ч.Дагмидмаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(182.160.36.135) 2025 оны 03 сарын 13

yamar sonin um be

1  |  0
Зочин(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа

1  |  0
Зочин(202.21.106.145) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээлэл байна.

1  |  0
Top