Судлаачид: Төр засгийн шийдвэрүүд сошиалын давалгаан дээр тулгуурлаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 02

 "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт сэтгүүл зүй судлаачдын үндэсний  IV симпозиум  өнгөрөгч тав дахь өдөр боллоо. Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид  цахим сэтгүүл зүйн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж  салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.

Тус симпозиумыг МУИС, ХУИС, МУБИС, "Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургууль хамтран зохион байгуулж,  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо дэмжиж оролцлоо. 

Илтгэгчид Монголын цахим сэтгүүл зүйн чиг хандлагын талаар танилцуулж, цаашид сэтгүүл зүй сошиал медиатай зөвөөр хамтарч ажиллах зайлшгүй нөхцөл шаардлага тулгараад байгааг хэллээ. Мөн сэтгүүлчид мэргэжлийнхээ үйл ажиллагааг нийгмийн сүлжээнээс заагтай явуулж, интернэтийн асар их мэдээллийн урсгал дунд цахим сэтгүүл зүй илүү мэргэжлийн байж олон нийтийн сүлжээнээс ялгарч, хөгжих шаардлагатай хэмээн симпозиумд оролцож буй илтгэгчид онцолж байсан юм.


Ингээд илтгэгчдийн онцлох эшлэлүүдээс товчлон хүргэж байна.

МУИС-ийн ШУС-ийн багш оюутны хөгжил, нийгмийн ухааны салбар хариуцсан Дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ "Интернэт орчин, сэтгүүл зүй, боломж” сэдвээр илтгэл тавилаа.


"Интернэт сэтгүүл зүй бол олон нийтийн харилцааны хэрэгсэл. Уламжлалт сэтгүүл зүй бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл"

Харилцааны гол хэрэгсэл хэл яриа, бичиг үсэг, радио, телевиз байсан бол өнөөдөр интернэт болсон байна. 

Өмнө нь сэтгүүлчээс, мэдээлэгчээс сонсогч, үзэгч, уншигч руу чиглэдэг байсан бол өнөөдөр хэрэглэгч бие биендээ мэдээлэгч болсон. Тийм учраас сэтгүүл зүй мэдээллийг түгээх дамжуулахаасаа илүү мэдээллийг эрэмбэ дараатай болгох, ангилах, дахин боловсруулах зэрэг шаардлага бий болж байна.

 - Монголын интернэт сэтгүүл зүй энгийнээр хэлэх юм бол виртуал сэтгүүл зүй, виртуал нийгмийн хувьд хэрэглээний талаасаа ч нийгмийн нөлөөллийн талаасаа ч эхлэлийн түвшинд байна.

 - Америкийн PEW судалгааны төвөөс сэтгүүл зүй олон нийттэй харилцах, интернэтийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар 76% нь 2020 он гэхэд интернэт хүмүүсийн оюун ухааны чадамжийг шинэ түвшинд хүргэнэ гэдэг дээр санал нэгджээ.

XXI зууны нийгмийн харилцаа хувь хүн төвтэй болно. XX зууных бол олон нийтийн харилцаа байсан.

Ирээдүйд ямар мэргэжил үлдэх вэ гэвэл хүний ур чадвар, туршлагатай холбоотой мэргэжил үлдэнэ. Түүнээс бусад  мэргэжлийг робот, хиймэл оюун ухаан орлох боломжтой.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн СМТТ-ийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа "Технологийн эрин үе дэх хэвлэл мэдээлэлд тулгарч буй сорилт, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.

Уламжлалт сэтгүүл зүй нөлөөллөө алдаж эхэлж байна. 2016 оноос уламжлалт мэдээллийн хэрэгслийн нөлөөлөл буурсан. Үүний хамгийн том жишээ нь Герман, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Шинэ мэдээлэл харилцааны хэрэгслээс илүүтэй хүчирхэгжиж, үнэ цэнэ нь  өсөв.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэгчдийн тоо буурч байгааг Gallup судалгааны агентлагаас гаргажээ.

-Хуурамч мэдээлэл ардчилалд ч заналхийлэх болов. Хуурамч мэдээллийн зорилго нь хэн нэгний эрх ашгийг хөндөх, олон нийтийг төөрөгдүүлэх, сувгийн нөлөөг тэлэх зорилгыг агуулдаг.  Хуурамч мэдээлэл бол шинэ зүйл биш бөгөөд дижитал систем үүнийг хөгжүүлж, дэлгэрүүлж байна.

-Хүмүүс мэдээллийн бодитой эсэхийг ч анхаарахаа больсон. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх, түүний нөлөөнд автахгүй байх талаар хэлэлцэж эхэлсэн байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн рекламны зах зээл хумигдаж байна.

Уламжлалт мэдээллийн хэрэгслийн реклам буурч байгаа гэж судлаачид үзжээ. Учир нь реклам захиалагчид хямд, зорилтот хэрэглэгчидтэй платформуудыг илүүд үзэж байна. Ингэснээр дижитал реклам өсөв. Олон хүн ажилгүй болж, санхүүгийн асуудалд орох шинэ үе эхэлж байна.

-Худал мэдээлэл сонгуулийн үр дүнг тодорхойлсон.

-Юу чухлыг мэдээний редактор биш алгоритм шийддэг болсон. Олон нийтийн сүлжээний платформууд мэдээллийн урсгалыг удирдаж байна. Уламжлалт тв-д зарцуулах цагийг онлайн видео хулгайлж байна. Zenith-ийн мэдээлснээр хүмүүс видео үзэхэд өдөрт 19 минут зарцуулж байгаа ба 2018 онд энэ тоо дахин өснө. ХМ-ийнхэн мөнгөө дижитал платформуудад алдаж байна.

-ХМХ-үүд хэрэглэгчдийн төлөө өрсөлдөж эхэлсэн. Тухайлбал, BBC 15-30 секундийн видеог интаграмд зориулан бүтээжээ.

-Сэтгүүлчийн мэргэжлийн тухай уламжлалт ойлголт үндсээрээ өөрчлөгдөв.

-Цаашид мэдээллийн үйлдвэрлэл дэх зарим ажил мэргэжлүүд устаж үгүй болно. 2025 онд шинээр ажилд орох залуучуудын 60 хувь нь өнөөдөр  байхгүй ажлын байранд очно. Сэтгүүлчид зөвхөн "бичигч"-ээс "контент үйлдвэрлэгч" рүү шилжих үйл явц дэлхий даяар явагдаж байна.

- Хэрэглэгчид вебсайтууд болон сошиал медиагаас мэдээлэл авдгаас болоод мэдээллийг үнэгүй авах зуршилтай болчихсон. Үүнээс үүдэж хэвлэл мэдээллийн мэдээлэл үнэгүйдэх ийм цаг үе иржээ.

- Олон нийтийн сүлжээний дарамтан дор байгаа сэтгүүл зүй сошиал медиатай зөв хамтран ажиллах, түүгээр мэдээллээ түгээх зайлшгүй шаардлага тулгарч байна.

- Мулти медиа сэтгүүл зүйг уламжлалт сэтгүүл зүйн хэлбэрүүдийн нийлбэр гэж ойлгож болно.Ингэхдээ аль нэгийг нь хэтрүүлэх бус бие биенийгээ дутууг нөхөх байдлаар цахим орчинд хүргэнэ.

- Хуурамч мэдээлэл газар авсан энэ үед үнэ цэнэтэй, бодит, мэдлэг болохуйц мэдээллийн хэмжээг өсгөх шаардлагатай байна.

- Хэрэглэгчид илүү алсарч буй энэ орон зайд тэднийг алдалгүй барьж авахад сэтгүүлчээс нөр их хөдөлмөрийг шаардана.


 МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар "Дижитал эрин үеийн сэтгүүл зүй, баримтлах зарчмууд” сэдвээр илтгэл тавилаа.  

- Уламжлалт сэтгүүл зүйн үед зөвхөн нэг талаас мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэдэд хүргэдэг хэв маяг байсан. Өнөөдөр хэрэглэгч өөрсдөө мэдээллийн үйл ажиллагаанд оролцож контент үйлдвэрлэх, санал сэтгэгдлээ бичиг хэлбэрээр илэрхийлэх, эргэх холбоотой болсон. Энэ байдал нь мэдээлэлд шүүлтүүр тавих боломжгүй болсон гэж судлаачид үздэг. 

- Сошиалын асар их хурдын дунд хэвлэл мэдээллийн хэрэгсэл түрүүлж мэдээлэх боломж үндсэндээ байхгүй болсон. Тиймээс сэтгүүлчдийн гол үүрэг лавшруулан мэдээлэх, дүн шинжилгээ хийх юм.

- Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээний аль болох боломжтой талыг нь ашиглаж хамтран ажиллах, хослуулах ийм зарчим дээр тулгуурлахаас биш эрс эсэргүүцвэл цаашид оршин тогтнох боломж хомс гэдэгтэй судлаачид санал нэгддэг.

- Худал ихсэхэд үнэний үнэ цэнэ нэмэгддэг гэдэг. Өөрөөр хэлбэл мэдээллийн хэт их урсгал дунд худал хуурмаг мэдээлэл давамгайлсан байвал бодит мэдээллийн хэрэгцээ шаардлага, үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэнэ.

- Цахим хэвлэл мэдээллийг уламжлалт хэвлэл мэдээллээс тусгайлан авч үзэхгүй байх хэрэгтэй.

- Манай төр засгийн шийдвэрүүд сошиалын давалгаан дээр тулгуурлаж байна. Тухайн нэг дарга сошиалаар яригдаж байгаа сенсацийн зорилго, далд санаа ямар байхыг нь хамаарахгүйгээр шийдвэрээ өөрчилж байх жишээтэй.

- Сэтгүүл зүйд яг ийм хандлага байна. Аливаа хийрхлийг дагаж ханарах нь маш түгээмэл.

- Сошиал медиа бол хэвлэл мэдээллийн салбарын хувьд барьж тогтоох боломжгүй цунами юм.

- Сэтгүүлчид нийгмийн сүлжээнээс зайтай, заагтай ажиллах зайлшгүй зарчмыг баримтлах шаардлагатай. Нийгмийн сүлжээн дэх аливаа, туйлшрал, хийрхлийг дэвэргэхээс зайлсхийж ажиллах ёстой. Мэргэжлийнхээ үйл ажиллагааг тусад нь явуулах ёстой. Олон улс орон үүнийг мөрдөж байна. Сэтгүүлч тэр гэсэн хаягтай, түүгээрээ мэргэжлийнхээ ажлыг хийгээд байж болохгүй л гэсэн санаа.

- Сэтгүүлчдэд ямар ч онцгой эрх байхгүй. Сэтгүүлчид иргэнтэй яг адилхан эрхтэй. Сэтгүүлч хардах эрхтэй гэдэг буруу ойлголт яваад байдаг. Энэ бол аймшигтай үзэл санаа. Ямар ч хардах эрхгүй харин иргэний адил хардах эрх бол бий.

Нийгмийн сүлжээг хуулиар зохицуулахын эерөг ба сөрөг тал сэдвээр ТВ9 телевизийн захирал, доктор, профессор Т.Баасансүрэн

Монголын сэтгүүлзүйн цаашдын хөгжилд цахим сэтгүүлзүй хамгийн хүчтэйгээр нөлөөлөх хандлагатай байна.

Үндэстэн ястнууд, улс орнуудын хооронд хил хязгааргүй мэдээллийн орон зай нэгэн үүсч буй болжээ.

Цахим сүлжээг ашиглагчид нэрээ нууцлах, эх сурвалжаа нууцлах боломжтой тул санаа бодлоо хэтэрхий хурцаар илэрхийлж, улмаар хэн нэгэн рүү дайрч давшилсан буюу гутаан доромжилсон болж хувирдаг.

Зөрчлийн тухай хууль сэтгүүлзүйд олон бэрхшээлийг авчрав. Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх чиглэлээр  нэг биш нэг хэсэг багц хууль гаргаж хэрэгжүүлэх хэрэгцээ бий. Тэгэхдээ яаран сандран туйлшрах хэрэггүй.

ХБНГУ-ын Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай" хуулийг танилцууллаа.

Хэрвээ нийгмийн сүлжээ эрхлэгчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол торгууль онооно.

Сайтууд тарааж буй мэдээ мэдээллийнхээ агуулга, худал хуурмаг зэрэгт гүйцэд анхаарал тавьж чадахгүй байна" гэлээ. 


Түүнчлэн дэлхий даяар 4,2 сая садар самууны вэб сайт байна. Энэ нь нийт вэб сайтын 12 хувийг эзэлж байгаа юм. "Ditch the label" байгууллагаас 2013 онд гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын 7 нь кибер дарамтад өртдөг бөгөөд залуучуудын 37 хувь нь байнгын дарамтад байдаг бол 20 хувь нь хүнд хэлбэрийн кибер дарамтыг өдөр бүр амсаж байна гэжээ. Fасebooк, Twitter, Asк Fm зэрэг нь цахим орчны дарамтыг бий болгогч үндсэн талбар болж байна гэж ХХЗХ-ын мэргэжилтэн Т.Батболд "Онлайн контентын олон улсын зохицуулалтын орчин" сэдэвт илтгэлдээ танилцуулав.

Мөн "Цахим эрин дэх Монголын сэтгүүлзүй, өнөөгийн байдал, асуудал сэдвээр Максима медиа ХХК-ийн Ч.Оюунгэрэл, РТМУС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор С.Дэлгэрмаа, Глоб интернэшнл ТББ-ын судлаач Ц.Мөнхжин, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг нар панелистаар оролцож "Медиа" группийн ерөнхий продюсер Ж.Хулан модератораар ажиллав.


Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэг "Цахим эрин дэх Монголын сэтгүүлзүй, хөгжлийн гарц, боломж сэдвээр үргэлжилж Ikon.mn сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа, МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшин, Отгонтэнгэр ИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор Х.Энхтуяа, "Ил тод байдал сан" ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав нар панелистаар оролцов.


Симпозиум нь хэвлэл мэдээллийн цахим салбарт ажиллаж буй сэтгүүлчид, сэтгүүл зүйн сэдвээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид оролцсон салбарын томоохон арга хэмжээ болсон юм.

 


Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс их, дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгуулсан "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага" сэтгүүл зүй судлаачдын Үндэсний IV симпозиум ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа. Монголын сэтгүүл зүйн цахим салбарт тулгамдаж буй асуудал, цаашид баримтлах чиг хандлагыг хэлэлцсэн нь цаг үеэ олсон ажил байлаа хэмээн оролцогчид үзэж байна.


Ш.АДЪЯАМАА

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(202.9.40.5) 2025 оны 03 сарын 13

Bolj l bn shd, iim surgalt hiij bh heregtei.

1  |  0
Top