Сүхбаатар аймгийн Халзан сум отрын айл өвөлжүүлэх боломжгүй гэв

Админ | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Сүхбаатар аймгийн Халзан сум өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөг сумын айл өрх, албан байгууллагын дарга, эрхлэгч, багийн дарга нарт хүргүүлж, сумын өвөлжилтийн зураглалыг гарган ажиллаж байна. Тус сумын дөрвөн багийн 296 өрхийн тэмээ 320, адуу 13564, үхэр 10980, хонь 86468, ямаа 53656 нийт 164988 мянган толгой мал өвөлжиж хаваржих төлөвтэй байна.

Таван өрхийн 3222 толгой мал гадны сумын нутагт буюу Сүхбаатар сумын Арын нуур, Асгат сумын Хар ус, Баруун-Урт сумын Энх-Амар гэх газруудаар өвөлжиж байна. Мал сүргийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх тарилга туулгалт, угаалганд хамруулах арга хэмжээнд малчид малаа бүрэн хамруулсан байна.

Сумын аюулгүй нөөцөд 50 мянган тн өвс худалдан авч нөөцөлсөн бөгөөд өвсний гарц дунд, сумын хэмжээнд газар нутаг бага учраас гадны сумаас орж ирж буй айл өрхийг хүлээн авч өвөлжүүлэх боломжгүй байна.

Сумын төвийн албан газрууд цахилгаан, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээг цаг тухайд хийж, “Халзан дулаан” ОНӨААТҮГ-ын нэгдсэн халаалтанд холбогдсон Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл хангагдаж, халаалт өгч эхэлжээ. Бусад албан газруудын уурын зуухны үйл ажиллагаа бэлэн болж халаалт хэвийн өгч байна. Цаг хүндэрсэн үед ашиглах машин техник, хүн хүчний тооцоог хийж, бэлэн байдалд оруулж, шатах тослох материал, эм хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа материалын тооцоог хийж, холбогдох хүмүүстэй гэрээ байгуулан төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top