Сүхбаатар аймгийн гурван сумын Засаг даргыг томиллоо

Админ | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн долоо хоногт сумдын ИТХ-аас сумынхаа Засаг даргад нэр дэвшүүлэхээр аймгийн Засаг даргад ирүүлсэн нэр дэвшигчдийн материалтай танилцаж, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулж ажиллажээ. 

Шаардлагыг хангасан гэж үзсэн болон АТГ-аас Ашиг сонирхлын аливаа зөрчилгүй гэсэн шийдвэр ирсэн гурван сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга батламжиллаа. Ингэснээр Эрдэнэцагаан сумын Засаг даргаар Өлзийтийн Батсайхан, Халзан сумын Засаг даргаар Агваанрэнцэнгийн Отгонбаатар, Баяндэлгэр сумын Засаг даргаар Лхамжавын Аваадорж нарыг томилсон юм. 

Үүнээс гадна өчигдөр Уулбаян, Асгат, Наран, Түмэнцогт, Мөнххаан сумын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргад өргөн барисан байна. Тодруулбал, Уулбаян сумын Засаг даргад Дондогийн Шижирбаатарыг, Асгат сумын Засаг даргад Улаанхүүгийн Мөнхбаярыг, Наран сумын Засаг даргад Лхамсүрэнгийн Очийг, Түмэнцогт сумын Засаг даргад Батаагийн Амарааг, Мөнххаан сумын Засаг даргад Амарбаатарын Батдэлгэрийг сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжин аймгийн Засаг даргад уламжлаад байна.

Орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумдын ИТХ-ын хуралдаанаар Уулбаян сумын ИТХ-ын даргаар Г.Бат-Эрдэнэ, Асгат сумын ИТХ-ын даргаар М.Мөнхбат, Наран сумын ИТХ-ын даргаар Б.Эрдэнэбат, Түмэнцогт сумын ИТХ-ын даргаар Г.Энхбат, Мөнххаан сумын ИТХ-ын даргаар Д.Бат-Эрдэнэ нар сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2016(122.201.21.115) 2016 оны 11 сарын 16

ан- батсуурь гэж тэрбумтан болтлоо баяжсан нөхрийг атг- шалгах хэрэгтэй. горины дээрэмчингээс дутахгүй л болов уу?

0  |  0
ИРГЭН(202.179.23.74) 2016 оны 11 сарын 16

ОРОН НУТАГТ АН-ЫН ЯЛАЛТЫГ ҮГҮЙСГЭХИЙГ ОРОЛДОЖ БАЙГАА МЭТ АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА МЭТ ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛОХГҮЙ АЛБААР УДААШРУУЛЖ БАЙГААГ ЕС АНХААРДАГ БОЛОВ УУ?

0  |  0
Top