Манай улс 100 мянган тонн улаан буудайг ирэх жилийн зургаадугаар сарын 1-нийг хүртэл импортлох шаардлагатай болжээ. Мөн улаанбуудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, импортлогч, хэрэглэгчдэд ирэх үнийн дарамтаас сэргийлэх шаардлагатай болсон талаар албаныхан тайлбарлаж байсан. Энэ талаар ҮХААЯ-ны газар тариалан хариуцсан мэргэжилтнээс тодруулахад "Улаанбуудай импортлохоор болсон. Гэхдээ энэ талаарх мэдээлэл гаргахаар бидний ажилд саад болох магадлалтай. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Манай улс өнгөрсөн жил 48 мянган тонн улаанбуудай нөөцөлж байсан бол энэ жил 27.4 мянган тонн улаанбуудай нөөцөлжээ. Энэ жилийн хувьд улаанбуудайн нөөц хомсдоогүй ч өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй бага байгаа юм байна. Долларын ханш өсөх тусам буудайн үнэ нэмэгддэг болохоор нэг ёсондоо үнийн хөөрөгдөл, буудайн хомсдлоос урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү ОХУ болон Kазкастанаас 100 мянган тонн улаанбуудай импортлохоор болсон байна.
"Улаанбуудай импортлосноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бас нэг том дэмжлэг болж өгч байгаа юм. Нэг ёсондоо эцэг эхчүүд хүүхдүүддээ хятад, орос печень авч өгөхгүй. Аль болох монгол цайны печень авч өгөх боломжийг бий болгоно гэсэн үг. Энэ боломжийг нээхийн тулд улаан буудайн нөөцийг их хэмжээгээр бүрдүүлж, үнийн хөөрөгдөлтөөс ангид байснаар иргэдийнхээ худалдан авах боломжинд нийцүүлж байгаа бодлого юм. 100 мянган тонн улаанбуудай манай орны нөөцөд байснаар ихдэхгүй. Тооцоо судалгааны үндсэн дээр гаргасан тоо" гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Энэ жил ургацын нөөц дуусаагүй ч гэсэн өмнөх жилийнхтэй харьцуулахад бага учир үнийн хөөрөгдөл, улаан будайн хомсдлоос ангижрахын тулд ийнхүү их хэмжээний буудай импортлохоор болжээ.
Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )