Тойм: Анхаарал татсан 7 асуудал

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

 

Оны сүүлийн сар  дундаа оржээ. Хэн хүнгүй хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар хүлээж байгаа энэ өдрүүдэд улс оронд анхаарал татсан олон үйл явдал болж байгаа нь дамжиггүй. Тэдгээрээс Зиндаа.мн-ий долоо хоногийн тойм долоон асуудлыг онцолж байна.

 

Ордны гадаах МАН-ын бодлого, дуу хоолойг улстөрд утгаар нь хүргэх үүрэг шилжив

МАН бүлгийн дарга Н.Энхболд энэхүү албаа хүлээлгэн өгөхөөр болсноо долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Намынх нь шинэхэн Генсек Ж.Мөнхбат түүний энэхүү үйлдлийг улстөрийн их том соёл гэж үзэж буйгаа илэрхийлснээс үзэхэд ч МАН-ын удирдлагууд УИХ дахь бүлгийн даргаа өөрчлөх асуудал дээр байр суурь нь тодорхой байсан гэхэд болно. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж,  УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг сонгосон  юм.  Тус намыг ирэх жилүүдэд, тун ойроор ярьвал 2016 оны сонгуульд улстөрийн хүчний байр сууриар нь дахин өөрөөр таниулахад чухал үүргийг хүлээх нэгэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байх ёстой. Улстөр, ордны гадаах МАН-ын бодлого, дуу хоолойг улстөрд утгаар нь хүргэх, тэрдундаа АН засаглаж байгаа энэ цаг үед хүчтэй сөрөг хүчний байр суурийг харуулах, хийж чадах шаардлага УИХ дахь МАН-ын гишүүдийн өмнө байгаа. Тэр ч үүднээсээ МАН-ын бүлгийн даргын томилгоо анхаарал татсан асуудал мөн юм. С.Бямбацогтын хувьд  МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан, туршлагатай.  Тэрээр томилогдсоныхоо дараа “-Сөрөг хүчний буюу цөөнхийн бүлгийн дарга хийнэ гэдэг бол амар ажил биш. хариуцлагатай, санаачлагатай, идэвх чармайлт гаргаж ажиллах ёстой. Дарга гэхээс илүүтэйгээр зохицуулагч менежер гэж ойлгож байгаа... Бидний өмнө хийх олон ажил байна. Цөөнхийн буюу сөрдөг бүлэг гэхээс илүүтэйгээр бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүгдийг хийнэ гэж бодож байна.” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

 

Талийгаач бүсгүйн хэрэгтэй  зэрэгцэн Консул байгуулах тухай яригдав

Гадаад орнуудад ажиллаж, амьдардаг Монголчуудын эрх ашиг зөрчигдөх явдал цөөнгүй гардаг гэдгийг бид мэднэ. Тэр болгонд тухайн улс оронд манай ЭСЯ, Консулын газар байна уу, байдаг бол иргэдийнхээ төлөө юу хийж дийлдэг вэ, чадамж нь юу вэ гэхчлэн асуудал тавигддаг. Тэгвэл 500 гаруй монгол иргэн сурч, ажиллаж амьдардагаас гадна  цөөнгүй монголчууд ирж, очдог Малайз Улсад Монгол Улсын иргэдийн эрх, эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал удаа дараа гарч ирсний дараа тус улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх нь нэн чухал болоод байгааг сайд Л.Болд хэллээ. Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан иргэн Ш.Алтантуяагийн хэрэг, хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэрэг шийдэгдэхгүй ихээхэн хугацааг өнгөрч байгаагийн араас Монгол Улсын иргэн 25 настай   Э гэгч бүсгүй учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гараад байгаа. Тиймээс ч Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз Улсад Монгол Улсын  консулын төлөөллийг нээх асуудлыг Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлсэн нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байв. Түүнчлэн Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг Малайзад очиж талийгаач бүсгүйн цогцсыг нутагт нь авчрахаар болсон. Тэд өнөөдөр тус улс руу явах юм.

 

 

Популизмыг дэмжихгүй гэсний дараа гишүүд Ерөнхийлөгчтэй “хөтлөлцөв”

Бүгдээрээ гар гараасаа хөтлөлцөөд “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжилт хийх тухай санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч сард гаргасан билээ. Тэгвэл энэ томоохон сэдэв өнгөрөгч долоо хоногт ч нийгмийн анхаарлын төвд байлаа. Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл болох 300 гаруй хүнтэй “Зангиагүй уулзалт” хийсэн юм.  “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго зорилтууд болон түүний хэрэгжилтийн талаар санал солилцохоор, энэ тал дээр бүгдээрээ нэгдсэн ойлголттой болох зорилгоор уулзсан юм. Улмаар талууд уулзалтыг үр дүнтэй боллоо гэж харцгаасан. Ерөнхийлөгч “...Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжинэ гээд зарлачих” хэмээн хэлж байсан. Тодорхой хэлбэл Монголын хэвлэл мэдээллийн байгууллага улс төрчдийн халаас, хэтэвчинд бойжиж байгаа энэхүү байр байдлыг өөрчлөхийн тулд хэвлэлийнхэн улстөрчидтэй гэрээ хийх биш нийгэмд жинхэнэ баялаг бүтээж байгаа бизнесийнхэнтэй ойрхон байх нь зөв гарц гэдгийг тэр хэлсэн.  Мөн “Улстөрчид бол салхи дагадаг хүмүүс. Хууль гэнэт гарчихдаггүй. Иймд бизнесийнхэн явцын дунд нь алдаа дутагдлыг нь засах хэрэгтэй” гэсэн юм. Бас бизнесийнхэн аливаа хууль журмыг гарсных нь дараа дуугарахаас гадна, гарахаас нь өмнө шийдвэрт нь нөлөөлөх боломж бололцоогоо дутуу ашигладаг тухай яригдлаа. Тэгэхдээ тэр нь улстөрчдийг лоббидох гэсэн утга бус. Харин хэвлэлийнхэнтэй хүч хавсран эрүүл шийдвэр гарахад нь нөлөөлөх ёстой гэсэн агуулгатай байв. Нэг ёсондоо бизнесийн салбарынхан  хэвлэлийнхэнтэй  хамтарч ухаалаг төрийг хөрсөнд буулгаж, түмэнд ойртуулсан салхийг сэвэлзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах талаар ярьсан нь оролцогчдыг талархлыг ихэд хүлээсэн юм. Мөн Ерөнхийлөгч хэлэхдээ Том төрөөс ухаалаг төр болж шилжихийн тулд төр юм болгон руу хутгалдаж орох биш. Институт бүрт  өөрийн хийх ёстойгоо л хийх боломжийг олгохын чухлыг хэлж байю. Түүнчлэн “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих явцыг хуулийн хүрээнд хийх хувьсгал хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхийлөгч хэлсэн бөгөөд энэ хувьсгалтай холбоотойгоор 13 хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн барина гэдгээ хэлсэн байгаа.

За мөн өнгөрөгч долоо хоногт “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар болон УИХ-ын бусад гишүүд дэмжиж, Тунхаг бичигт гарын үсэг зурсан үйл ажиллагаа боллоо. Тунхагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ дахь Иргэний зориг-ногоон намын дарга С.Оюун, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар болон УИХ-ын бусад гишүүд гарын үсэг зурлаа.

 

 

Худалдагдсан сэтгүүл зүйн эрэлд гарсан нь..

Өнгөрөгч долоо хоногт анхаарал татсан үйл явдлуудын нэг бол Монгол HD телевизийн зүгээс “McDonalds Монголд ирлээ” гэх зар сурталчилгааны чанартай мэдээллийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион байгуулалттайгаар тараасныхаа дараа Монголын худалдагдсан сэтгүүл зүйн үнэн дүр төрхийг  илчиллээ гэсэн дүгнэлт хийсэн явдал байв. Хаанаас нь ч харж, авч үзсэн зар сурталчилгааны агуулгатай энэхүү мэдээллийг тэд тараах болсон үндэслэл  нь Сэтгүүл зүйн салбарынхаа төлөөх тэдний сэтгэл зовинолтой нь холбоотой байхыг үгүйсгэх аргагүй ч, тэд Монгол улсад хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх нэг үндэс нь арилжааны хэвлэл мэдээллийн оршин байх боломж гэдгийг огтоос мэдэхгүй мэт үйлдлийг хийснийг нь бас хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Тэдний зүгээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ шалгаж, шалгалтад унагааж, идээ бээрийг нь илчилсэн мэтээр хэлж яриад байгаа үйлдлээ гүйцэлдүүлэхдээ сонгосон мэдээ нь  зар сурталчилгааны чанартай байв. Ийм мэдээлэл тухайн байгууллагын маркетингийн албаар эхэлж орж, улмаар редакцийн босгоор давж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгддэг нь үнэн. Түүнчлэн Зар сурталчилгааны тухай хуульд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага захиалагчийн сурталчилгааны мэдээлэл үнэн бодит эсэхийг нягтлах эрхтэй талаар заасан байдаг ч, нягтлах үүрэгтэй, нягтлаагүй тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж заагаагүй байдаг гэдгийг хэлэх нь зөв болов уу. Арилжааны гэх тодотголтой хувийн гэх статустайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд МҮОНТ шиг ард түмний татварын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаггүйн хувьд ч тэр бизнесийн агуулгатай зар сурталчилгааны чанартай мэдээллүүдийг нийтэлж, нэвтрүүлдэг. Тэгж орж ирсэн мөнгө нь тухайн редакцийн хувьд нийтлэлийн бодлогоороо улстөрийн нам хүчин юм уу, эрх баригчдын дарамт шахалтын дор амь тэмцэхгүй байх боломжийг олгоход чиглэгддэг. Гэтэл Монгол HD телевиз нийгмийн төлөө оюунаа чилээдэг салбарынхныхаа энэхүү нийтлэг эрх ашгийг хэт эндүү харж, буруу тодорхойлж нийгэмд хүргэсэн юм.

 

 

Инфляцийг номхруулах амар биш...

Инфляцийг намхан хэмжээнд барина гэсэн улстөрчдийн гэгээн зорилго тийм ч амар биелэгдэх боломжтой эд биш гэдгийг статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Учир нь хэрэглээний үнийн улсын индексээр тооцсон инфляци  өссөн үзүүлэлттэй гарсан нь өнгөрөгч долоо хоногийн анхаарал татсан мэдээллүүдийн нэг байв. Тодруулбал, инфляци өмнөх сараас 1.3  хувь, оны эхнээс 11.1 хувь, жилийн өмнөхөөс 12.0 хувиар тус тус өсчээ. Ингэж өсөхөд орон сууц,  цахилгаан, түлш, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, усны  үнийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Эрх баригчид хэлэхдээ төсөв, мөнгөний бодлого уялдаад байгаагийн үр дүнд инфляцийг хазаарлаад байгаа гэж буй. Тэгэхдээ үнэ тогтворжуулах гэх тодотголтой хөтөлбөрүүд хэрэгжүүлээд байгаа ч, тэдгээрийн цаг үе, үйлчлэлийн хувьд ямар байв гэдэг дээр өөр асуудал яригдахаар байгаа юм. Хөтөлбөрүүдийн хүрээнд түлш, барилга,  хүнсний гол нэрийн бүтээгдхүүн мах, гурил гэхчлэн инфляцид жин дардаг барааны үнийг барина гээд байсан ч, бодит байдал дээр тийм нааштай үр дүнг наашлуулж чадаагүйг инфляцийн өсөлтийн шалтгаан болоод байгаа хүчин зүйлүүдээс харж болж байна.

 


Р.Амаржаргал үлдэж харагдсантай зэрэгцэн Ц.Оюунбаатар  өөрийгөө шалгуулахаар болов

УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад хандан гаргасан Р.Амаржаргал гишүүний асуудал сарын нүүрийг үзэж байж албан ёсоор хэлэлцэгдсэний эцэст түүнийг албан ёсоор бол ангиасаа явуулахгүй гэх шийдвэрийг гишүүд гаргалаа. Чуулганд тун ховор суудаг гишүүд хүртэл ирж 64-үүлээ цуглаж байгаад түүний асуудлыг хэлэлцсэн юм. Харин Р.Амаржаргал явах гээд байгаа үндэслэлээ Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр гарсны дараа хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэрээр -Улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу, эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлж хийх үү, Мэргэжлийн, мэргэшлийн ур чадвартай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу, Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү, Цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоо харгалзах уу, Шинэчлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент уу, эсвэл шинэчлэлийн хэлбэр хөөсөн парламент байх уу, Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биендээ барьцаалагдан аалзны тороо сүлжээд явах уу гэхчлэн улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрхзүйн маш олон асуудлыг хойшлуулашгүй шийдэх чадвартай парламент Монголд хэрэгтэй байна. Гэтэл тийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлага би хүлээх ёстой гэж үзэж байна." хэмээн мэдэгдсэн юм.

Тэгэхээр агуулгыг нь авч үзвэл тун чухал ийм үндэслэлүүдийг нэгэнтээ гаргаж ирсэн хүн гишүүдийн шийдвэрийг даган үлдэж, аалзны торыг хамтдаа сүлжих үү, эсвэл торноос гарч явах уу гэдэг асуулт анхаарал татсан хэвээрээ байна. УИХ-ын нэг гишүүний асуудал ийнхүү өөрийн сонголттой нь холбоотойгоор үлдэж байгаа бол бас нэг гишүүний асуудал анхааралд орж ирлээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Авлигатай тэмцэх газрын дарга Н.Гандболдод хандан өөрийгөө шалгуулах хүсэлтийг тавьсан нь анхаарал татсан үйлдэл байв. Налайх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байсан Н.Энхээ нь хэд хэдэн телевизэд  ярилцлага өгөх үеэрээ “УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын татварын олон булхайг мэднэ” гэж мэдэгдсэн нь түүнийг ийнхүү өөрийгөө шалгуулах хүсэлт гаргахад хүргэжээ. Тэрээр авлига болоод бусад хэрэгт холбогдсон нөхцөлд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзан шалгуулах бүрэн боломжтой гэдгээ хүсэлтдээ дурдсан байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлж байж шалгах учиртай тул АТГ-ын зүгээс дараагийн алхмыг хийх болов уу.

 

Амиа бодсон, шимэгчид үүрлэснийг алтан хараацайнуудын нэг зарлав

Өнгөрөгч долоо хоногт Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаны 24 жилийн ой тохиож, Ардчиллынхан Соёлын төв өргөөнд баярын хурлаа хийсэн юм. Арга хэмжээнд ардчиллын түүхийг анхлан бичилцэж явсан хүмүүс, ардчилсан намын гишүүд, дэмжигчид оролцсон юм. Тэгвэл хуран чуулсан эрхмүүдээс анхаарал татсан үгсийг ардчиллын анхны алтан хараацайнуудын нэг, Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам хэллээ. Тэрээр намын нөхөд, төр засагт бялдуучлаагүй гэдгээ үгийнхээ эхэнд онцолж байв. Улмаар “Өнөөдөр нэр төрөө бодсон үг хэлээд суух нь зохимжгүй юм. Бид 24 жилийн өмнө ардчиллын төлөө тэмцэж өнөөдрийг хүрсэн. Бид авлигачдыг тэжээсэн байна. Бид ийм нийгмийг хүсээгүй. Тиймээс өнөөдөр тэмцлийн өдөр. Төр засаг, эрх мэдэлтнүүдийн дунд бугласан шударга бус байдал, амиа бодсон ашиг хонжоо хайсан бүхэнтэй тэмцэх, цэвэрлэх өдөр юм. Монголд шударга ёсны төлөө тэмцдэг хүн цөөхөн болсон. Монголын Ардчилсан холбоо ургамлаар бол үндэс нь юм. Тэр үндсийг дагаж мөчир салаа ургасан. Тэр бол намууд юм. Энэ намуудаар дамжиж, Ардчилсан намаар халхавч хийсэн, залилж мэхэлсэн увайгүй хүмүүсээр дүүрсэн. Ардын нам, Ногоон нам, Иргэний зориг зэрэг бүх намд амиа бодсон, шимэгчид үүрлэсэн байна. Монголын төр зөөлөн чихтэй, хараа хурцтай, хүнийг сонсдог, хүнд үйлчилдэг байх ёстой. Хүмүүст боломж олгох ёстой. Монголын Ардчилсан намд газрын хулгайчид, ичгүүр сонжуургүй хүүхдийн паркийг шууд аваад иддэг хулгайч нар шавсан байна. Энэ хүмүүс хариуцлагаа хүлээх учиртай. Энэ тэмцлийн өдөр шүү. Амьдрал бол инээдмийн жүжиг юм гэсэн үг бий. Энэ инээдмийн жүжгээс татгалзаж ухаалаг амьдраач. Төрийн алба танил тал, нам намын шахааны хүмүүсээр дүүрлээ. Жишээ хэлье, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд нам намын шахааснууд орчихоод ажил нь явахгүй байна. Төрийн албаныхан “Танай намын хүн, миний намын хүн”гэцгээж байна. Манай улсад Монгол гэж ганцхан дээвэр бий. Өнөөдөр баярлах биш, тэмцэх өдөр шүү гэж хэлэх гэсэн юм.” хэмээсэн нь ардчиллын өдөр сонсогдсон хамгийн хатуу үгс байв.

Болор 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top