Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Төрөх эмнэлгийн байр нь 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд "Бороо гоулд" ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж, монголын ард түмэнд бэлэглэжээ. Нийт өртөг нь 9.2 тэрбум төгрөг аж. Үүнд эмнэлгийн барилга 11169 м2, гадна дулааны болон цэвэр бохир усны шугам, дизель станц, асфальтобетон зам, явган зам, зүлэгжүүлсэн талбай, эмнэлгийн гаднах гэрлэн хаяг зэргийг багтжээ. Шинэ барилгыг өнгөрсөн зургадугаар сарын 15-нд ашиглалтад оруулж, эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар барилгын таван давхарт орчин үеийн вакум хагалгааны нэг, энгийн хагалгааны хоёр өрөөтэй, 3, 4 дүгээр давхруудад 100 ортой эмэгтэйчүүд, 50 ортой нярайн эмчилгээний хэсэгтэй, 2 дугаар давхарт параклиник, ариутгал, эмийн сан, хурлын заал, сургалтын танхимууд, нэг дүгээр давхарт амбулатори, хүлээн авах, зоорийн давхарт ажилчдын цайны газар, хувцас солих өрөөнүүд, угаалга, дезкамер гэх мэт зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )