Тусыг усаар хариулж үнээ нэмсэн компаниудаа нэрлэнэ үү

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 02

Барилга, хот байгуулалтын яаманд хаяглав

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнэ тогтворжуулах” хөтөлбөрт багтан, хөнгөлөлт хүртсэн боловч 18 компани үндэслэлгүйгээр үнээ өсгөсөн тухай Танай яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөнгөлөлтийг нь эдэлчихээд үнээ өсгөсөн барилгын компаниудад ярьсандаа байгаарай, чадахгүй бол чаддагийг нь оруулна гэж сануулсан билээ.

“Миний хаяг Монгол” иргэний санаачилгын төлөөлөл танай яамны газрын даргаас аль компани хичнээн төгрөгний дэмжлэг авсан тухай асуухад аж ахуйн нэгжийн асуудал гэсэн утгатай зүйл ярьж, хянаж шалгаж үүрэг байхгүй хэмээн хариулсан байна. Орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөрт зааснаар бол танай яам гардан хэрэгжүүлэгч хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, хяналт тавих үүрэг хүлээсэн байна.

Хэзээ, хаана, юу болж буйг иргэд сайн мэдэж, хот, дүүрэг, аймаг тус бүрээр үнийн индекс гарч байж, сонголтоо зөв хийнэ, түүнд нь та бүхэн туслах үүрэгтэй. Ямар нэртэй, яг хэдэн компани хөтөлбөрт хэрхэн хамрагдсан, хэдий хэмжээний зээл, дэмжлэг хүртсэн, аль нь тусыг усаар хариулсанд нь ямар хариуцлага тооцсон, мөн үнээ хямдруулан сайн жишээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжийг ч нэрлэн зарлаж, иргэдээ ил тод мэдээллээр хангахыг уриалж байна.

“Миний хаяг: Монгол” иргэний санаачилга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top