Урантай болоод ураныг ашиглах сонирхолтой улс орнуудын эрх баригчидтай хуйвалдсан тохироог хийж чаддаг Францын Арева компани манай нөхдүүдийн учир начрыг эвтэйхэн гэгч нь олоод тодорхой хугацаа өнгөрчээ. Фукушимагийн Атомын цахилгаан станцын ослын улмаас ихээхэн бэрхшээлтэй тулсан Наран улс дахь бизнес буюу АЦС барих төлөвлөгөөгөө тасалдуулахгүйн тулд ИДФ Энержи болон Тошиба компанийн охин компани зэрэг цөмийн эрчим хүчний салбарт ашиг сонирхол бүхий компаниудтай хамтран ослын цар хүрээг дарж мэдээлэх тал дээр Японы засгийн газартай хуйвалдсан гэгддэг Арева өнөөдөр манай засгийн эрхмүүдтэй ч хуйвалдсан байж болзошгүй байгаа юм. Учир нь Арева компанийн охин компани “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосны шанд мал сүрэг тэрдундаа төл мал нь олноороо үрэгдэх болсон таагүй мэдээ гараад он дамнажээ. Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн тугалууд үхсэн тухай мэдээлэл анх гарснаар Кожеговь компанийн үйл ажиллагаатай холбон харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Харин ЦЭГ-ын зүгээс “Кожеговь” ХХК-ийг одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн гээд тас өмөөрсөн ч, нөхцөл байдал сэрэмж дагуулж байгаа тул холбогдох газруудаас шинжилгээ хийсэн юм. Улмаар Мал эмнэлэг, үржлийн газраас шинжилгээ хийгээд “...Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэсэн их л агуулга өргөн мэдээллийг гадагшлуулсан юм. Гэхдээ тодотгон хэлэхэд Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс эхлээд гаргасан мэдээлэлдээ эцсийн дүгнэлт гарсан гэх үгсээр дүгнэлтээ төгсгөсөн бол хоёр өдрийн дараа залруулга хийхдээ “эцсийн хариу гараагүй байгаа болно” гэх таван үгийг нэмсэн юм.
Харин одоо бол Кожеговийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүс нутагт мал үхээд байгаагийн шалтгааныг уранаас бус хүхрийн хүчлээс болсон гэх таамаглалууд хөвөрч байгааг бид УИХ-ын гишүүдийн хэлж ярьж байгаагаас хараад буй. Харин нөгөөх Ареваг зад өмөөрдөг Цөмийн Энергийн Газрын зүгээс шинжилгээний хариуг гадны лаборатори руу явуулсан болж таараад байгаа.
Гэтэл бодит байдал дээр юу болоод байгааг Цөмийн эсрэг тэмцэгч Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Холбоо”, “Монгол Улсын Төлөө Зүтгэе” офицерүүдийн холбоо, “Хувиараа Тээвэр Эрхлэгчдийн Холбоо” зэрэг ТББ-уудын төлөөлөгчдийн газар дээр нь очиж судлаж, малчид иргэдтэй санал солилцсон мэдээллийг Golomt.org-оос иш татан өгүүлэхэд:
-Хэвлэлээр малчин Норсүрэнгийн 22 бяруу үхсэн гэж мэдээлдэг. Гэвч бодит байдал дээр үхсэн малын тоо түүнээс хавьгүй их, бараг өрх бүрээс төдий хэмжээний мал зүй бусаар хорогдсон ба нийт тооцоогоор 700 орчим мал үхсэн байх магадлалтай байна. Нэн ялангуяа Аревагийн ойролцоо нутагтай Аргалантын 3-р багийн малчдын мал сүүлийн 2 жилд олноор хорогджээ. Түүнчлэн мал хээл хаях, гаж төрөх явдал элбэгшиж, учир битүүлэг өвчний улмаас нийт малын нүд ѳвдөж, хүүхэн хараа нь цайсны учрыг малын эмч нар ч оношилж чадахгүй байгаа ажээ. Шинээр төхөөрсөн малын уушги, элэг нь хар цагаан толботой, цэврүүтсэн, идээ бээр гүйсэн, дотор эрхтнүүд нь сэмжтэйгээ наалдсан, тэр бүү хэл, амьгүй төрсөн хурга ишигний элэг, уушиг хүртэл толботой байх болжээ.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малын дотор эрхтэний зураг.



-Мөн газар дээр нь очоод ирсэн хүмүүийн өгүүлж буйгаар мал сүрэг нь олноороо үхэж, гажигтай амьтай, амьгүй тѳл гаргах болсонд малчид сэтгэл санааны дарамттай, айдастай, малаа ѳсгѳх урамгүй байгаа нь ажиглагджээ. Малчид өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд түгшиж байгаа ч мэдээ мэдээлэл тун хомс байдаг байна. Тэд ураны тухай мэдэхийг маш их хүсч ураны тухай мэдээлэл гарч магадгүй гэж телевизийн сувгаа сольж байдаг тухай ч ярьсан. Малчдын дунд сүүлийн жилүүдэд хөл гар нь тэсэлгүй бэрх өвддөг болж, таяг тулах болсон, цусны даралт ихэссэн, мөн хараагүй болж сохорсон тохиолдлууд гарч байна. Саяхан Аргалант багийн 30-аад иргэд элэгний биохимийн шинжилгээнд хамрагдсанаас тал хувь нь элэгний өөрчлөлттэй гарчээ. Түүнчлэн сум нийтээрээ хуурай ханиаж, биеэр нь юм туурч байгаа аж гэсэн байгаа юм.




Ер нь бол цацраг идэвхит уранд гинжин задрал явагдахад олон төрлийн аюулт элемент үүсдэг. Эдгээр цацрагт элементүүд дотроос нүдэнд үл үзэгдэх, өнгө үнэргүй радон хий онц аюултай. Уран олборлож байсан олон мянган уурхайчид ураны хүдрээс ялгарсан радонд хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирсон эмгэнэлт түүх олон улсад бий. Радон xийн задралын хугацаа харьцангуй богино, 3.82 хоног хэдий ч хүнд хортой нөлөө үзүүлэгч байгалийн гаралтай ионжуулагч цацрагийн дийлэнх нь радоноос үүдэлтэй ажээ. Тухайлбал, радон нь агаараас найм дахин хүнд хий учир газрын гадаргуутай ойрхон оршдог ба хэдхэн хоноод задрахдаа ардаа олон цацрагт бодис, түүний дунд плутониос ч илүү хортой полони үлдээдэг нь өвс ургамалыг хордуулдаг байна. Радон нь салхинд туугдан хэдэн зуун километрээр байршилаа сэлгэх чадвартай. Өнгө, үнэр, амт үгүй тул радоныг илрүүлэх, нэн ялангуяа гадна задгай талбайд тархсан тохиолдолд хэмжиж илрүүлэхэд асар хүндрэлтэй байдаг.
Радон хийгээр амьсгалах нь уушигний хорт хавдар үүсгэдэг нь эрүүл мэндийн олон судалгааны хөдлөшгүй баримтаар батлагдсан. АНУ-ын Байгаль Орчны Хамгааллын Агентлагийн (EPA) мэдээнээс үзэхэд (2) тамхи татдаггүй хүмүүсийн хувьд уушигны хорт хавдрын гол үүсгэгч нь радон хий байдаг бөгөөд АНУ-д жил бүр 21,000 хүн радон хийнээс үүдэлтэй уушигны хорт хавдраар нас бардаг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2009 онд гаргасан радоны тухай нийгмийн эрүүл мэндийн гарын авлагад (3) радон нь уушигны хорт хавдар үүсгэхээс гадна цус, тунгалаг эс, чөмөг, ходоодны хорт хавдар болон зүрх судасны өвчинтэй ч холбоотой тухай дурьджээ гэхчлэн өгүүлсэн байгаа юм.
Тэгэхээр ийм маягаар бидэнд ирж байгаа мэдээллүүд нь ураны хайгуул, олборлолт, ашиглалт нь эдийн засгийн үр ашигтай байж болох ч, хүн, амьтан байгаль орчинд учруулах хор уршигийн хувьд ихээхэн сөрөг нөлөөтэй гэдгийг бидэнд сануулсаар байна. Ер нь бидэнтэй олон жилийн өмнөөс сэрэмж дагуулан танилцсан гашуун жишээ бол Чернобылийн АЦС-ын ослын улмаас олон жил шаналан амьдарч байгаа хүмүүсийн эмгэнэлт түүх шүү дээ.
Гэхдээ нэгэн таатай мэдээг дуулгахад дэлхий даяар уранаас татгалзах хандлага нэмэгдэж байна. Тэр дундаа ураны донтон Аревагаас Африкчууд татгалзаж чадаж байгаа тухай таатай мэдээ байгаа юм.
Хар тив өөрийгөө хамгаалж эхэллээ
Арева компани Конго улс дахь уран олборлолтоо зогсоогоод байгаа талаар та дуулсан болов уу. Тэгвэл тэрхүү үйл явдал нь эх орныхоо төлөө тэмцэгчдийн тэмцэл, зүтгэлийн үр дүн гэдгийг тодруулан хэлэх нь зөв болов уу. Тэдний тэргүүлэгч бол Ардчилсан Конго улсын Анти-Нуклеар үзэлтэн Голден Мисабико юм. Тэрээр “Конго улс байгалийн их баялагтай. Шинколобвэ уурхайн ураны хүдрийн орц 65-70% гэдэг нь дэлхийн дээр хамгийн их хэмжээ юм. Эхлээд Белгийн колончлогчид 1000 тонн уран олборлож АНУ-д зарж байсан бөгөөд эндхийн уранаар Хирошима, Нагасаки дээр хаясан атомын бөмбөгийг хийсэн юм. Белгүүд явсны дараа уурхайг цементээр таглаж битүүлсэн боловч 1990 оноос хойш хулгайн аргаар олборлох болсон”.хэмээн “Атомын Африк” баримтат киноны нээлт Германы Хэрфорд хотод болох үеэр ярьсан байна. Тэрээр нээлтийн үеэр “Африкт уран олборлолт өвчин үхэл авчирч байна” гэсэн сэдэвтэй илтгэл тавьсан аж. Түүний илтгэлд өгүүлснээр Арева 2009 онд Конго улсад орж ирсэн бөгөөд Францын ерөнхийлөгч Саркози, Арева группын дарга Anne Lauvergeon айлчлалынхаа үеэр Конгийн засгийн газартай Конго улсын ураныг олборлох гэрээ хийсэн аж. Харин Мисабико тэрхүү гэрээг ил гаргаж тавьсны улмаас шоронд хоригдсон аж.
Конгийн засгийн газар парламентаараа хэлэлцүүлэлгүй Ареватай гэрээ байгуулснаар улсынхаа бүх нутаг дэвсгэрт ураны хайгуул хийх, олборлох боломжийг тэдэнд олгосон байсан аж. Ийм гэрээг нь ил болгосон Мисабиког шоронд хорьсны дараа Эмнести Интернэшнл зэрэг олон улсын байгууллагууд болоод Хилари Клинтон зэрэг нэр бүхий хүмүүсийн түүнийг сулла гэсэн шаардлагын өмнө Конго улсын эрх баригчид бууж өгсөн байдаг. Харин Мисабико одоо ярихдаа “Надад ийм зүйл тохиолдоно гэж бодож байсан, гэхдээ хэн нэгэн дугарах хэрэгтэй байлаа.Тус гэрээ одоо ч хүчинтэй байгаа. Гэхдээ өнөөдөр Конго улсад уран олборлолт хориотой болсон. Хөрш орон Нигерчүүд шиг болох вий гэсэн айдас Конгчуудыг ураны эсрэг хүчтэй тэмцэлд татан оруулсан. Нигерт Арева уран олборлож, маш их ашиг олж байгаа ч Нигерчүүдэд хүртээлгүй байна. Конго, Нигер улсууд байгалийн баялаг ихтэй ч дэлхийн хамгийн ядуу орнуудад ордог. Нигерт уран олборлолтын ашгийн зөвхөн 5% үлддэг” гэсэн байна.
Тодотгоход, Конго бол цөмийн хөтөлбөр боловсруулсан африкийн анхны орон. Конго улс туршилтын реактор ажиллуулж байснаа зогсоож цаашид хэрэглэхгүй болохоор шийдвэр гаргажээ.Мөн Мисабико хэлэхдээ: “Нэг талаас Хирошимагийн атомын бөмбөг, нөгөө талаас 20 жилийн дараа Нигер улс шиг болохоос сэрэмжилж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Уран олборлолтын үед, тээвэрлэлтийн үед мөн хэрэглэгээний ба хаях, булах бүх үе шатуудад тооцоолон хянах , хамгаалах боломжгүй аюулууд байна”. “Фукушимагийн асуудлыг техник, технологийн өндөр хөгжилтэй Япон шийдэж чадахгүй байна. Хөгжингүй орнуудын эзэмшиж чадахгүй байгаа зүйлийг боловсролын түвшингээр хоцорж яваа Африк чадах уу?” хэмээн ярив.
Өдгөө Мисабико уран олборлолтын болон цөмийн энергийн хэрэглээний эсрэг Африкийн холбоонд ажиллаж байна. Тэр “Мали улсад уран олборлох талаар бүх ард түмний санал асуулга зохион байгуулахын төлөө ажиллаж байсан боловч Францчууд түрүүлээд орж ирсэн. Иргэний дайны шалтгааныг тэд бий болгодог, Тэдний оролцоогүй юм гэж хуучин колонид нь байдаггүй” хэмээн ярьсан байна.
Тэгэхээр дандаа л баялгаа цөлмүүлж, өлсөж, ядарч ирсэн гэгддэг Африкчууд Аревагийн эсрэг зогсож чадаж байхад, Ардчилсан Монголын эрх мэдэлтнүүд тэдний хамгаалагчийн дүрээр дуугарах нь хэр зохистой юм бол?
Сэтгэгдэл ( 3 )
ur hoichoo bodoh tsag bolson
uranaas uur zunduu baylag bna ene bol togloom bish darui zogsooh n zuitei
uranaar oroldohoo zogsoo