Үндэсний их баяр наадмаар төв цэнгэлдэх рүү автобусаар үнэгүй зорчино

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөгөө гаргаж, олон нийтэд танилцуулахаар болжээ. Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд автомагиныг хөдөлгөөнд оролцуулахдаа урьдын адил “А”, ”Ж”, ”ДК”, “Ү” гэсэн зөвшөөрөл олгоно. “А” зөвшөөрөл  нь “Оюунтүлхүүр” сангийн зогсоолын талбайд байх агаад хоёр дахь зогсоол нь Төв цэнгэлдэхийн ард талын барилгын хашаанд байрлана. “ДК” зөвшөөрлийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах авто угаалгын төвийн зогсоол бол “Ж” буюу жуулчдад зориулсан зогсоол “Оюунтүлхүүр” сангийн хашааны ард талын талбайд байрлана. Харин “Г”, ”Ү” зөвшөөрөлтэй авто машин нь “Japan town” хорооллын автомашины зогсоолын талбайд байрлахаар болжээ. Мөн энэ жилийн хувьд зөвшөөрөл аваагүй тээврийн хэрэгсэлд зориулан сул зогсоол гаргах аж. Тухайлбал, Авто тээврийн газар, 120 мянгатын тойргийн “Jetro” дэлгүүр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ, “Соёолж”, “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолыг ашиглахаар болжээ.

Тусгай зөвшөөрөл аваагүй наадамчид дээрх газруудад автомашинаа байрлуулаад “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобусаар үнэгүй зорчих боломжтой юм. “Г”, ”Ү” зөвшөөрөлийг ЗЦГ-с авах бол бусдыг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа газруудад борлуулна гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top